Цэцэгсийн дунд орших “кактус”. Түүнийг бүчсэн гоёмсог цэцэгс огтоос айдасгүй, ямар ч өвдөлтгүй ургаж байлаа. Тухайн зургийг хараад ургамлын тухай бус хүний тухай бодсон юм.
Бид ч гэсэн биесээ ийм энхрий дотно, эргэлт буцалтгүй, халуун дулаанаар тэвэрч, хайрлаж чадна. Хэн нэгэн танд кактус шиг өвдөлт мэдрүүлсэн ч ойртох тусам өргөсүүд нь нэг нэгээрээ үгүй болно.
Ийм бодлын үүл нөмөрч зогсоход ханан дахь өнгө будаг, зураас бүр нь надад хүүхдийн ертөнцийн хаалгыг нээж өгсөн юм. Мөн уран зургаар дамжуулан томчуудын харж чадахгүй ч байж мэдэх дотоод хувирал, сэтгэл хөдлөлийг илэрхийлжээ. Түүнээс долоон настай Э.Маралын зураг эрэгтэй эмэгтэй хоёр хүний гунигтай, баяртай мэдрэмжийг улаан болон хөх, цэнхэр өнгөөр ялган зурсан нь ихэд анхаарал татсан билээ. Уйлахдаа хүн ингэж харагддаг юм байх даа хэмээн сониучирхмаар. Үнэн хэрэгтээ бид хүйс, насаар ялгагдах боловч ав адилхан хүмүүс шүү дээ.
Танхим болгонд байх бүтээлүүдийг “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн 1-9 дүгээр ангийн сурагчид зуржээ. Тэд Мираки (UIES МЕRAKI) нэрт уран зургийн үзэсгэлэнгээ дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ бол “"Mongol Art Gallery"-н хоёр, гурав, дөрөвдүгээр давхрыг хулдсан 590 хүүхдийн өнгө будаг, өөр өөр мэдрэмж билээ.
Мираки гэдэг нь "хийж буй зүйлдээ өөрийн мөн чанар, зүрх сэтгэл, бүтээлч байдал, хайраа шингээх" гэсэн утгатай грек үг агаад тухайн үзэсгэлэнгээс олсон орлого буюу хандиваар “хүүхдүүд-хүүхдүүдэд”-ээ тусалдаг юм.
Үнэн зүрхээрээ бий болгосон зүйлсээ өрөөлийн амьдралд харамгүй өгч байгаа нь уран бүтээлчийн мөн чанар. Тэгвэл өдгөө "Улаанбаатар Элит" сургуулийн багачууд ч “өгөх, хуваалцах” үйлсэд суралцаж байна. Мэдрэмжээ өөр хүнд дэлгэн харуулж, дуртай ертөнцийнхөө хаалгаар хамтдаа алхан орж, бүлээн гараараа хэн нэгний бээрсэн гарыг дулаацуулахад суралцаж байна. Эхний удаад Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний төлбөрт орлогоо хандивлаж байсан бол энэ жил тэд "Нарны хүүхдүүд" цэцэрлэгийг сонгожээ. Улаанчулуутад байрлалтай тус цэцэрлэгийг сонгосон шалтгаан нь хотын захад амьдардаг хүүхдүүдийг дулаан орчинд, сайхан тохижилттой газар сурч боловсроосой гэх хүслээс үүдэлтэй. Харж буй нүд, мэдэрч буй зүрхээрээ сурагчдын зөвлөлийнхөн энэ шийдвэрийг гаргасан юм билээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тус сургуулийн захирал О.Энх-Амгалан, “Дэлхийн хамгийн өндөр уул бол Эверест. Харин хүн төрөлхтний амьдралд хэрэгтэй хамгийн өндөр уул нь өөрийгөө илэрхийлэх байдаг юм байна, хүүхдүүд ээ. Хүмүүс өөрийгөө илэрхийлэхдээ ярьж, дуу дуулж, шүлэг бичиж, бүжиглэдэг. Мөн та нарын зурсан зураг шиг дүрслэх урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлдэг. Та бүхэн өөрсдийн дотоод ертөнц, толгойд буй аливаа зүйлсээ энэ дөрвөн ханан дээр гаргаад тавьчихсан байгаа юм. Тиймээс өнөөдөр бидний баярын өдөр. Хүүхдүүд маань зурсан зургаараа олсон мөнгөө нэгэн цэцэрлэгийн дотоод засалд зориулах гэж байгаад баяртай байна” гэсэн юм.
Зарим нь дуу хөгжимд дуртай, зарим нь үүлэнд дуртай, зарим нь өөрийгөө далайд хөвж буйгаар төсөөлдөг гээд асуухгүй л бол мэдэж чадахгүй гайхалтай ертөнцүүдтэй зэрэгцэн алхдагийг эндээс харж болно.
Зурж байхдаа ямар зүйлийг мэдэрдэг вэ гэж асуухад “нисэж байгаа юм шиг” гэж хариулах нь ч байлаа. Таазнаас зүүсэн чимэглэлдээ багачуудын өмнө нь зурсан зургийг ашиглажээ. Үүнээс ямар ч мэдрэмж хуучирч мартагддаггүй, үргэлж бидэнтэй хамт байдаг болохыг мэдэрч болно.
Мираки үзэсгэлэнгийн нэг өдөр томчуудад олон өдөр дурсагдахаар том бас ув улаан зүрх шиг хайраар дүүрэн байлаа. Хүнд өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ үргэлж байдаг. Магадгүй, тэндээс хэн нэгэн аль эртийн өөрийгөө олж хараад инээмсэглэн зогсохыг таашгүй. Эсвэл тэдний зураг таны дотор ороод тэврэх шиг ч болж мэднэ.
Бүхий л зүрх сэтгэлээрээ хэн нэгнийг тэвэрч, чин үнэнээр хандахад суралцаж буй, өөрийгөө болон бусдыг ойлгох гэж эрмэлзэн байгаа цовоо цолгиун хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэн тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл "Mongol Art Gallery"-д дэлгэгдэх юм.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (5)