Улаанбаатар хот дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй бонд гаргах зөвшөөрлөө Сангийн яам, Монголбанк, СЗХ-ноос аваад буй. Тодруулбал, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 онд шинэчлэн баталснаар Улаанбаатар хот санхүүгийн зах зээлд бонд гаргах эрхтэй болснор дэлхийн томоохон хотуудын жишгийг дагаж санхүүжилтийн илүү үр ашигтай арга хэрэгсэл ашиглан дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтуудыг шийдэх, санхүүгийн хувьд бие даан ажиллах боломжтой болж байна.
Улаанбаатар хотын бондыг санхүүгийн зах зээлд гаргах үйл явцад тэргүүлэх андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК, дэд андеррайтераар “ТиДиБи Секьюритис ҮЦК” ХХК, “Голомт Капитал ҮЦК” ХХК ажиллах юм. НЗДТГ тэргүүлэх андеррайтер, дэд андеррайтеруудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.
“БиДиСек ҮЦК” ХК-ийн ерөнхийлөгч Д.Даянбилгүүн, “Улаанбаатар хот анх удаа бонд гаргаснаар нийслэлийн хөгжлийн шинэ түүхийг эхлүүлж байна. Энэ бонд нь хөрөнгө оруулагч бүрийн сонирхол татсан, найдвартай үнэт цаас байна гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
“БиДиСек ҮЦК” ХК нь Монголд хөрөнгийн зах зээлийн харилцаа үүссэнээс хойш 31 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй, салбарын тэргүүлэгч компани бөгөөд 2006 онд Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж олон нийтийн компани болж, 2021 онд Монгол Улсын “Шилдэг брокер”, “Шилдэг хөрөнгө оруулалтын банк”-аар шалгарч байсан.
“Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, “Монголын хөрөнгийн зах зээлд түүхэн үйл явдал болж, орон нутгийн бонд гэсэн шинэ бүтээгдэхүүн нэмэгдэж буйд баяртай байна. Энэ нь байгууллагын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татдаг бүтээгдэхүүн” гэв.
“Голомт капитал ҮЦК” ХХК-ийг 2011 онд байгуулсан бөгөөд сүүлийн 5 жилд Монголын зах зээлд зарласан нийт IPO, FPO андеррайтерын үйлчилгээний 40 хувийг дангаар гүйцэтгэсэн зах зээлийн тэргүүлэгчдийн нэг юм.
“ТиДиБи Секьюритис ҮЦК” ХХК-ийн дэд захирал Г.Энхбат, “Засгийн газрын бонд 2015 оноос хойш завсарлаад байгаа энэ үед нийслэлээс орон нутгийн бонд гаргаж байгаа нь хөрөнгийн зах зээлд том дэвшил авч ирлээ. Улаанбаатар хотын бонд нь зөвхөн хөрөнгө оруулагч нарт өгөөжөө өгөөд зогсохгүй нийслэл хотын бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, хотын иргэн бүрд үр өгөөжөө өгнө” хэмээн онцолсон юм.
“ТиДиБи Секьюритис ҮЦК” ХХК нь Засгийн газрын олон улсын зах зээлд анх удаа гаргасан Чингис бондын дотоодын зөвлөхөөр ажилласан. Үүнээс хойш гадаадын зах зээлээс 3.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан, олон улсын зах зээлд ажилласан арвин туршлагатай. Хамгийн сүүлд Монгол Улсад анх удаа АНУ-ын Засгийн газрын бондыг (Treasury Bill) хөрөнгө оруулагч нарт санал болгожээ.
Улаанбаатар хотын бондыг олон нийтэд санал болгоход зуучлагч, баталгаа гаргагчийн үүрэгтэй мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх тэргүүлэх андеррайтерыг НЗДТГ-ын захиалгаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн санал гарган, сонгон шалгаруулсан юм.