Монгол орны 2024 оны жилийн дундаж агаарын температур 1.9°C буюу уур амьсгалын өөрчлөлт харьцангуй сул илэрч байсан 1961-1990 оны дунджаас 2.5°C-аар дулаан буюу 1940 оноос хойш ажиглагдсан хоёр дахь дулаан жил болж өнгөрлөө гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
Жилийн дундаж температурын орон зайн тархалтыг авч үзвэл говийн бүс нутгийн өмнөд, Алтайн өвөр говиор +6.1+10.0°С, тал хээрийн бүс нутгаар болон Их нууруудын хотгор орчмоор +3.1+6.0°С, Хөвсгөлийн өндөр уулс, Хангайн нуруу, Дархадын хотгор орчмын нутгаар -3.0-5.7°С, бусад нутгаар -2.9+2.9°С орчим байжээ.
2024 оны агаарын дундаж температурыг улирлаар авч үзвэл өвлийн улиралд нийт нутгийн 47.1 хувь нь ОЖД-аас -1.1°С-4.2°С хүйтэн, 44.9 хувь нь дунджийн орчим, 8.1 хувь буюу Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн зарим хэсгээр дунджаас +1.3+2.6°С -аар дулаан байсан байна.
Хаврын улиралд нутгийн дийлэнх хэсэг буюу 91.9 хувьд нь агаарын дундаж температур ОЖД-аас +1.1°С+3.6°С-аар (ялангуяа Завханы Цэцэн-Уул, Отгон, Баянхонгорын Баянбулаг орчмоор дунджаас 3.1-3.6°С-аар) дулаан, 8.1 хувь нь дунджийн орчим байжээ.
Зуны улиралд нийт нутгийн ихэнх буюу 75.7 хувьд нь агаарын дундаж температур ОЖД-аас +1.1°С +2.8°С-аар дулаан, говийн бүс болон Хэнтий, Төв, Сүхбаатар аймгийн зарим хэсгээр дунджийн орчим байжээ.
Намрын улиралд агаарын дундаж температур нийт нутгийн дийлэнх хэсгээр (94.1 хувь) ОЖД-аас дунджаас 1.1°С-аас 3.0°С-аар дулаан, 5.9 хувь буюу Баянхонгор, Өмнөговийн аймгийн зарим нутгаар дунджийн орчим.
Сүүлийн 5 жилийн сар бүрийн агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайлтын утгыг харьцуулж үзэхэд 2024 оны 1, 4, 5, 7-8, 10-12 дугаар сард дунджаас 1.0 - 5°С-аар дулаан, 2 дугаар сард дунджаас -1.0°С-3.0°С-аар хүйтэн байжээ. Харин 3, 6, 9 дүгээр сард агаарын дундаж температур ОЖД-ын орчим байв.
Монгол орноор дунджилсан 2024 оны жилийн нийлбэр хур тунадас 280.6 мм буюу 1940 оноос хойш тохиолдсон 6 дахь ахиу хур тунадастай жил болж өнгөрлөө. Жилийн нийлбэр хур тунадасны орон зайн тархалтыг авч үзэхэд Хэнтийн нуруу, Хэрлэн, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ, Тамир зэрэг томоохон голын ай сав орчмоор 404.7-618.6 мм, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруу, тал хээрийн болон говийн бүс нутгийн зарим хэсгээр 300.7-396.1 мм, Алтайн нуруу, бусад нутгаар 100-296 мм, Ханхөхийн нуруу, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зарим хэсгээр 50-100 мм, Говь-Алтайн Тоорой, Ажбогд орчмоор 23.5-43.8 мм оржээ
Жилийн нийлбэр тунадасны хамгийн их утга нь Төв аймгийн Мөнгөнморьт суманд 618.6 мм тунадас орсон байна.