"Жаргалант уулчдын клуб"-ын дөрвөн тамирчин дэлхийн дээвэр Эверест, дөрөв нь Лхоце уулын оргилд мөрөө гаргаад ирсэн билээ. Бид "Эверест-Лхоце 2023" багийн уулчид болон дасгалжуулагчдын ярилцлагийг цувралаар хүргэж буй. Тус багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч, уулын спортын ОУХМ Б.Ганбаатар ажилласан юм. Түүний хувьд 2006, 2012 онуудад Эверестэд авирсан багийн ахлагч билээ. Тэрбээр уулын спорт болон баг тамирчдын тухай ийн өгүүлэв.
Тэрбээр, "Урд нь далайн түвшнээс дээш 7000 метрийн өндөрт авиралт хийж байсан уулынхаа өндрийг авчихсан, ууланд явах туршлага хуримтлуулсан уулчид байсан. "Эверест-Лхоце 2023" багийн бэлтгэлийг дөрвөн сарын туршид удирдаж, хийлгэсэн. Бид энэ хугацаанд хүч болон биеийн, сэтгэл зүйн бэлтгэл зэргийг системтэйгээр төлөвлөгөөний дагуу хийсэн. Дөрөвдүгээр сарын 2-ноос хойш нөгөө талын компанитайгаа хамтарсан төлөвлөгөө гаргаж, зааврын дагуу нийтдээ 56 хоног явсан. Явсных нь дараа байнгын холбоотой байлаа. Одоо технологи хөгжчихсөн болохоор бүх зүйлээ хоорондоо ярилцаж байсны үндсэн дээр авиралтаа амжилттай хийж, эх орондоо эсэн мэнд хүрч ирсэнд нь бахархалтай байна. Уулчдыг явахад нь гаргаж өгдөггүй. Харин ирэхэд нь сайн яваад ирэв үү гээд угтаж авдаг юм.
Уулчид үнэн хэрэгтээ өөртэйгээ тэмцэж байгаа биш, өрөөлтэй ч тэмцэж байгаа бус энэ бол зөвхөн байгальтай тэмцэж байгаа явдал. Тиймээс уулчинд байгальтай тэмцэж байна гэсэн бодол л байхаас биш хажуудаа авирч байгаа хүнээс түрүүлж, өрсөх ёстой гэсэн сэтгэл байх ёсгүй.
Тэгж ч бэлтгэл хийх ёстой. Залуус маань зорилгоо биелүүлсэн. Манай дөрвөн эмэгтэй Лхоце ууланд авирлаа. Хэцүү уул. Дээшлэх тусмаа хадан авиралт ихтэй. Мөн энэ ууланд мөрөө гаргасан Монголын анхны дөрвөн эмэгтэй болж байна" гэлээ.
М.Дэвээжаргал