ЭЕРЭГ БИЧВЭР
“ЭЕРЭГ БИЧВЭР” буландаа энэ удаа үзгээ шүүрч аваад “Ээж нь хүүгээ их л санах юм даа” хөшөөний тухай үзэглэлээ. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд налгар сайхан намар болж байна. Ээждээ зорин очоод яаруухан буцаж явахдаа энэ хөшөөний дэргэд түр саатлаа. Миний ээж ч бас намайг хүлээж суусан. Хүлээс алдармаар санасан сэтгэлийнх нь цангааг жаахан ч гэсэн тайлаад буцаж явахдаа ийм шинэ хөшөөтэй болсныг харж цөөн үг бичив.
“Зохист дорно” хэвлэлийн газрын ерөнхий редактор, сэтгүүлч Б.Төгсжаргал.
Миний, бидний уран зохиолын багш, зохиолч, яруу найрагч Чойсүрэнгийн Дагвадорж “Ээж минь дээ” гэж сайхан дуу зохиож монголчууд ардын дуу мэт аялгуулан дуулдаг билээ. Будантай юу буурал хорвоодоо гээд эхлэхэд түрэхгүй монгол хүн байдаг гэж үү? Аргагүй л ардын дуу шиг зуу зуун жил өртөөлөн дуулагдах эгшиглэнт аялгуу гэж боддог. Хожмоо Хөвсгөл аймгийн Арбулаг суманд багшийнхаа хөдөө гэрт зочилж, ээждээ зориулан бүтээсэн дууны шүлгийг нь сийлсэн хадан хөшөөнд ээжтэйгээ хамт очиход тэр өдөржингөө олон хүн цуглаж, дуу шүлэг болоод хүн бүхний сэтгэлээс ээж, эх хүний хүний халуун яриа өрнөж билээ. Тэр үед Чойсүрэнгийн Дагвадорж багш минь:
- Ээждээ дуу зохиож, хөшөө босгоод ч эргэж ирэхгүй. Тиймээс ээжийгээ амьдад нь баярлуулж, олон жил хамтдаа урт наслаарай гэж тэнд цугласан бидэнд захиж билээ.
Харин энэ хөшөөний дэргэд ирэхэд тэр өдрүүд эргэн ирэх шиг санагдсан юм. Эх орны минь дөрвөн зүг найман зовхист олон утга агуулга, бэлгэдэл бүхий хөшөө байхтай таарч байлаа. Ажил мэргэжил, аав ээжийнхээ буянаар олон газар орноор явжээ. Олон нийтийн дунд хөшөө их байна гэж шүүмжлэл элбэг байдаг. Энэхүү “Ээж нь хүүгээ их л санах юм даа” гэсэн хөшөө бол араг үүрсэн монгол ээжийн алсын барааг саравчлан хүүгээ хүлээх сэтгэлийг илтгэсэн нь уярам болжээ. Ямар ч байсан энэ хөшөөний дэргэдүүр өнгөрсөн монгол хүн хэн боловч,
- Аан нэг хөгшин хүний хөшөө байна гэж бодоод өнгөрөх аргагүй, ээжтэй нь ээжийгээ улам санаж, ээж нь бурхны оронд явсан хэнд ч гэсэн ээжийгээ санан дурсаж, тэврээд уйлмаар хөшөө болсон байна гэж санагдлаа.
Зүг зүгийн салхи нь цацлын ерөөлтэй исгэрэхэд
Зөөлөн хөх аялгуун дунд хадган сэтгэлтэй монгол ээжүүд
Эндэж алдахын тоолонд ижий гэж дуу алдах биднийгээ
Элбэрэл хайрын гэгээн асар дор түшдэгээ
Намрын намар навчистай хамт гуниг нь сарнидаг уяхан сэтгэлтэй
Намба эрхэм монгол ээжүүдийн өлмийд орчлонгийн ихэрхэл сөхөрдөг
Араг түшиж үрээн төрүүлдэг нь домог биш
Үнэн байдагт нь даяараан гайхширч
Амрагаан хүлээж дээжээ өргөдөг их тавилан нь хурмастын соёрхолд нийцдэг ээ
Наадмын торгон дэвжээн дээр хүүгээн тахимын ёсон дор
Тэнгэрлэг байж
Налсан өвсний гуниг тайтгаралыг хамт эдэлдэг аваргуудаа
Намайг нартай хамт мандаж жаргаж явахад минь
Насныхаа цагаан даваан дээр хөтөлгөө морьтой хүлээдэг нь
Монгол ээжээ
Ингэж үр хүүхэд биднийхээ унаж, босохыг байтугай, налсан өвсний гуниг тайтгаралыг хүртэл хүртэл сонсож, анирдаж чаддаг “ЭЭЖ” эрдэнэдээ зориулан босгосон энэ хөшөөг бүтээсэн хүн бүхэнд баярлаж байна. Үүрсэн арганд нь дүүрэн аргал хийгээд, дээлийнх нь хормой хийсэж, ээтэн хоншоортой монгол гутал өмсгөж дүрслэн баруун зүг саравчилсан нь сэтгэлд нэгийг бодогдуулна. Араг, амьдрал хоёрыг адилхан үүрэх хаттай ээж хүний хайрын тухай ярьж бичвэл дуусашгүй билээ.
Алчуураа гандахыг мэдэхгүй хэдэн хүүхдээ л гэж бодож, хаашаа ч салхилж мэдэх энэ орчлонгийн жаргал зовлон дундуур хувиршгүй хайраа тээж явдаг ээжийнхээ тухай бид алхам тутамдаа бодож явдаг бил үү дээ.
Ажил амьдрал ар гэр гээд аар саархан асуудал дунд хөвөрч, хөшиж явахад ээж минь урт насласаар л байдаг. Он цагийн шуурганаас онож харамжлаж, хайрлаж, эрхлүүлж чаддаг гэж үү. Цөөхөн дөө. Бидэнд олон сайхан ээжийн тухай дуу шүлэг бий. Харин дуулсан шигээ ээждээ очиж, туслаж, хайрлаж сэтгэл зүрхнийх нь үгийг уудлан сонссон мөчүүд хэд билээ. Би л хувьдаа өөрийгөө голдог. Ээжийгээ гэж бодож, хайрладаг, тэмүүлдэг, зорьдог зовлон жаргалыг нь сонсдог үр хүүхдүүд өнөр олон байх болтугай.
Сүүн бурхан ижий заяа зөвхөн таных
Сүүдэр дарж гэгээ татуулах увдис таных
Мэлмий цагаан саран гэрэлт сэтгэл таных
Мэндийн орчлонд намайг төрүүлсэн тавилан таных ИЖИЙ МИНЬ
Сэтгэгдэл (8)