Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын халх сурын харваанд 40 сумнаас 38 онож, улсын даян мэргэн цол хүртсэн Б.Пунсалдуламтай ярилцлаа.
-Баяр наадам дэлгэр сайхан боллоо, даян мэргэн цол хүртсэн Танд баяр хүргэе. Та даян мэргэн цол хүртсэн хэд дэх харваач болсон бэ?
-Баярлалаа, даян мэргэн цолтой цөөхөн эмэгтэй харваачдын нэг боллоо.
-Ярилцлагаа Таны бага нас, өсөж төрсөн нутаг ус, аав ээжийн тань талаар эхлүүлье?
-Аав, өвөө маань Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд олон жил ажиллаж амьдарсан ч Хайрхандулаан сумын уугуул хүмүүс. Харин ээж Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумынх. Би Нарийнтээл суманд төрсөн. Багадаа аав, ээждээ хэлэлгүйгүйгээр жүдо бөхийн дугуйланд явж байлаа. Өвөөгийнхөө багадсан пиджакийг өмсөж бэлтгэл хийдэг байсан. Тэгээд нэг удаа хөлстэй хувцсаа уутанд хийгээд гэртээ иртэл аав үүдэнд таардаг юм. Миний сандарсаныг хэлэх юм биш. Ууттай хувцсаа ааваасаа нуун хашаа давуулан шидсэнээ мартчихсан. Тэгсэн манай нохой тэр хувцсыг өмсөх аргагүй болтол нь сэмлээд хаясныг аав, ээж маань мэдчихлээ. Тэдэнд үнэн учраа хэлэхэд аав “Миний охин өндөр болохоор жингийн барилдаанд амжилт үзүүлэхгүй байх, бие нь эвдэрнэ” гээд сур харваанд хөтөлж оруулсан. Тэр үед манай нутагт Н.Ууганзаяа багш сур хавааны дугуйлан хичээллүүлж таарсан. Н.Ууганзаяа багш бидэнд резин татах дасгал зааж, нум татуулдаг байлаа.
-Яагаад бөхийн спортыг сонгосон юм бэ?
-Аав маань сумандаа гурав түрүүлсэн, заан цолтой хүн. Аавтайгаа бөхийн барилдаан их үзнэ. Бөхийн нутаг, нэр, цолыг сайн мэднэ, Сар шинийн барилдааныг аавтайгаа үздэг тул Битүүний өдрийн их ажлаас чөлөөлөгддөг байлаа (инээв). Битүүний бөх дуусахад гэрийн ажил ч бас дууссан байдаг.
-Сур харвааны анхны амжилт юу байв, хичнээн хүүхэдтэй хамт хичээллэж байсан бэ?
-Дугуйландаа арав гаруй хүүхэдтэй хамт хичээллэдэг байсан. 2003 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн болоход манай дугуйлангийн хэд шагналт байрт орж, би гавьтай амжилт үзүүлсэнгүй. Тэр зун ээж маань Спортын мастер Бямбаа багшаар нум сонгуулж авч өгсөн. Тэр жилийн наадмаар аймгийн өсвөрийн тэмцээнд түрүүлж байлаа.
-Улаанбаатарт оюутан болж ирээд бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийв?
-Оюутан болж ирээд отог харваанд оролцох гэтэл нум маань эвдэрч, улсын тод харваач Төртогтох ах өөрийн нумаа өгч харвуулж байлаа. Отог харвааны бэлтгэл хийж байхдаа Хөвсгөл аймгийн уугуул үндэсний сурын хүндэт мэргэн Бүжгийн Жалбаа багштайгаа учирсан юм.
-Дүү тань бас мэргэн гэв үү?
-Бид эцэг, эхээс хоёул. Дүү маань 2011 оны Улсын баяр наадамд өсвөрт түрүүлсэн, улсын тод харваач цолтой.
-Та Улсын баяр наадамд хэд дэх жилдээ цэц мэргэнээ сорьж байна вэ?
-2011 оноос хойш тасралтгүй оролцож байна. 2014 оны наадамд дөрөвдүгээр байрт шалгарч, 2016 онд түрүүлэн мэргэн цол хүртэж байв. 2017 онд гуравдугаар байр, 2018 онд дэд байрт үлдэж, энэ жил дахин түрүүллээ.
-11 жил өрсөлдсөн наадмын хамгийн дурсамжтай нь?
-Дүү бид хоёр эхэн үедээ оролцсон тэмцээн бүрээсээ ганзага хоосон буцдаг байлаа. Гэсэн ч эцэг, эх маань биднийг их дэмжсээр байв. 2011 оны наадмаар дүү маань өсвөрийн харваанд түрүүлж бид гэртээ сэтгэл дүүрэн орсон доо. Тэр л наадам дүү бид хоёрын хамгийн дурсамжтай наадам.
-2016 онд Улсын баяр наадамд анх удаа түрүүлэхэд нөлөөлсөн зүйл юу байв?
-Тэр жил жирэмсэн байсан тул бэлтгэл тааруу наадамтай золгосон. Тавдугаар сарын 12-нд нярайлж, хоёр сартай хөхүүл баяр наадамд цэц мэргэнээ сорьсон. Нялх биетэй учраас зуслан дээр наадмын бэлтгэлээ хангасан. Ээж охиныг минь асарч, аав сум зөөнө, хань дасгалжуулна. Ингэж бэлтгэл хийсэн ч наадам дөхөх өдрүүдэд бие тавгүйрхээд ер нь л өнждөг ч юм билүү гэх бодол ч орж ирж байсан. Ийн эргэлзэж байсан ч бие овоо дээрдээд наадамдаа цэц сорихоор зориглосон доо. Тэгээд сайхан харваж түрүүлсэн. Ер нь тэр жил их одтой байлаа. Бэлтгэл тааруу байсан ч Хүрээ цам даншиг наадам 37 оноогоор түрүүлж байлаа.
-2016 оны Баяр наадамд түрүү хүртсэнээс хойш таван жилийн дараа дахин түрүүллээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд түрүүлэх боломж байсан уу?
-Байлгүй яах вэ. 2016 онд түрүүлсний дараа хоёр жилийн наадмын бэлтгэл сайн байсан. Түрүүлдэг жилээс илүү бэлтгэл ханасан байсан гэж боддог. Миний харваа маш гоё байсан. Түрүүлэх хэмжээнд харвасан гэж өөрийгөө боддог. Түрүүлсний дараа жил эхний өдрийн 28 сумаа бүгдийг нь оносон. Харамсалтай нь маргааш нь олон алдсан.
-Сумаа эхэнд алдах хэцүү юү, сүүлд алдах хэцүү юү?
-Сайн хэлж мэдэхгүй юм. Оноо дээшээ гарчихвал тэр чигээрээ явчихдаг. Энэ жилийн хувьд хана харвааны сүүлийн сумаа дутаасан. Мөн хасаа харвааны сумаа алдсан. Энэ хоёр сумны дараа өөрийн бэлдсэн зүйлээ 100 хувь гаргаж эхэлсэн дээ.
-Физикийн багш мэргэжилтэй гэсэн. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?
-Боловсролын байгууллагад ес дэх жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа 97 дугаар сургуулиас эхлүүлсэн бол өдгөө 52 дугаар сургуульд багшилж байна.
-Таны шавь нараас нум сум заалгах санал их ирдэг үү?
-Санал их ирнэ. Цар тахал гарахын өмнө сургуулийнхаа хэдэн хүүхдийг сур харваагаар бэлтгэж эхэлсэн. Даанч ковид гарч, бэлтгэл зогссон. Одоо бол ойрын хэдэн жилдээ шавь бэлдэнэ гэж хэлэхгүй. Үнэхээр харваач болохыг сонирхож байвал багштайгаа холбож өгнө өө.
-Нум сум харвахад биед эерэг, сөрөг нөлөө гарах уу?
-Теле хичээлийн Цагаан сарын дугаарт Улсын физикийн есөн удаагийн аварга Түвдэндорж багштайгаа хамт хичээл заасан. Тухайн хичээл дээр нумын энергийг тооцоолж үзэхэд нумд ирж буй энергийн 75 орчим хувь нь сумаа харвахад зарцуулж, үлдсэн 25 орчим хувь нь хүний биед шингэж үлддэг. Тэр их хэмжээний доргилтыг бие авч байгаа гэсэн үг. Тиймээс таван сараас дээш хоногтой жирэмсэн эмэгтэйг харвуулахгүй байх журам гарсан байгаа.
-Харваачдын наадмын бэлтгэл хэрхэн өрнөдөг вэ?
-Өглөө эртлэн босч, биеэ халаах маягаар гүйнэ, дараа нь сунгалтын дасгал хийнэ. Өглөөний ундны дараа нум сумаа үүрээд гарна даа. Үдийн өмнө хананы 20 сум тавина. Үдийн цайны дараа нэг цаг амарна. Дараа нь нар жаргатал харвана.
-Өнөө жилийн наадмын бэлтгэл сургуулилтаа хэзээнээс эхлүүлсэн бэ?
-Би энэ жил төгсөх ангитай байсан. Тиймээс зургаадугаар сарын 17-нд хүртэл ажилласан. Улсын аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 24, 25-нд Говь-Алтай аймагт болсон. Тэмцээний өмнө Монгол наадам цогцолборт тав хоног бэлтгэл хийсэн. Тэмцээнээ дуусгаж ирээд үргэлжлүүлэн бэлтгэлээ хийсэн. Наадмын өмнө Налайх дүүргийн тэмцээнд оролцсон. Тэр тэмцээнээс бэлтгэл жигдэрч буйгаа мэдэрсэн.
-Сурын харваа төрөл тамирчнаас их төвлөрөл шаарддаг спорт шиг санагддаг...?
-Харваачдын хувьд гурван өдөр сэтгэл зүйн байдал, биеийн байдал, цаг агаар зэрэг бүх зүйлийг хянах, тооцоолох хэрэгтэй болно. Маш их хүч, энерги зарцуулна. Ганцхан жишээ хэлэхэд 40 сум тавихад нэг өдөрт 12 км алхсан гэж утасны апплейкшн зааж байна билээ.
-Хэт халуун өдөр нумны хэвийн байдал хэр өөрчлөгдөх вэ?
-Хэвийн дулаан өдөр өглөөнөөс орой хүртэл 2-3 паунд өөрчлөгдөнө. Чийглэг өдөр мөн арай өөр.
-Даян мэргэний одоо харваж буй нумыг сонирхъё. Хэн гэдэг урлаачийн нумыг барьж байна вэ?
-Дундговь аймгийн харьяат спортын мастер, нум урлаач Ч.Эрдэнэ-Оюу ахын урласан нумыг тав дахь жилдээ барьж байна.
-Энэ жилийн наадмын бэлтгэл хэр сайн байсан бэ?
-Энэ жилийн наадмаар автайхан харавчихвал айраг амсана гэж таамаглаж байсан болохоос биш өөрийгөө түрүүлнэ гэж санаагүй.
-Та Халх сурын харваагаас бусад төрлөөр харваж байв уу?
-2018 онд буриад сураар отог харваагаар 64 суманд 62 онож спортын мастерын болзол хангасан. Дараа жил нь айрагдсан. Харин 2020 онд улсын наадмаар буриад сурын мэргэн цол авсан.
-Даян мэргэний болзол хангаад охиноо тэврэн нулимс унагаж буй агшнаа эргээд дурсвал...?
-Охиноо сурын харвааны талбайд битгий авчраарай гэж захисан юм. Тэгсэн гэнэт “Ээж ээ...” гээд охин минь дуудах шиг болохоор нь эргээд хартал гүйгээд ирдэг юм. Охиноо харсан, тэвэрсэн тэгээд өөрийн эрхгүй нулимс унагасан даа.
-Тамирчин хүний амжилт бүрийн ард гэр бүлийнхний дэмжлэг хамт явдаг. Таны амжилтын ард хань чинь чухал нөлөө үзүүлдэг байх. Гэр бүлийн хүнээ танилцуулна уу?
-Манай хадам аав урианхай, буриад сурын мэргэн Батхуяг гэж хүн бий. Завхан аймгийн Тэс сумын уугуул. Хань маань 20 орчим жил харваж байна. Бид сурын алтан шар зурхай дээрээ танилцаж байлаа. Урианхай сурын мэргэн Хатансайхан гэж хүн байгаа.
-Физикийн багш байх нь сурын харваагаар хичээллэхэд эергээр нөлөөлдөг үү?
-Хүмүүст булцуу нь хүнд эсвэл хөнгөн, сум нь дээгүүр эсвэл доогуур хөөрөх, ямар нум нь эвтэй байх зэрэг эргэлзээ байдаг. Эдгээр зүйлүүдэд эргэлзээд байхгүй дүгнэлтэд хүрчихдэг.
-Таниас допингийн шинжилгээ авсан уу?
-Эхний найман байрт орсон харваачдаас допингийн шинжилгээ авсан. Би зургаадугаар сарын сүүлээр ковид туссан. Элдэв эм хэрэглэх нь эрсдэлтэй гэж үзэж, антибиотикоос өөр эм тариа хэрэглэхгүйгээр эдгээсэн.
-Таны хувийн рекорд хэд байна вэ?
-40 сум тавихаас хоёр удаа 39 онож байсан. Эрдэнэт үйлдвэрийн 70 жилийн ойн наадмаар 39 оносон. Харин энэ жил 38 онож түрүүлсэн.
-Өнгөрсөн жилийн наадмуудаас өрсөлдөөний хувьд хэр байсан бэ. Жил ирэх тусам сайжирч байна уу?
-Одоо нум сум харваж буй 2000 гаруй харваач бий. Тэднээс 600 гаруй харваачийг шигшиж улсын баяраар харвуулсан. Өрсөлдөөн маш олон хүний дунд өрнөж байна. Энэ жил хананы 20 сумандаа 20 оносон эрэгтэй долоон харваач, эмэгтэй гурван харваач байлаа.
-Ярилцсанд баярлалаа. Нутгийн зон олон, таныг дэмжиж тусалдаг хүмүүстээ хандаж юу хэлэх вэ?
-Баярлалаа. Багш Б.Жалбаа, “Их Монголын харуул” харваачдын нэгдсэн холбоог дэмжиж тэтгэж явдаг сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, тус холбооны нарийн бичгийн дарга Д.Гансэрээ, мөн нарийн бичгийн дарга байсан М.Батлут, Өвөрхангай аймгийн үндэсний сурын холбооны тэргүүн Дэлгэрмандах болон үе үеийн үндэсний сурын харвааны харваачдадаа баярлаж, талархаж буйгаа хэлье. Энэ цол миний нэр дээр байгаа болохоос тусалж дэмжсэн бүх хүний хамтын хөдөлмөр юм шүү дээ. Мөн намайг дэмжиж, надаар бахархаж явдаг 52 дугаар сургуулийн хамт олон, аав ээж, гэр бүлийнхэндээ талархаж байна. Энэ хүмүүсийн сэтгэл зүтгэл байгаагүй бол энэ амжилтад хүрэхгүй байсан. Магадгүй сур харвахгүй ч байсан байж мэднэ. Мөн түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Өвөрхангай аймгийн зон олондоо ойн баярын мэнд хүргэе. Та бүхэн сайхан наадаарай.
Д.Батчулуун