Урт цагааны барилгыг нурааж, дахин төлөвлөхөөр иргэдээс саналыг https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар дамжуулан авч эхэлсэн билээ. Санал асуулга долоо хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар 2,166 буюу нийт санал өгсөн иргэдийн 96 хувь нь "Цэцэрлэгт хүрээлэн байгуулах"-ыг дэмжсэн байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.
Соёлын түүхэн орон зай "Урт цагаан"-ыг санал асуулга нэрийн дор буулгах нь зөв үү?
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Урт цагааныг буулгаж цэцэрлэгт хүрээлэн барих уу? эсвэл дахин төлөвлөж барилга барих уу? гэсэн санал асуулга явуулж байна. Товчхондоо, энэ санал асуулгын үр дүн нь Урт цагааныг бөөнөөрөө буулгахыг зөвшөөрөх санал асуулга юм. Буулгахгүй хуучин хэвээр нь хадгалж үлдье гэсэн асуулга энд алга. Энэ санал асуулга нь Монгол Улсын анхны модернист барилгыг буулгахыг олонхийн саналаар дэмжүүлэх гэсэн үйл явдал гэж харж байна.
Урт цагааны барилга нь Улаанбаатар хотын орчин үеийн хот байгуулалтын түүхийн биет илэрхийлэл, модернизмын урсгалын төлөөлөл бүхий түүх, архитектурын дурсгал учраас уг барилгыг буулгахыг эрс эсэргүүцэж байна.
Урт цагааны барилга, орон зайд шингэсэн түүх, архитектурын үнэ цэнийг тодорхойлбол:
1. Урт цагааны барилгын зураг төслийг Монгол Улсын хоёр дахь архитектор Б.Дамбийням зохиосон.
2. Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхдугаар ерөнхий төлөвлөгөө (1954-1961 он)-ний дагуу 1961 онд “Үйлдвэр хоршооллын худалдаа, үйлчилгээний нэгдсэн барилга” нэртэйгээр баригдсан.
3. Ашиглалтад орсны дараа Улаанбаатар хотын хамгийн урт цагаан барилга байсан учраас олон нийтийн дунд “Урт цагаан” гэж нэршсэн.
4. Урт цагааны барилга нь Монголын орчин үеийн модернист загвартай анхны барилгуудын нэг.
5. Хоршоологчдын хөрөнгөөр баригдсан Урт цагааны барилга нь Монголын орчин үеийн анхны худалдаа үйлчилгээний төв.
6. Урт цагааны гудамж бол Улаанбаатар хотын хамгийн эртний гудамжны нэг бөгөөд Богдын хүрээ хэмээх хуучин хотын худалдааны төв гудамж байв. Энд анхны гуанз 1857 онд нээгдсэн.
7. Архитектор Б.Дамбийням Урт цагааны барилгын зураг төслийг зохиохдоо хуучин худалдааны гудамжны орон зайн төлөвлөлтийн онцлогийг Урт цагааны барилга, орон зайд тусгаж, уламжлал, шинэчлэлийг хослуулан харуулсан.
8. “Урт цагаан” гэдэг үгийг Улаанбаатарчууд бүгд мэддэг учраас хотын орон зайн таних тэмдэг болдог. Хүн бүрийн мэддэг, байршил заасан ийм таних тэмдгүүд хотын амин сүнсийг бий болгодог.
9. НИТХ-ын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 28/13 дугаар тогтоолоор батлагдсан "Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник, эдийн засгийн үндэслэл" хот төлөвлөлтийн баримт бичигт Урт цагааныг “тусгай хамгаалалтанд авах барилга байгууламж” (2.6.1) гэж үзэж, Нийслэлийн 2-р зэргийн хамгаалалтад авах, мөн шинээр сайжруулахдаа “хэвээр хадгалах”, “фасад өнгө төрхийг хэвээр хадгалах” төлөвлөлтийн зарчим баримтлах, “Дурсгалт цогцолбор гудамж талбай, барилга байгууламж бүхий газар нутаг” хэлбэрээр хамгаалахыг тодорхой зааж өгсөн байна. Хот төлөвлөлтийн энэхүү баримт бичиг эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй.
Сүүлийн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хот байгуулалтын бодлого, түүнийг хэрэгжүүлэгч нийслэлийн Засаг даргуудын үзэл бодол нь хотын түүхийн туршид бий болсон соёлын түүхэн орон зайг устгах, нийслэлийн түүхэн дүр төрхийг өөрчлөхөд чиглэж байна. Эдүгээ Урт цагааныг буулгах санал асуулга нь түүнийг хадгалж хамгаалахад огт чиглээгүй гэдгийг бид харж байна.
Урт цагааныг буулгавал бид Урт цагааны барилгад шингэсэн түүх, архитектурын амин сүнсийг алдахаас гадна Урт цагаан гэсэн хотын иргэн бүрийн мэддэг орон зайн байршил заасан онцгой нэр, таних тэмдэггүй болно.
Урт цагааныг буулгах биш, сэргээн засварлаж, хотын соёлын түүхэн дүр төрх, ой санамжийг хадгалж үлдэх нь хотын захиргааны хариуцлагатай, үндсэн үүргийн нэг байх ёстой.
Сэтгэгдэл (36)