24tsag.mn сайт “Элчин сайд ярьж байна” булан нээж байна. Энэхүү булангийн анхны зочноор Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайханыг урилаа. Беларусь улсад манай 40 орчим иргэн ажиллаж, амьдардгаас 30 гаруй нь оюутан. Тэдний ихэнх нь Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг бөгөөд анагаах ухаан, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, уул уурхайн машин механизмыг судалдаг ажээ. Манай улс Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил 30 жилийн ой тохиож байна.
- Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны тэгш ойн өмнө Та тус улсад суух Элчин сайдаар томилогдсон. Энэ хугацаан дахь анхны Элчин сайд болж байгаа билүү?
-Юуны өмнө ярилцлагадаа урьсанд баярлалаа. Дипломат харилцаа тогтоосноос хойш Беларусь Улсын Минск хотод 2020 оны зургадугаар сард манай улс ЭСЯ-аа нээсэн. Үүнээс өмнө Москвагаас хамаарч байсан. Миний хувьд 2021 оны есдүгээр сард Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа ороод байна.
-Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү 30 жилийн хугацаанд хоёр орны гадаад харилцаанд ямар өөрчлөлт гарч байв. Ололт нь юу байсан бэ?
-Бүгд Найрамдах Беларусь Улс бол ЗХУ-ын нэгэн бүрэлдэхүүн байсныг уншигчид сайн мэдэх байх. Социалист систем задарч Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан улс орнууд өөрсдийн тусгаар тогтнолоо зарласны нэг нь Беларусь. Манай улс эдгээр улс орнуудтай тэр үеэс дипломат харилцаа тогтоож эхэлсэн. Монгол Беларусь хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож байв. Энэ ойн өдөр хэдхэн хоногийн өмнө болж өнгөрлөө. Дипломат харилцаа тогтоосноос хойш 30 жил өнгөрчээ. Гэхдээ Беларусь улстай харилцах манай улсын харилцаа 30 жилээр хэмжигдэхгүй гэдгийг бид бүгд сайн мэднэ. Манай улсын ХХ зууны буюу орчин цагийн бүтээн байгуулалтад Беларусийн ард түмэн, мэргэжилтнүүдийн гүйцэтгэсэн үүргийг, мөн тус улсын их, дээд сургуулиудад манай олон мянган залуусыг нийгэм, эдийн засаг, соёлын салбаруудад сургасан нь эдүгээ цагт Монгол Улсын хөгжилд түлхэц болж байгаа гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна. Манай хоёр улсын харилцаа сүүлийн 30 жилд уламжлалт, найрсаг харилцаагаа хадгалан хөгжүүлж ирсэн.
-Энэ харилцааг цаашид яаж хөгжүүлэх талаар Элчин сайдаас асуухгүй өнгөрч болохгүй...
-Хоёр орны уламжлал, найрсаг харилцааг хадгалан хөгжүүлэх, Монгол орноо сурталчлах, улсынхаа эдийн засгийн хөгжилд бүхий л талаар дэмжлэг болох, ялангуяа нүүдлийн мал аж ахуйг эрчимжсэн фермэрийн аж ахуйтай хослон хөгжүүлэхэд беларусийн техник, технологийг нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг үндсэн болон богино хугацааны сургалтад хамруулах, худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг төлөвлөж, хийж хэрэгжүүлэхээр санаж бодсон зүйл их байна. Үйлдвэрлэгч орон бол олон бэрхшээлийг даван туулж чаддаг юм байна гэдгийг суугаа орныхоо жишээн дээр харж байгаа учир энэ чиглэлийг Монгол орондоо нутагшуулахын тулд Беларус улстай яаж хамтарч болох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна.
-Беларусь улс цар тахлыг хэрхэн даван туулж байгаа вэ. Суугаа орны Элчин сайдын хувьд энэ талаар уншигчдад сонирхуулна уу?
-Цар тахал 2019 оны арванхоёрдугаар сараас эхэлснээс хойш Беларусьт ямар нэгэн байдлаар хөл хорио тогтоогоогүй цөөн улсын нэг. Энд амьдрал хэвийн үргэлжилж байна. Цэцэрлэг, сургууль, албан байгууллагууд ажилладаг горимоороо л ажиллаж байгаа. Амны хаалтаа хязгаарлагдмал орчинд зүүж, вакцинд сайн дураар хамрагдаж, иргэд нь хувийн ариун цэврээ сайн сахиж байгаа нь энэхүү өвчний тархалтыг хязгаарлахад нөлөөлж байна даа. Сүүлийн үеийн статистикийн тоон мэдээнээс харахад Беларусь Улсын нийт хүн амын 54.5 хувь нь 1 тунд хамрагдсан бол 44.1 хувь нь бүрэн тунд хамрагджээ. Цар тахалтай тэмцэхэд Беларусийн Эрүүл мэндийн байгууллагууд зохион байгуулалтын сайтай байна. Беларусь вакцин үйлдвэрлэлд анхаарч байна.
-Өөрсдөө цар тахлын эсрэг вакцин үйлдэрлэх гэж байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ, Ковид-19-ийн эсрэг вакцины эмнэлзүйн өмнөх туршилтыг 2022 оны зун хийн, үйлдвэрлэлд 2023 оны есдүгээр сард гаргахаар төлөвлөж байгаа. Вакцины шинэ үйлдвэр барих төсөл аль хэдийнэ бэлэн болж, барилгын ажил эхэлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байгаагаас харахад тус улсын эм, био бэлдмэлийн үйлдвэрлэл хэр өндөр төвшинд хөгжсөн нь харагдах байх.
-Харамсалтай нь таны суугаа улс Европын Холбооны Улсаас хэд хэдэн удаагийн эдийн засгийн хориг арга хэмжээ авахуулсан. Эдийн засгийн өсөлт нь хэр байгаа вэ?
-Беларусь бол үйлдвэрлэгч орон гэдгийг онцлон хэлмээр байна. Мэдээж хориг тус улсын эдийн засагт нөлөө үзүүлж байгааг үгүйсгэхгүй, гэхдээ беларусьчууд энэхүү асуудлыг хэрхэн шийдэж байгааг хэдхэн статистикаар тайлбарлах гээд үзье. 2021 оны эхний арваннэгэн сард бараа, үйлчилгээний экспортоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.7 хувиар нэмэгдүүлж чадсан. Ингэснээр 2020 онд 44.533 тэрбум ам.долларт байсан бараа, үйлчилгээний гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 85.88 тэрбум ам.доллар болсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.6 хувиар өсчээ гэсэн үзүүлэлт. Импортыг оруулаад 40.555 тэрбум ам.доллар буюу 29.5 хувиар өсч, бараа, үйлчилгээний гадаад худалдааны эерэг тэнцэл 3.978 тэрбум ам.долларын түвшинд хүрсэн. Энэ эерэг тэнцэл нь өмнөх онд 1.995 тэрбум ам.доллар байжээ. Гадаад худалдааны бараа эргэлт 34.9 хувиар өсч, 70.767 тэрбум ам.доллар болж, экспортын хэмжээ 38.5 хувиар өсч, 3.323 тэрбум ам.доллар болсон бол импортын хэмжээ 31.4 хувиар өссөн. Ингээд харахаар эдийн засгийн хоригт орсон ч Беларусийн эдийн засаг эерэг үзүүлэлттэй гарсан гэдэг нь энэ улс үйлдвэрлэгч учраас тэр. Ард түмэн хэчнээн хөдөлмөрч байгаагийн жишээ биз дээ.
-Беларусь гэхээр хамгийн түрүүнд трактор санаанд буудаг. Тракторын үйлдвэрлэл ямар үзүүлэлттэй гарсан бэ?
-Бидний сайн мэдэх Минскийн тракторын заводын экспорт өнгөрсөн онд ойролцоогоор 25 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа. Ингээд харахад үйлдвэрлэгч улсууд цар тахлын хүнд нөхцөлийг өөрсдийн боломжид тулгуурлан эдийн засгаа дэмнэн давж байгааг харж болно.
-Беларусийн машин, механизмаас гадна хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд цар тахлаас өмнө улсын супермаркетуудаар худалдаалдаг болсон байсан. Харин сүүлийн үед беларусь хүнс харагдахгүй байх шиг байна. Беларусийн хүнсний үйлдвэрлэл ер нь хэр хөгжсөн салбар вэ?
-Өнгөрсөн оны эхний арваннэгэн сарын статистикаас бас л эш татъя. Беларусь өөрсдийн үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүнээ дэлхийн 106 оронд нийлүүлдэг болсон байна. Хүнсний бүтээгдэхүүн, ХАА-н түүхий эдийн экспорт мөн хугацаанд 16 хувиар өсч, 6.034 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг экспортолжээ. Эндээс харахад ямар хэмжээний хүнс үйлдвэрлэгч орон бэ гэдэг нь тодорхой. Ялангуяа ТУХН-ийн орнууд тэр дундаа ОХУ-д экспортлосон экспорт 12 хувиар өсчээ. Бусад оронд нийлүүлсэн нийлүүлэлт 2020 оны мөн үетэй харьцуулахад 41.8 хувиар, үүний дотор Ази, далайн орнуудад 39.3 хувь, Европын холбоонд 43.6 хувь, Америк, Карибын тэнгисийн орнуудад 58.4 хувиар тус тус өсчээ. Мөн БНХАУ-д нийлүүлсэн хүнсний экспорт 39.5 хувиар өссөн байдлаас үзэхэд хүнсний салбар нь өргөжин тэлж байгааг харж болохоор.
-Дотоодынхоо хэрэгцээг бол бүрэн хангах уу. Хүнсний бүтээгдэхүүний үнэ цар тахлын хугацаанд хэр их нэмэгдсэн бэ?
-Дотоодынхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангадаг. Өөрсдөө үйлдвэрлэгч улс учраас хүнсний бүтээгдэхүүний үнэ маш тогтвортой.
-Манай улс Беларусиас ямар нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн голчлон импортлодог вэ?
-Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн бага хэмжээгээр авч байгаа. Гэхдээ манай улсын хувьд импортоо нэмэгдүүлэх бус, гол нь беларусийн хүнс үйлдвэрлэлийн технологийг нутагшуулахад анхаарах хэрэгтэй гэдэг чиглэлийг барьж ажиллаж байна. Беларусь улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах асар их боломж харагддаг. Тодорхой ахиц ч байгаа. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр ялангуяа нэлээд ахиц гаргах чиглэлээр ажиллаж байна даа.
-Беларусь бол машин механизмын үйлдвэрлэлээрээ алдартай. Манай улсын Онцгой байдлын албад Беларусиас гал унтраах машинууд авч байгаа билүү. Энэ ямар шугамаар авч байгаа вэ?
-УИХ-аас 2019 онд Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталснаар Беларусийн Хөгжлийн банкнаас 50 сая еврогийн зээлийн шугам нээгдэж эл хүрээнд хэрэгжүүлсэн төслөөр гал унтраах машинуудыг авсан. Энэ зээлийн хүрээнд ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж, МАЗ компанийн замын засвар, цэвэрлэгээний автомашин, орон сууцны цахилгаан шат, трактор, үр тариа хадгалах агуулах, сүүний чиглэлийн үхрийн ферм байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцож, эхнээсээ хэрэгжээд байгаа.
-Беларусь улс бол бидний Европ руу гарах гарц гэгддэг. Харамсалтай нь манай улсын иргэдийн, аж ахуйн нэгжүүдийн ачаа Брестийн хил дээр гацаж байгаа тухай яригдаж байна. Энэ ачаа барааг хурдан шуурхай нэвтрүүлэхэд Та бүхэн ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Европоос манайхруу чиглэсэн ачааг саадгүй нэвтрүүлэх чиглэлээр суугаа улсынхаа хил, гаалийн байгууллагатай хамтран ажиллаж, аль болох л хурдан шуурхай нэвтрүүлэхийг хичээн ажиллаж байгаа. Брестийн хил, гаалийнхан харин ч бидний хүсэлтийг нааштайгаар хүлээн авч байдагт талархахгүй байхын аргагүй. Ачаа гацахад бас хүн хоорондын харилцааны асуудал, хайнга хандлага, хууль дүрэм мэдэхгүйгээс ч болдог юм уу монгол хүний “За болно доо” гэх хэнэггүй зан, хэлний бэрхшээл их нөлөөлж байна. Мэдээж ЭСЯ-ны үүрэг бол өөрийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэндээ эрх зүйн туслалцаа үзүүлэх. Янз бүрийн бэрхшээл гардаг ч бид тэр бүгдийг Беларусийн хил гаалийнхантай ярилцаж ойлгуулах гээд бүх л бололцоогоороо асуудлыг шийдвэрлээд зүтгэж байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Монгол Улсын алтан аргамж бөх байг.
-Баярлалаа. Ерөөл оршиг.
П.Мөнхтамир
Сэтгэгдэл (41)