Өнгөрсөн баасан гарагт буюу наймдугаар сарын 25-ны өдөр болсон "Боловсролын шинэ сэргэлт" чуулганы үеэр Боловсролын багц хуулийг БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд гардуулсан билээ. Тэгвэл энэхүү Боловсролын багц хуульд багтсан суралцагчидтай холбоотой зарим заалтыг онцлон хүргэе.
- Таван настай хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд заавал хамрагдана. Ингэснээр ерөнхий боловсролын сургуульд ижил түвшний мэдлэг, ур чадвартай суралцагч элсэж, нэг гараанаас ижил тэнцүү суралцах боломжтой болох юм.
- ЕБС-д зургаан нас хүрсэн хүүхдийг элсүүлдэг. Гэвч өсөлт, хөгжил, эрүүл мэндийн болон бусад шалтгаантай суралцагч долоон настайдаа сургуульд элсэх боломж бүрдэв. Мөн сургуулиуд нэгдүгээр ангид элсэх хүүхдээс аливаа хэлбэрээр шалгалт авахыг хориглож, харин суралцагчид ЕБС-ийг заавал 12 жил бүрэн эзэмших ёстой.
- Суралцах хугацаандаа хүүхдүүд эх хэл дээрээ боловсрол эзэмшинэ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа монгол хэл дээр явагдана. Гадаад хэлний тухайд эхний сонголт англи хэл байх юм. Бусад хэл судлах боломж нээлттэй.
- Сурагч уламжлалт танхимын сургалтаас гадна танхимын бус, эсвэл эдгээрийн хосолсон хэлбэрээр суралцах боломжтой.
- Сурагч хэрэв хүсвэл есдүгээр ангиа төгсөөд мэргэжлийн боловсролын сургалт олгох байгууллагад элсэж болно. 12 жилийн боловсролыг заавал эзэмшихээр хуульчилсан учраас мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцах хугацааг 3 жил байхаар хуульд тусгаж, сургууль болон ажлын байранд хосмог хэлбэрээр суралцана.
- Сурагч 12 дугаар ангиа төгсөөд мөн мэргэжлийн болон техникийн боловмролын байгууллагад элсэх боломжтой. Сурагч энэ хугацаанд хос мэрэгжилтэй болж сургууль болон ажлын байранд хосмог хэлбэрээр суралцан төгсөөд шууд ажлын байртай болох боломжтой. Мөн суралцсан хугацааныхаа багц цагийг дүйцүүлэн тооцуулж ЭЕШ өгөхгүйгээр дээд боловсролын шатлан суралцах эрхтэй.
- Дээд боловсролын байгууллагад суралцагч ижил түвшний бусад сургуулийн хичээл болон багшийг сонгон суралцаж болно. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцагчдад зээл, тэтгэлэг, тусламжид хамрагдах илүү олон боломж нээгдэнэ.
- Боловсролын бусад түвшний хөтөлбөрийг зэрэгцсэн болон дараалсан байдлаар шатлан суралцаж болно. Мөн үндсэн мэргэжлээр суралцах хугацаандаа бусад мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрт давхар суралцан хос мэргэжил эзэмшиж болно. Бакалавр магистрын, магистр докторын нэгдмэл агуулгатай хөтөлбөрт суралцан төгсөж түвшин бүрийн боловсролын баримт бичгийг авч болох юм.
Сэтгэгдэл (2)