Сангийн сайд Б.Жавхлан бондын өр төлбөрийн талаар мэдээлж байна.
Тэрбээр "Одоогоос арван жилийн өмнө Засгийн газрын кодтой бондыг олон улсад анх удаа арилжаалж эхэлсэн. 1990 оноос хойших анхны бонд юм. Энэ хүртэл бид хөгжлийн байгууллагууд болох Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас зээл авдаг байв. 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд Чингис бондыг аваад өчигдөр улсын төсвөөс төлж дууслаа. Хэдий энэ бондыг бүрэн төлсөн ч бид дотоодод ярих асуудал бий. Бондыг авснаас хойш 6 сарын дараа л дамжуулан зээлийг банкуудаар олгож эхэлжээ.
2014 онд бондыг бүрэн ашиглаж эхэлсэн. Цаашид бид ийм алдаа дахин гаргаж болохгүй. Энэ хугацаанд бондын хүүг тооцож байсан. Нийт бондын 63 хувийг төсвийн шинжтэй төслүүдэд хуваарилжээ. Эдгээр төслийн санхүүжилтийг улсын төсвөөс төлнө гэсэн үг.
Татвар төлөгчдөд энэ ачааг үүрүүлэх ёсгүй байсан. Ингэснээр эдгээр төлбөрийг Засгийн газар төлөх үүрэг хүлээнэ. Зүй нь бондоос зээл авсан төслүүдийн үр өгөөжөөс бондын төлбөрийг эргүүлэн төлөх ёстой байв. Чингис бондыг арван жилийн хугацаатай авсан тул богино хугацаатай, бизнесийн төслийг илүү санхүүжүүлэх учиртай байсан.
Бид нийт 540 сая ам.долларын хүү төлсөн, 264 сая ам.долларын үндсэн төлбөр, мөн зохицуулалтын арга хэмжээнүүд авсан. Бид эхлээд төслүүдээ бэлдсэний дараа бондоо босгох байв. Тухайн үед энэ бонд манай төгрөгийн ханшид эерэг нөлөө үзүүлсэн нь үнэн. Гэвч Хөгжлийн банкнаас энэ бондын хөрөнгөөр олгосон зээлүүдийн дийлэнх нь чанаргүй болж, 500 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус банк ирэх оны есдүгээр сард Евро бондын 500 сая ам.доллар, арван хоёрдугаар сард төлөх Самурай бондын 30 тэрбум иенийг төлнө. Эдгээр бондод Засгийн газар баталгаа гаргасан. 30 тэрбум иенийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр цуглуулан, Монголбанкан дахь дансандаа хадгалсан.
Самурай бондыг анх гаргаж байх үед 285 сая ам.доллартай тэнцсэн. Иений ханш унасан тул өнөөдрийн ханшаар 225 сая ам.доллар болно.
УИХ Засгийн газарт цаашид дахин Чингис бонд шиг өндөр хүүтэй, богино хугацаатай бонд авахгүй байх үүрэг өгсөн. Энэ онд барагдуулах хуваарьтай гадаад төлбөрөө бид цагт нь хийлээ. Үе үеийн Засгийн газар хэдий дотоодод хүндрэл байсан ч үүргээ цаг тухайд нь биелүүлсээр ирлээ. Хэрэв бид бондоо цагт нь төлөхгүй бол Засгийн газар дефолт болох эрсдэлтэй.
Сентури бондын төлбөрийг хойшлуулсан тул энэ онд Засгийн газрын гадаад өрийн дарамт ихээхэн буурсан. Энэ бондыг гарган, Чингис бондын хүү 6.5 хувь байсныг 3.5 хувь болон бууруулж, 1 тэрбум ам.доллар хэмнэсэн. Ирэх оны яг өдийд бид Самурай бондыг төлнө. Эргэн төлөгдөх үед нийт 225 сая ам.долларыг энэ бондод төлнө. Иений болон төгрөгийн ханш үүнд нөлөөлсөн.
Ирэх онд нийт 1.2 тэрбум ам.долларын гадаад зээл төлнө. Тавдугаар сард Гэрэгэ бондын 530 сая ам.доллар, есдүгээр сард Хөгжлийн банкны 500 сая ам.долларын төлбөр бий. Засгийн газрын зээлжих зэрэглэл энэ оны хавар болон намар хийсэн аудитын дараа ч В тогтвортой хэвээр байна. Зэрэглэлийг олон улсын агентлагууд гаргадаг. В тогтвортой гэсэн үнэлгээг бид ирэх онд ч хадгалж, хувийн хэвшлийн гаргах бондуудад эерэг нөлөө үзүүлэхийг зорьж байна. Бид бондоо цагт нь төлөх нь Засгийн газрын нэр хүндтэй шууд холбоотой" гэв.