ЭЕРЭГ БИЧВЭР
Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой 2021 онд тохиох гэж байгаатай холбогдуулан түүхэн гавьяа байгуулсан зарим алба хаагч нарынхаа ярилцлагыг хүргэж байна. Энэ удаа бид 1981 онд өөрөөсөө гадна гурван хүний амь насыг аварч, “Шудрага журам” медалиар шагнагдаж байсан, цагдаагийн ахлах ахлагч Г.Даваажав гуайтай уулзаж ярилцлаа.
“Зохист дорно” хэвлэлийн газрын ерөнхий редактор, сэтгүүлч Б.Төгсжаргал.
-Та цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан бэ?
-Анх би цагдаагийн байгууллагад 1974 оноос эхлэн цагдаа жолоочоор ажилласан юм. Өмнө нь Увс аймгийнхаа эмнэлэгт түргэн тусламжийн жолооч хийж байгаад цагдаад ажиллаж эхлэсэн л дээ. Би Увс аймаг дахь цагдаагийн газарт 1997 он хүртэл ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм. Энд ирээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст жижүүрийн цагдаа, их дэлгүүийн цагдаа, эрүүлжүүлэхийн жолооч зэрэг ажлуудыг хийж байгаад тэтгэвэрт гарсан даа. Ингээд бодохоор би амьдралаа цагдаагийн байгууллагын шуурхай дуудлагатай ажил амьдралаа холбосон хүн дээ. Төрийн минь буян их. Одоо ч цагдаа маань намайг мартаагүй. Ахмадуудтай уулзалт хийх бүхий л ажил арга хэмжээндээ байнга урьдагт маш их баяртай байдаг.
-Энэ албанд олон жил зүтгэсэн хүний хувьд албаараа хэрхэн бахархдаг вэ?
-Цагдаагийн алба хамгийн гол нь шуурхай байх ёстой гэдгийг би энэ албанд томилогдсон цагаасаа эхлээд л ойлгосон. Тэгээд би цагдаа жолооч хүн гээд дуудлаганд очоод машиндаа суугаад байдаггүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бүхий л ажилд оролцдог. Энэ олон жил ажиллахдаа олон арван хүнд, хэцүү дуудлаганд явж байлаа. Алсын дуудлаганд бас явна. Увс аймагт бол очоогүй уулын энгэр үгүй байх даа. Завгүй явсаар байгаад нэг л мэдэхэд би гавьяаныхаа амралтад гарах болсон байсан. Одоо тэтгэвэртээ суусан ч гэсэн элэг сэтгэл маань энэ сайхан албандаа үргэлж үнэнч байдаг юм.
-Анх та цагдаад жолооч болж ороод ямар машин барьж байв?
-1974 онд би аймгийн цагдаагийн газарт ажилд ороход нэг л 69 машинтай байдаг байсан. Гэмт хэрэг, гал түймэр гээд дуудлага бүхэнд өнөөх 69 машинтайгаа явна. Хүн ам, ажил ачаалал одооныхтой бол харьцуулашгүй бага санагддаг ч өдөр бүр завгүй дуудлаганд явдаг байсан. Аргагүй дээ хүн хүч, машин техник цөөтэй байсан. Мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, төлөөлөгч нартайгаа Увс аймгаасаа гадна Баян-Өлгий, Завхан гээд ойр ойр орчмын аймгуудаар ч их дуудлаганд явдаг байв. Тувагийн хил рүү хүртэл малын хулгайн ажлаар их явсан. Тэр үеийн цагдаагийн алба хаагч нар адилхан ажил ачаалал ихтэй, нэг сард гэртээ цөөхөн хонох бол энүүхэнд. Цагдаагийн алба хаагч нар хийсэн ажилдаа тэр бүр гавьяархдаггүй л болохоос маш ачаалалтай ажилладаг хүмүүс шүү дээ.
-Таныг олон хүний амь насыг аварч “Шударга журам” медалиар шагнагдаж байсан үйл явдлыг онцолж байна. Энэ тухай эргэн дурсана уу?
-1981 оны 07 дугаар сарын 25 ны өдөр болсон явдал л даа. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д. Майдар манай Увс аймгийн Хяргас нуурын “Хар тэрмэс” амралтын газарт гэр бүлээрээ ирж амарсан юм. Энэ өдрийнхөө орой 19 цагийн орчим бид завьтай даргыг зугаалуулахаар завиа түрэн усны захаас 100 гаруй мерт дотогшилсон байсан юм. Гэнэт хүчтэй салхи салхилаад амралтын гэрнүүд бүгд унаж, байшингуудын цонх хагарч, байгалийн маш ноцтой үзэгдэл гарсан. Тэр хүчтэй давалгаанд бид Хяргас нуурт завьтайгаа хөвөөд байгалийн давагдашгүй хүчинд автаж, сэлүүрээр урагш явж өгөхгүй, сэлүүрдэх тэнхэлгүй болсон. Энэ завин дээр Майдар даргаас гадна манай Увс аймгийн цагдан сэргийлэхийн дарга Даваа, Майдар даргын жолооч Төмөрбаатар гээд надтай нийлээд хүн явсан.
Давалгаанд хөөгдөөд хчинээн сэлүүрдэвч хүч нь дийлдэхгүй байгалийн давагдашгүй эрхшээлд орсон. Тамираа тасартлаа сэлүүрээрээ сэлүүрдсээр байхад давалгаа улам ширүүссэн юм. Давалгаан дээр завь маань үсэрч цойлоход, Майдар дарга бидэнд:
Та нар юу ч тохиолдсон завинаасаа салж болохгүй гээд завин дээрээ бүгд доошоо шигдэж суусан юм.
Гэтэл завины маань хойно нэг таглаа байхыг үзээд тэр тагаараа усаа шөнөжин шавхсан юм. Хүмүүсийн бие муудаж, сүүлдээ нэг нэгнийхээ дууг ч сонсож чадахгүй болсон. Гэгээ орохын алдад харин бид цаад талын эрэг рүү нэлээд дөхсөн байсан. Тэгээд сэлүүрдсээр байгаад цаад талд нь гарсан л даа. Эрэг дээр гараад л хар эрчээрээ ойчоод өгсөн юм. Байнгын усаа шавхаж байсны үр дүнд би өөрөөсөө гадна бусдын амь насыг аварсан даа.
-Харин эрэг дээр гарч ирээд чухам юу болов ?
-Бид өглөөний 05 цаг 17 минутад цаад эрэг дээр нь гарсан. Тамир тэнхээ байхгүй болсон бидний хэдэн нөхдийг ногоон онгоц ирээд аваад явсан. Мотоциколтой, машинтай хайж байсан санаа зовж байсан маш олон хүмүүс ирж баяр хүргэж билээ. Тэгээд бид хэд хоногийн дараа л хэвийн байдалдаа орсон доо. Д. Майдар даргын очсон амралтын газар дээр буусан юм. Харин хэд хоногийн дараа Улаанбаатар хотоос Төмөрбаатар гэж комиссар ирээд НАХЯ ны 3 дугаар газрын дарга Банзрагч генералын гарын үсэгтэй “Шудрага журам” медалиар намайг шагнасан. Тухайн үед бол тэгж л зүтгэхээс өөр аргагүй байдалд орсон юм. Түүхт он жилүүдэд чимээгүй гавьяа байгуулж олон хүний амь насыг аварсан цагдаагийн алба хаагч нар олон доо. Тэднээрээ би ч бас бахархаж явдаг юм.