Манай тусгай сурвалжлагч А.Болдбаатар Бүгд Найрамдах Узбекистан Улсаас мэдээлж байна:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож буй билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй хоёр талт уулзалт хийсэн. Энэ талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Баярхүүгээс тодруулав. Тэрбээр Монгол Улсаас Узбекистан Улсад суух Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэдэг билээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй хоёр талт уулзалт хийсан. Уулзалтаар ямар асуудлууд хөндөв, энэ талаар тодруулна уу?
-Монгол Улс Бүгд Найрамдах Узбекистан Улстай дипломат харилцаа тогтоогоод энэ жил 30 жил болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын төрийн тэргүүн нарын өргөтгөсөн зөвлөлгөөнд оролцох үеэрээ Узбекистан Улсын Ерөнхийлөгчтэй хоёр талын уулзалт өчигдөр хийлээ. Уулзалт яриа найрсаг, элэгсэг, дотно боллоо. ЗХУ байхаас эхлээд л манай хоёр орны харилцаа маш өргөн хүрээтэй байсан. 1977-1994 онд манайх Ташкентад ерөнхий консулын газартай, оргил үедээ 1500 гаруй оюутан манай улсаас энэ улсад суралцаж байсан. Ялангуяа нэхмэл, сүлжмэлийн чиглэлээр маш олон оюутан суралцаж байсан. Тэр хүмүүс одоо ч Монгол Улсынхаа хөнгөн үйлдвэрлэлийн салбарт тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа. Өчигдөр болсон хоёр талын уулзалтын гол ярилцсан зүйлийг товчхон хэлбэл, хоёр орны төрийн тэргүүн нар хоёр орны харилцааны өнөөгийн төвшинг үнэлж, дүгнэн цаашид өргөжүүлэх бүрэн боломжууд байна гэдэг дээр санал нэгдсэн. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт, Засгийн газар хоорондын комиссыг байгуулж, үйл ажиллагааг нь энэ жилдээ багтаан эхлүүлэхээр тохирлоо. Түүнчлэн хоёр Гадаад харилцаа, хэргийн яамдын зөвлөлдөх уулзалтын систем гэж байдаг. Үүнийг цаашид эрчимжүүлэхээр ярилцлаа. Хоёр орны эдийн засгийн хөгжлийг өргөтгөх тал дээр замын зурлага буюу тодорхой хугацаатай, графиктай төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар тохирлоо. Монголын талаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрыг нээх нь өндөр ач холбогдолтой гэдгээ илэрхийлсэн.
-Хөдөө аж ахуй болон зам тээврийн салбарт хоёр улсын хооронд ямар ахиц гарсан бол. Хоёр талт уулзалтаар энэ талаар хөндөв үү?
-Узбекистан улс 35 сая гаруй хүн амтай. Бүс нутагтаа сүүлийн зургаан жилд нэлээд эрчимтэй хөгжиж хөгжлийн тодорхой төвшинд хүрч байна. Сүүлийн зургаан жилд нээлттэй бодлого явуулж гаднын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ худалдаа эдийн засгийн харилцаагаа бусад орнуудтай өргөжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа улс. Энэ оны зургадугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Узбекистанд айлчилсан. Энэ үеэр худалдаа эдийн засгийн хамтарсан форум зохион байгуулж, мөн Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Узбекстан руу гаргах, Узбекистанаас жимс хүнсний ногоо, хатаасан жимс Монголд импортлох талаар тодорхой ярилцсан. Аж ахуйн нэгжүүд хооронд холбоо тогтоож өгсөн. Түүнээс хойш манай улсын зарим аж ахуйн нэгжүүд Узбекистанаас жимс, жимсгэнэ, хатаасан жимс импортлон Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байгаа. Тээвэр ложистикийн хувьд хоёр орны Засгийн газар хоорондын агаарын харилцааны тухай хэлэлцээрийг манай тал өгсөн байгаа. Укбекистаны тал ойрын үед хариу өгнө гэдгээ хоёр Ерөнхийлөгчийн уулзалт дээр илэрхийлсэн. Нэгдүгээрт хэлэлцээрээ байгуулах ёстой. Байгуулсны дараа Улаанбаатар-Ташкент хооронд шууд нислэг хийх боломж гарч ирнэ. Энд зорчигч тээврийн төдийгүй, ачаа тээвэр агаараар тээвэрлэх боломж бүрдэнэ. Манай улсын иргэд Ташкентаар дамжаад Ойрхи Дорнод, бүр цаашлаад Европын улс орнууд, хойд Америк руу хямд тарифаар зорчих боломж нээгдэнэ гэсэн үг. Шууд нислэг нээгдвэл хоёр орны харилцаа үнэхээр шинэ шатанд очно. Манай улсын иргэд 2019 оноос Узбекстан руу визгүй зорчдог болсон. Харин тус улсын иргэд энэ оны зургадугаар сарын 3-наас эхлээд 30 хоногийн дотор манай улс руу визгүй зорчиж эхэлсэн.
-Хоёр улсын бизнес эдийн засгийн харилцаа ямар төвшинд байгаа вэ?
-Монгол Улсын гадаад бодлогод гуравдагч хөрш гэдэг ойлголт байдаг. Дундад Азийн орнууд, тухайлбал Казахстан, Узбекистан улсууд манайтай хамгийн ойрхон, түүх соёлын хувьд ч ойрхон улсууд. Цаашдаа манайх төв Азийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх энэ боломжийг эрэлхийлэн ажиллаж байгаа. Узбекистан улс гаднын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчин маш таатай орчинтой. Манай улсын зарим бизнесийнхэн энэ улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа.
-Худалдааны эргэлт ямар байгаа вэ. Импорт, экспортын харьцаа ямар байдаг бол?
-Хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн оны дүнгээр дөрвөн сая орчим доллар. Боломжтойгоо харьцуулахад бага тоо. Нэмэгдүүлэх боломж байгаа. Энэ худалдааны эргэлтийн 90 хувь нь манай улсын импорт. Манай экспорт арван хувь л байгаа гэсэн үг. Гэхдээ цаашдаа Монголын мах махан бүтээгдэхүүнийг Узбекистан руу гаргах боломж бүрдэх юм бол худалдааны эргэлтийн энэ харьцаа өөрчлөгдөх боломжтой.