Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож буй. Аавын тухай шүлэг ээжийнхээс цөөхнийг гэнэт анзаарав. Гэвч булшны чулуун дээр нэр нь хамт бичигдэх цорын ганц хүн ААВ л байдаг шүү. Уншигч та бүхэнд аавыгаа санасан үедээ уншиж суух 8 шүлгийг хүргэж байна.
Яруу найрагч З.Сумьяабазар- Солгой хоолойтой дуучин байдаг
Хорвоо ертөнцийг буй чигээр нь
Тайз шиг санадаг
Солгой хоолойтой дуучин байдаг
Хамгийн уянгалаг дуунууд
Хоолой дээр нь эвдэрдэгч
Нулимс нь зөөллөж түрдэг
Хуучны өдрүүд эргээд ирчихсэн юм шиг
Дэргэд нь суухад л сэтгэл нь дуулдаг
Солгой хоолойтой дуучин байдаг
Хоногийн уртаар алсрах тусам
Аялсан дуу бүхэн нь үнэн байдаг
Дугараа эргэх бүрийд
Найрын хоймроос өндөлзөж
"Над шиг солгой юм шүү дээ" гэж хэлдэг
Солгой хоолойтой дуучин байдаг
Хорвоог өөрийнхөө нэрээр туулж дуусгаад
Хожим нь надтай цуг дуулсаар
Шарилын минь чулуун дээр
Нэр нь цуг бичигдэх
Солгой хоолойтой дуучин байдаг...
Яруу найрагч Ч.Ренчиндорж- Тэнгэрт хүрдэг толгодын зам
Өлмийгөөс эхэлж тэнгэрт хүрдэг толгодын зам
Өчигдөр аав минь түүгээр хатируулж явсан
Өнөө лав тэнгэр хүрээ биз
Өлмийдөө хүний мөртэй ганц хайлаас
Өвөр дээрээ нар тоссон үүртэй
Өвөөлж эргээд л зовлонт амь бүрэлдэхийг хүлээнэ
Өлмийгөөс эхэлж тэнгэрт хүрдэг толгодын зам
Өнө хожмоо түүгээр л алхвал аавдаа хүрнэ...
Яруу найрагч Ц.Доржсэмбэ- Өлзийтийн суурин
Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусч байхад
Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ
Нохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угт даа
Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь
Хулгайч нь хүртэл ийм шуургаа зүхдэггүй
Хувь заяаны чинь нэгэн шөнөөр аяны үүргэвчтэй
Хашааны нөмөрт гэмтэн мэт зогсох надаас
Халуун сэтгэл хайх мэт салхи нь исгэрэн заам ярна.
Ай тэр гэрийн минь тооноор гэрэл үзэгдээд
Алиахан ээжийн энгэрт дүү минь үнэгчлэн байгаа
Атгасан гарт нь ч хайр шингэсэн аав минь
Амбаарынхаа дээврийг босгоод л амжжээ ганцаараа
Асаасан янжуурын улаан цог улалзуулан алхахыг минь
Араас дагах нохдын чинь дуу л бүхэнд илчилнээ, суурин минь...
Яруу найрагч А.Эрдэнэ-Очир- Зам
Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж
Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Үйлийн үрийн усанд эвдэгдсэн эхлэлтэй
Уулзахын баярт эгцэрч яараад
Хагацлын гунигт донсолсон донхолтой
Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөн
Униарт мушгиа хавцал дээр
Ухаантан тэнэг хоёр ээрсэн
Миний зам
Хажуу бургасанд гөрөөс янзагалж
Асга хаднаас янгир хальсан энэ замд
Хаврын толгод дунд ингэ гунганаж
Зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд
Тал санаашрал намрын тэнгэр уйлагнаж
Тогоруу буцсан энэ замд
Тавилан заяаны харгуй дагаж
Ноход хуцсан энэ замд
Салаа гэзэгтэй охин амраг болон учирч
Үрийн баяр хотолж хамт алхая
Салхины буруу зүүдэнд аавыгаа алдаж
Нулимас хамт асгав
Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч
Сүү татуулан гэрэлтэх тодын тод зам
Энэ миний хувьхан заяаны зам аа...
Яруу найрагч Э.Бүжинлхам- Аав
Цас орж байна ээж ээ,
Хоёулаа аавын тухай ярих уу
Цантай цонхон цаана
Инээмсэглээд л зогсож байгаа юм шиг
Санагдаад байна,
Өөрийнх нь тухай дурсан ярихыг
Хүлээгээд л байгаа юм шиг
Өрөвгөр жаалхан болжморуудыг
Өвөртөө дулаацуулах
Өвгөн модны дүрээр
Ширтээд байгаа юм шиг
Санагдаад байна
Ээж ээ, та битгий уйл л даа
Эсвэл хоёулаа өөр зүйл ярих уу
Уйтгар гэдэг хуучрах тучмаа
Улам л гунигтай болдог юм байна
Тийм ээ? Ээж ээ
Сэтгэл гэдэг яг л газар шиг
Хавар бүхэн л
Ханзардаг юм байна
Тийм үү! Ээж ээ?
Ээж ээ, тээр хацар дээр чинь
Нулимс бөмбөрөөд зогсохгүй нь
Ингээд л би тандаа шүлэг бичиж
Зүрхэлдэггүй юм шүү дээ
Урагдаж байж л бичдэг
Энэ хэдхээн мөрийг үлдээхийн төлөө
Ургуулж өсгөсөн ижийгээ
Уйлуулчихдаг би мөн азгүй хүн ээ
Ээж ээ, ээж ээ
Хайр гэдэг нь энэ юм уу ээж ээ
Халуун, давстай, усан зүйл байдаг юм уу
Аавыг, алиахан гурван үрээ та уйлж хайрласан болохоор
Амт нь эсвэл надад ингэж санагдаад байгаа юм уу
Ээж ээ!
Ээж ээ, цас ороод л байна
Цаашаа таны тухай шүлэг бичье гэвч
Та уйлна гэхээр даанч надад
Хэтэрхий их гунигтай байна...
Яруу найрагч Ш.Лхамноржмаа- Аав мод
Уур цан савсуулж, уулнаас ирдэг аавыг минь
Улс амьтан Бавгар Шагдар гэдэг сэн
Одоо ч гэсэн дээ хөөрхий, Бавгарын охин гэж
Ондоо зөөлнөөр дуудаад байдаг юм
Ээжийг минь хайрласан аавын хайр
Цээжний чанад үндэс ширэлдүүлэхэд
Энгэр дээр нь мод цэцэглэсэн гэдэг
Хүүтэй боллоо гэж хөөрөхөд нь
Хошуун дээр нь хушин ой бүрэлдсэн гэдэг
Үрсийнхээ баяслаар өөр дээрээ мод тарьж
Үйлийн шугуй зурваслан ургахад
Хэн нь ч юм бэ сахалт гэж
Хэлж нэрлээд заншчихсан гэдэг
Алаг чихрийн цаас цуглуулдаг
Арав хүрээгүй балчир насанд
Айлын ах нар намайг шоглож
Аав чинь муухай, сахалтай гэдэг сэн
Сахал биш ээ, “Яавлагны бургас” гэж
Сандран байж зөрдөг байлаа
Хүн шиг хүн болох гэж
Хүслээ зүрхэндээ ургуулж явахдаа
Үрдээ зориулсан гэрэлт моддын
Үр жимсээр нь тэжээгдэж байсан юм
Ач үрсээ мөчир дээрээ эрхлүүлсэн
Амьд цэцэрлэг аав минь байсан юм
Алдаж хазайвал навчсаа дэвсэх
Амин мод аав минь байсан юм аа
Шанх нь бууралтаагүй залуу аавыг минь
Цангасан бурхад залаад явчихсан юм
Шорвог хорвоогийн жамыг дагахдаа
Цэнхэр хөрстийн шархыг нөхсөн юм
Аав минь одоо мод болсон
Агнаж үргээсэн бүхнээ буцааж өгсөн
Хөлд нь үрэгдсэн цэцэгсээ цээжин дээрээ ургуулсан
Хөндлөн хөх шугуй болсон
Аав минь одоо мод болсон
Амраг хосуудын мод болсон
Намар оройн навчсан дунд нь хөлбөрөхөд
Нас нэмэх сэтгэл болсон
Аав минь одоо мод болсон...
Яруу найрагч Ш.Гүрбазар- Орчлонгийн дутуу
Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм даа
Аавдаа би эрхэлдэг байсан
Аавдаа би эрхлэхдээ
Алтан гадасны од аргамжааг буулгаж
Зээрийн шагайгаа холбоё гэж
Аадрын сүүлчийн солонго барьж
Шилбүүрийн үзүүртээ уяя гэж
Үлгэр дуустал үүр цайлгахгүй гэж
Өлөн шүүдрийг өдөр өнжөөе гэж
Эрхэлдэг байсан элдэвлэдэг байсан
Ээждээ би эрхэлдэг байсан
Ээждээ би эрхлэхдээ
Өлзийт булгийн халгайны
Өргөс болгоныг түүлгэе гэж
Өвдөг шалбалсан чулууны
Өөрийнх нь уйлахыг үзье гэж
Намайг өсгөсөн өвөөгөө
Холоо явахад нь авчирна гэж
Намрын шувууг буцаахгүй гэж
Нуурын хөвөөнд тоглоно гэж
Ээждээ би эрхэлдэг байсан
Одоо тэгэхнээ
Алтан гадасны од
Аргамжааг буулгахаар
Аав минь явчихсан юм биш байгаадаа
Алга байна
Өлзийт булгийн халгайны
Өргөс болгоныг түүх гээд
Ижий минь ирээгүй юм биш байгаа даа
Эзгүй байна
Мөнх бусын орчлонгийн дутууг бүтэн болгох гээд
Миний хоёр буурал одоо эзгүй байна...
Яруу найрагч Ц.Хулан- Аавдаа
Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд
Санаснаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хонгор эжийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ээжий минь
Айлын тавагнаас чихэр хармаалж шараа болгоно
Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнээ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаан өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэхийн юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг ээ
Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж Аав нар сумын үзель шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээн аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөөн олтол цоо эрүүл болж жүжиглэдэг ээ
Ачийг тань хариулнаа би гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавьяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараан өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаан дэлгэж та тэднийгээн хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганганасан хэдэн зээтэйгээ хэдэнтээ хэлд орно
Гадаа навчис унаж он жил биднийг унасан навч шиг орхиж
Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр гунигийг чинь хүртэл өвлөсөн
Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)