Арваннэгдүгээр сард болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд итгэл төгс ялалт байгуулсан Доналд Трамп улсынхаа 47 дахь ерөнхийлөгчөөр тангараг өргөж, Цагаан ордонд хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ. Д.Трамп тангараг өргөх ёслолынхоо үеэр 29 минутын турш үг хэлэхдээ "Америкийн мөрөөдлийг сэргээнэ" хэмээн амлаж, өмнөх ерөнхийлөгч Жо Байдены үлдээсэн эмх замбараагүй байдал, сүйрлийн талаар анхааруулжээ. Ингээд түүний тавьсан илтгэлээс ТАВАН дүгнэлт гаргав.
Америкийн алтан үе
Трамп нээлтийн үгэндээ "Америкийн алтан үе яг одоо эхэлж байна" гэж тунхаглав. Тэрбээр "Өнөөдрөөс эхлэн манай улс цэцэглэн хөгжиж, хүндлэгдэх болно” гэжээ.
Энэ нь түүний найман жилийн өмнөх илтгэлээс тэс ондоо байв. Тухайн үед Бүгд найрамдах намынхан гадаадын мөлжлөгт өртсөн Америкийн аж үйлдвэр, эдийн засгийн хар бараан дүр зургийг сэргээх тухай ярьж байсан юм.
Гэвч даваа гаргийн илтгэлдээ Д.Трампын өнгө аяс өөр байлаа. Тэрбээр өнөөгийн Америкт харгис үнэлэлт өгч, Лос-Анжелесыг сүйрүүлж буй ой хээрийн түймэрт эмгэнэл илэрхийлж, "Энгийн хямралыг ч зохицуулж чадахгүй" радикал, авлигад идэгдсэн холбогдох байгууллагуудыг шүүмжилжээ.
Цэвэрлэгээний тухай
Тус улсын шинэ ерөнхийлөгч нар тангараг өргөхдөө эв нэгдлийг уриалах, өргөн цар хүрээтэй өндөр амлалт өгснөөр нарийвчилсан бодлогуудыг дэлгэрэнгүй ярилгүйгээр тойрон гарах хандлагатай байдаг.
Гэвч Доналд Трамп өөр байлаа. Бүгд найрамдах нам тодорхой зүйл рүү шууд орж, эхний 100 хоногт хийх бодлогын амлалт, арга хэмжээнийхээ жагсаалтыг гаргажээ.
Трамп өмнөд хил дээрээ үндэсний хэмжээнд онц байдал зарлаж, цагаачлалын эсрэг цэргүүдийг хилийн дагуу байршуулна гэж сонгуулийн кампанит ажлын үеэрээ амласан. Мөн тэрбээр "Америк дахь хүний эрхийн зөрчлүүдийг нэн даруй зогсоож, үг хэлэх эрх чөлөөг сэргээх" тушаалд гарын үсэг зурна гэж мэдэгдэв.
Бурхан түүнийг аварсан
Трамп цугласан олныг ерөнхийлөгчийн сонгуулийн эмх замбараагүй, үймээн самуунтай кампанит ажлын хамгийн том дуулиант мөч буюу түүнийг алах гэсэн оролдлогууд руу хөтөлсөн.
Тэрбээр "Бидний үйл хэргийг зогсоохыг хүссэн хүмүүс эрх чөлөөг минь булаан авахыг оролдсон. Гэвч тэд миний амийг авч чадаагүй. Хэдхэн сарын өмнө Пенсильванд алуурчны сум миний чихийг оносон ч одоо бодоход Америкийг дахин агуу болгохын тулд бурхан намайг аварсан байж" гэв.
Ангараг ба Панамын суваг
Трампын яриа гадаад руу чиглэв. Хилийн чанадад АНУ-ын оролцоог чухалчлахаа амлаж, тэнгэрт ч АНУ-ын оролцоо бийг сануулсан юм.
Бүгд найрамдах намынхан Панамын сувгийг АНУ-ын хяналтанд байлгахыг хүсч байгаагаа илэрхийлж, түүнийг одоогоор Хятад ашиглаж байна гэж мэдэгдэв. Гэвч Панам нь усан замын бүрэн эрхт улс юм. "Бид үүнийг буцааж авч байна" гэж Трамп хэлжээ.
Тэрбээр Мексикийн булангийн нэрийг "Америкийн булан" болгон өөрчилнө гэж хэлэхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон инээвхийлэв.
Трамп мөн дээшээ харж, Ангараг гараг руу анхаарлаа хандуулахаа амлав.
"Хүн төрөлхтөн алс холын гаргийг колончлохыг хүсч байна" гэж хэлж байсан технологийн тэрбумтан, Трампын зөвлөх Элон Маскын хувьд огторгуйн шинэ цаг үеийг бүтээлцэхэд түүний хамтрагч байх болно.
Хоёрхон хүйстэй АНУ
Вашингтон дахь Капитол нэгдүгээр ордонд Д.Трампын үг хэлэхийг сонсож байсан дэмжигчдийн хувьд хамгийн том "алга ташилт"-тай хэсэг бол хүйсийн чиг хандлагын тухайд юм.
Тэрбээр хэлэхдээ, "Цаашид эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйстэй байх нь АНУ-ын засгийн газрын албан ёсны бодлого байх болно" гэжээ.
Д.Трамп төрийн алба болон хувийн амьдралын бүхий л салбарт арьсны өнгө, хүйсийн чиг хандлагыг таслан зогсоохоо амлав. "Өнгө харалган, гавьяанд суурилсан" улс байгуулна гэж амласан.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)