Үндэсний бөхийн гарди цолыг 2003 онд бий болгож, төр түмнийхээ баяр наадмаар есөн хөлт цагаан тугаа наймантай тойрсон бөхчүүдэд эл цолыг олгоод 20 зунтай золгож байна. Энэ цолонд хүрсэн нийт 13 бөх байдгаас Д.Баяраа, П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох нар өмнө нь үзүүлсэн амжилтаараа нөхөж авсан. Тэгвэл гарди цолны төлөө албан ёсоор барилдаж хүрсэн анхны бөх бол анхдагчдын өлгий нутгийн хүчит бөх И.Доржсамбуу юм. Тэр 2007 оны наадмын наймын даваанд М.Баяржавхланг илүүрхэн давж энэ цолыг авч билээ.
Монгол бөхийн ноён оргил болсон дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох (хүргэн хүү) нарын хөвгүүд энэ цолноос ахиагүй нь сонин. Тэгээд бүгд гарди байдаг нь бас хачин. Гарди цолны болзол хангасан эхний бөх болох дархан аварга Дамдины хүү Баяраа нь 1990 оны наадмаар найм давсан байдаг. Аав нь түүнийг арслан цол авна гэж олон жил хүлээсэн дээ.
Тэгвэл гарди цолоо хамгийн олон баталсан бөх болох дархан аварга Баянмөнхийн хүү Гантогтох нь 2000, 2002, 2004 онд үзүүрлэсэн. Түүн шиг олон үзүүрлэсэн бөх одоо алга. Аав түүнийг арслан болгоно гэж харин олон жил хөөцөлдөөд бүтээгүй юм.
Гарди цолыг хамгийн нас (36)-тайдаа авсан бөх нь дархан аварга Д.Цэрэнтогтохын хүргэн хүү Д.Рагчаа бөгөөд тэрбээр 2012 оны наадмын есийн даваанд П.Бүрэнтөгсөөс арслан цолоо булаалгаж байлаа. Гарди болсон бөхчүүд цолоо ахиулсан түүх бараг үгүй. Аварга Д.Сумъяабазарыг эс тооцвол хэзээний аварга, арслан болохоор олон сайчууд энэ цол дээрээ үлдсэн. Отгон гарди М.Бадарч цолоо ахиулах нь байтугай наадамд дахин шөвгөрөөгүй л байна. Сонин юм шүү.
Завхан нутгаас хамгийн олон гарди цолтон төрсөн нь Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба юм. Тэд бүгд л түрүүлэх боломжтой байсан. Даанч бөхийн өм дутсан даа. Тэдний залгамж болсон М.Лхагвагэрэл энэ цолыг алгасаж чадвал аварга ч болох зиндаа бий. Хамгийн харамсалтай нь ард түмний хамгийн хайртай бөх буюу “Том” П.Сүхбатыг энэ цолноос салгаж арслан болгоогүй тэнгэрийн оронд үдсэн нь. Тэрбээр цээжин дээрээ арслан цолны шивээс хийлгэн хэд хэдэн наадмаар зодоглох нь гуниг төрүүлж билээ. Нэгэн удаа “авсан цол минь заан, амьд бие нь арслан, авсанд хамт орох цол нь гарди” хэмээн хэлэх вэ дээ.
Гарди цолтой бөхчүүдийг харсан хэн бүхэн харамсаж, өмнөөс нь халаглах нь олон. Нэг жишээ хэлье. Улсын арслан цолноос сүүлдээд алдсан нэгэн хүчтэн бол Увсын Ө.Бат-Орших гарди. Түүний барилдааны хэв маяг, хүч тэнхээ, бие бялдар бол хэнээс ч дутахааргүй сайхан бөх. Нутгийн залуу аваргуудаасаа урьтаж улсын цолонд хүрсэн боловч хариуцлагагүй барилдаан, харамсалтай наадам түүнийг олон жил дарсан даа.
Нутгий аварга С.Мөнхбат нь түүний заан цолыг засч, тэр өөрөө олимпын аваргаар найм давсан боловч түрүү булаалдах даваанд арай яаран мэх хийснээр арслан болох найдлагаа үгүй хийсэн юм. Ер нь гарди цолыг анх гаргаж ирэхдээ даваа наймаалцах асуудлыг зогсоох зориулалттай байсан гэдэг. Түрүү, үзүүрт шалгарсан бөх түрүүлэх боломж ирсэн үед зүгээр өгчихөнө ч гэж юу байх вэ. Жишээ дурдахад Х.Баянмөнх аваргын хүү, хүргэн хоёр улсын баяр наадмын түрүү булаалдах даваанд хоёронтоо таарахад А.Сүхбат чигээрээ түрүүлсэнийг санаж байгаа биз дээ. Есөн хөлт цагаан тугаа түрүүлж ес тойрохын төлөө бүх бөх мэрийдэг юм.
А.Болд
Сэтгэгдэл (9)