Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал 47 дахь өдрөө үргэлжилж байна. Уг шүүх хуралд нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг яллагдагчаар татсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг олонхоороо гаргасан шийдвэр буюу Засгийн газрын тогтоолоор шүүгдэж буй. Түүний шүүх хурлын үеэр хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр "1990 онд тог тасрахад үг хэлүүлэхгүй байх хэмээн айдаг байлаа. Сая тог тасрахад энэ танхимд байгаа хэд маань цуглаан хийлээ. 1989 онд хамгийн анхны ардчиллын цуглаан болж байсан. Тэр үед Монгол оронд бид нар ингэж явж болохгүй юм байна, бид биеэ даасан улс, эх орондоо сайхан амьдардаг улс болъё гэх ардчиллын анхны цуглаан болж байв. Юм гэж их сонин. Сая манай ангийнхны цуглаан боллоо. Яагаад энэ танхимд шүүх хурал нь болчихсон юм... Энэ театраас, энэ танхимын үүднээс ардчиллын салхи салхилж байсан юм бол одоо шүүхийн шинэчлэлийн шударга ёсны салхи салхилаасай хэмээн хүсэж байна. Хүн бүхэнд жаргал зовлон тохиолддог. Бид хоёр сар болохдоо бараг хамт олон болсон байна. Энэ 80 хүнээс таних хүн цөөхөн байсан. Одоо бол маш олон хүнийг таньдаг болжээ. Энэ бол зовлон жаргал гэхээсээ илүү шүүхийн шударга ёсны шинэчлэл байгаасай хэмээн хүссэн.
ШҮҮХ ТАНХИМЫН ГЭРЭЛ ГЭГЭЭ НЬ ӨМГӨӨЛӨГЧИД БАЙЛАА
Хоёр сарын хугацаанд нэлээд сайн ярилцсан гэж бодож байна. Тал талаасаа л ярилаа. Их олон зүйл тодорч байна. Хамгийн түрүүнд өмгөөлөгчдөө баярлалаа гэж хэлмээр байна. Манай өмгөөлөгч нар ямар мундаг, хүний эрхийн мэдрэмжтэй, мэргэжилдээ эзэн болсон хүмүүс вэ. Энэ танхимын гэрэл гэгээ нь өмгөөлөгчид байлаа. Хүний эрхийг бид ингэж л хамгаалах ёстой.
Бид 1990 оноос эхлэхдээ Монгол хүний эрх эрх чөлөөний асуудлыг хөндсөн. Үүнд найдвартай манаачид байгаа нь баяр бахдалтай зүйл юм. Ямар шийдвэр гарах нь дараагийн асуудал. Би энэхүү шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг тавьсан. Улстөрч хүнд нэг л зовлон байдаг. Хаалттай зүйл хийчихвий дээ гэж. Хуучин нийгэмд аливааг хаалттай хийхээр ялзардаг байсан. Шүүх хурлыг нээлттэй явуулж өгсөн та бүхэнд их баярлалаа.
ОЛОН ХҮНИЙГ БӨӨГНҮҮЛЖ БАЙГАА НЬ ХҮНИЙ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОСОН ХЭРЭГ
Хөгжлийн банкны хэрэг гээд байгаа юм. Энэ бол эрүүгийн хэрэг гэхээсээ илүү зах зээлийн нийгэмд шилжсэн улс орны хувьд эдийн засгийн зээлийн харилцаа. Хүчээр дарж байгаад зээл өгөөгүй.
Хөгжлийн банкны хэрэг гээд 80 хүнийг хомроглоод, боогоод оруулж ирдэг нь буруу зүйл болсон шүү. Ингэж олон хүнийг бөөгнүүлж байгаа нь хүний хувь заяагаар тоглосон хэрэг. Үүний далбаанд хэнийг ч хамаагүй хэлмэгдүүлж болох нөхцөл байдал үүсэж байгааг эрхэм шүүгчид анхааралдаа авна биз дээ.
Хөгжлийн банк зээлээ төлөвлөх нь зөв. Хөгжлийн банк улс төрийн байгууллага биш шүү дээ. Хөгжлийн банкны хэдэн нөхөд орж ирээд Прокуроруудтай нийлээд энд сууж байгаа хүмүүсийг яллаад байх юм. Зээлээ төлүүлэх гээд байгаа юм уу, Улсын яллагчийнхаа тоог нэмэх гээд байгаа юм уу. Дэмийрээд байх юм. 2022 оны Монгол Улсын Хөгжлийн банкны тайланг УИХ-д ирүүлчхэж ээ. Хөгжлийн банк ПР хийдэг, хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгө төлдөг байгууллага болчихсон юм уу. Ингэж болохгүй. Хөгжлийн банкны гэх хэрэг зээлийн харилцаанаас хэтэрсэн байна. Энэ бол улс төрийн шинжтэй, олон нийтийн тархийг угаасан зүйл рүү хазайсан байна шүү.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 27 мянга гаруй материал нийтлэгдэж байхад амьд үлдэх хүн байхгүй л дээ. Гэм буруугүй үлдэх хүн бараг байхгүй.
ЗАЛУУЧУУДЫН ҮГИЙГ СОНСООД ЭЛЭГ ЭМТЭРЧ БАЙНА
Хүн чанар гаргаад захирлынхаа нэрийг хэлээгүй, хүнийг гүтгээгүйнхээ төлөө энд чирэгдээд ороод ирсэн залуучуудын үгийг сонсоод элэг эмтэрч байна. Төлөөлөн удирдах зөвлөл гээд хомроглоод ороод ирсэн байгаад элэг эмтэрч байна. Би буруутай, зөвтэй гэдгийг нь мэдэхгүй.
Гэсэн ч нягтлах ёстой. Мөрдөж байгаа бол мөрдсөн шиг мөрдөх ёстой. Хянаж байгаа бол хууль дүрмээ ягштал барьж хянах ёстой. Үүнийг хийхгүй байна.
Иргэдийн бухимдлыг Хөгжлийн банкны хэрэг гэгчээр дарж болохгүй. Ингэж хүмүүсийн хувь заяагаар тоглож болохгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)