ЭЕРЭГ БИЧВЭР
Аавын минь нэг насаараа ажилласан “Үнэн” сонины түүхт 100 жилийн ой тохиож байгаа нь манай гэр бүл, бидний бас баяр мэт санаж бэлгэшээж байна. Аавынхаа тухай дурсамжийг "Эерэг бичвэр" булангаараа хүргэж байна.
“Зохист дорно” хэвлэлийн газрын ерөнхий редактор, сэтгүүлч Б.Төгсжаргал.
Гэрэл зургийг Б.Нямбар
Аавтай явсан цаг хором хормоор алсалж
Амьдралд үүрэх ачаа хоног хоногоор хүндрэнэ
Хүүг чинь дандаа баярлуулж хүмүүс таныг дурсаад байна
Миний сайхан аав хүний сайн нь байж дээ... гэж аавын минь тэрлэж үлдээсэн шүлэг. Миний дэрлэж хонодог бодол юм. Чухам хүн үр хүүхэддээ үргэлжлэл болон шингэхийн учир энэ болой.
Миний аав Ишийн Батсүх туулж өнгөрүүлсэн богинохон амьдралаа үргэлжийн уншиж, бичих, бодох хань үр хүүхдээ хайрлах тийм гэгээн тунгалаг агшнуудаар дүүрэн өнгөрүүлсэн эгэл жирийн сэтгүүлч, яруу найрагчдын нэгэн байсан юм. Дарьганга сумаасаа ажил амьдралын гараагаа эхлэж байсан аав минь насаараа намын “Үнэн” сонины сурвалжлагчийн албыг хашиж, “Монцамэ” агентлаг, “Монголын радио”, “Тоншуул”-ын орон нутаг дахь сурвалжлагч, “Сүхбаатарын зам”, “Дөл” сонины эрхлэгчийн албыг хашиж, хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарт үгийн билэг, үзгийн хурцаар үнэний тухай ихийг өгүүлж явсныг олон сайхан нөхөд нь дурсан ярьдаг юм. Аавынхаа энэ сайхан ажил мэргэжлийн буянаар үр хүүхдүүд нь болсон бид ч бас эрдэм боловсрол эзэмшиж, “Үнэн” сонины сурвалжлагчийн хүүхдүүд гээд хайр хүндлэлийг нь хүртэж ирсэн, одоо ч хүртдэг.
Социализмын үед тусгай дэлгүүрээр үйлчилүүлж, Сайд нарын 2 дугаар эмнэлэгт хүртэл үзүүлэх, эмчлүүлэх пропуск үнэмлэх олгодог байсан ч аав минь бараг энэ эрхээ эдлэхгүй, олон хүүхэдтэй бусад айлуудын нэгэн адил даруу төлөв бай гэж хэлдэг байсан тухай ээж минь ярьдаг. Харин бичсэн сурвалжлага, нийтлэлээрээ бусдыгаа манлайлж, эрхлэгчийнхээ хүртэл хүндлэл, сайшаалыг олонтаа хүртэж байсныг үзэг нэгт нөхөд нь дурсамж болгон ярьдаг байв.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар “Үнэн” сонины эрхлэгч асан Лодонгийн Түдэв гуай:
“Орчин үед уран зохиол нь баримтат уран сайхны шинжтэй болж тэгснээрээ сэтгүүлзүйн бүтээлтэй “ойрхон нягтрах” үйл явц хүчтэй болж буйн шинжийг тэртээ гучаад жилийн чанадаас мэдэрч уран бүтээлдээ баримталж ирсэн цөөхөн сэтгүүлчийн нэг нь Ишийн Батсүх болсон юм. Үнэн санааны хуулиар урлаж бүтээж явсныг хорьдугаар зууныг өндөрлөх жилүүдэд монгол үндэсний хамгийн том индэр асан “Үнэн” сонины хуудаснууд гэрчлэхээс гадна шүлэг найраглал, нийтлэлийг нь агуулсан уран зохиолын номууддаа тэр л санаа бодлоо шингээж үлдээжээ” гэж бичсэн юм. Аргагүй л хүн гэдэг хийсэн ажлаараа бусдад хүндлэгднэ гэдэг энэ юм даа.
Харин энд сонин болгож бичихэд аав минь Л.Түдэв гуайтай хүн чулууны судалгааны номных нь ажлаар Сүхбаатар аймгаа тойрсон гэдэг. Л.Түдэв гуайг Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшихэд бараг айл хэснэ гэдгийг мэддэггүй хүн өөрийн хариуцсан айлуудаараа намайг дагуулаад орой болгон сурталчилгааны сониныг нь бариад өөрөө дэвшиж байгаа мэт идэвхтэй ороод, “энэ их эрдэмтэй хүн эх орныхоо төлөө их зүйл хийнэ” гээд л ярьж өгдөг байж билээ. Аавын минь хувьд Л.Түдэв гуай “Оюуны гэрэлт бамбар” нь байсан юм. Хуучны улсууд ингэж бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж, хүндэлж, түшиж дэмждэг тухай олон дурсамж уншиж байлаа.
Бид аавынхаа гэгээн дурсгалд зориулж ажиллаж амьдарч байсан Сүхбаатар аймгийн төвд нь “Манайд ирээрэй” нэртэй номын өргөө байгуулж, зохиолч, сэтгүүлчийн ажил хөдөлмөрийн үр шимээр бүтээсэн олон арван бүтээл, эдлэж хэрэглэж байсан зүйлс, гар бичмэлийг нь нандигнан хадгалж хамгаалахаас гадна үргэлж олон нийтэд дэлгэж, хүргэж байдаг. Энэхүү хүндтэй ажлыг боловсролын байгууллагад 40 гаруй жил ажилласан ээж Ж.Наранчимэг маань хариуцаж номын садан үе үеийн хүүхэд залуус уран бүтээлчдэд танилцуулдаг билээ.
Бид аавыгаа бурхан болоход жоохон хүүхдүүд байсан учраас ээж минь энэ олон жилийн нүүдэл суудал болоход ханийнхаа бүхий л зүйлийг яг хэвээр нь хадгалан, мэдээ материал нь нийтлэгдсэн таван хошуу тэмдэглэгээтэй сонины хуудас бүхнийг нандигнаж явдаг юм. Учир нь аав өөрийнх нь материал гарсан сонины нүүрэн дээр таван хошуу тэмдэг тавьж, сонингоо он оноор дэс дэсээр нь хадгалдаг хариуцлагатай хүн байлаа.
Бичгийн машинаараа бичиж, туурвиж, бэлэн болохоор нь өөрөө цаасан дугтуйгаа хайч, цавуу, цагаан цаас барьж байгаад л хийчихнэ. Өөрөө зургаа аваад, угаана, хэвлэнэ гээд тэр үеийн сэтгүүлч нар бүхий л зүйлийг өөрөө хийж чаддаг мундаг хүмүүс байж дээ. Аавын минь зураг угаадаг хэрэгсэл, ховор нандин плёнкнууд, бичиж байсан үзэгнүүд тэр байтугай бичгийн машинаараа бичиж байгаад үг үсэг засахдаа хэрэглэдэг байсан бриитик нь хүртэл бидэнд буй. Энэ бүхэн ээжийн минь гавьяа.
Аав минь бас аавынхаа авсан баярын бичиг, дээл малгай, одон тэмдэг гээд 1930-аад оны бүхий л зүйлийг нь хадгалдаг чамбай хүн байсан. Цагаан сар болохоор аавынхаа бүх зүйлийг ил гаргаад бидэнд үзүүлнэ. Одоо харин бид аавынхаа гэсэн бүхий л өв хөрөнгө, анд нөхдийнх нь гар бичмэл, дурсгасан номыг дурайтал хадгалаад “Манайд ирээрэй” номын өргөөндөө бурхан шиг залж амьдардаг.
Дарьгангын соёл, түүхийг түүчээлсэн “Өвгөдийн оршсон нутаг” баримтат кино, “Дарьганга аялгуу” дууны цомог, нутгийн найрагчдын бүтээлийн “Дарьганга ай-1”, “Дарьганга ай-2” цомог, сэтгүүлзүй, яруу найраг, дурсамжийн “Сэтгэлд уянгалах яруухан хөгжим шиг” , “Хүн уул” ном бүтээсэн билээ. Аав минь бидэнд оюун санааны шавхагдашгүй их өв үлдээсний хамгийн цөм нь “Үнэн” сонинд бичиж байсан ярилцлага, нийтлэл, хөрөг, дурсамжууд нь юм.
Үүнээс гадна “Үнэн” сонин гэдэг энэ том айл ажил хөдөлмөр, авьяас ундаргын түүхэн талбар байхаас гадна анд нөхөрлөлийн том өргөө байсныг аавын минь нөхдийн бидэнд бичиж өгсөн дурсамжаас тодхон уншигддаг юм.
Зохиолч сэтгүүлч, аавтай минь нэгэн үеийн эрхэм ах Г.Жамц:
“Бүтээлийн их УУРХАЙ болсон “Үнэн” сонинд ажилласан он жилүүд минь хичнээн сайхан нөхөдтэй болгосон юм бэ. И.Батсүх минь өөрийн авьяас чадвар, хөдөлмөрч хичээл зүтгэлээрээ манай сонины “даалуу”, “бэрс” шиг шилдэг сэтгүүлч болсон юм. Түүний бичсэн мэдээ, сурвалжлага, өгүүлэл, тэмдэглэл, найруулал нь илүү дутуу үггүй, санаагаа цэгцтэй илэрхийлдэг, бичлэгийн найруулга зүй нь төгс төгөлдөрөөрөө бусдаас ялгардаг байлаа. Сонины газраас өгсөн захиалгат бичлэгийг хурдан шуурхай биелүүлнэ. Энэ нь орон нутгийн сурвалжлагчийн маш чухал шаардлага. Тэр маань хүний хувьд ёстой эр хүний хуйх байлаа” гэж бичиж өгсөн юм.
Харин үзэг нэгтэй, “Үнэн” сонины сэтгүүлч анд Жа. Пүрэв ах маань:
Ишийн Батсүхээ санахаар сэтгэл сэргээд явчихдаг юм. Би баруун аймгуудад, И.Батсүх минь зүүн аймгуудад “Үнэн” сонин “Монцамэ”-ийн тусгай сурвалжлагчаар ажилладаг байсан юм. Аливаа бүхнийг бага гэлтгүй баараггүй хийдэг итгэлт анд минь байсан юм. Тэрээр хэлье гэснээ ёстой хэлж байгаа юм шиг хэлнэ. Хэнээс ч айхгүй, үг хэл нь хурц тод, шударга бус юмыг үзэн ядна. Зүгээр нэг шударга биш юм гээд хэлээд өнгөрөхгүй үг хэл, үйл хөдлөл, дууныхаа өнгөөр ч дурайтал ялгаад өгнө. Тэгсэн хэрнээ бусдыг, ялангуяа ядарсан зүдэрсэн хүмүүсийг өрөвдөж хайрлах нь бүр нэг сэтгэлээсээ байдагсан. Ер нь Батсүх шиг тийм ахиад сэргэлэн, цовоо, хэн байдаг билээ гэж бодоход тэр бүр хэн нэг хүн санаанд ордоггүй юм. Дэндүү өрөвч сэтгэлтэй хүн байж дээ” гээд л бичиж өгсөн юм. Жа. Пүрэв ах маань насан эцэс болтлоо бидэнтэй холбоотой байсан даа.
Одоо аавын минь ажиллаж байсан үеийн хүмүүс гэхээр сэтгүүлч Г. Дамба, гэрэл зургийн нэрт сурвалжлагч Н.Бөхдамбий ах нартайгаа таарах болгондоо аавтайгаа уулзсан юм шиг баярлаж, хүүхэд шиг хөөрдөг. Ийм л нандин холбоо хэлхээ “Үнэн” сониных юм даа.
Би аавынхаа мэргэжлийн өвлөн одоо Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд сэтгүүлч, редактораар ажиллаж байна. Аавынхаа төгссөн Монгол улсын их сургуульд суралцаж, өгсөж уруудаж явсан шатаар нь өөд уруугүй явж, Батсүхийн охин юмуу хэлэгдэх хүндтэй сайхан нөхдөөр нь хичээл заалгасан юм. Төгсөөд аавынхаа үзэг нэгт андуудтай ажиллаж, тэднээсээ үг сургаалийг нь сонсож үйлсийг нь үргэлжлүүлж яваагаа өөрийн сайных гэж өчүүхэн ч үл боддог. Аавын минь өв. Амьдралыг минь өдий зэрэгтэй явахад хамгийн их нөлөөлсөн “ҮНЭН” сонины гавьяа юм. Би бас нэг хэсэг цөөхөн материал нийтлүүлдэг байсан.
Аавынхаа үзэг, дэвтэр үнэмлэх, бичгийн машин, дуу хураагуур гээд бичиж үлдээсэн нэг цэг, таслалыг хаяж гээлгүй өөрийнх нь төрж өсөж, ажил амьдралынхаа гарааг эхлүүлсэн Сүхбаатар аймагт нь байгуулсан “Манайд ирээрэй” гэсэн номын өргөөнд байгаа бүхэн ааваас минь өвлүүлсэн өв байхаас гадна “МОНГОЛЫН “ сонины өв гэж бодож бэлгэшээдэг юм.
Аав минь Дагшин нутаг Дарьгангадаа өсөж, Алтан-Овоо, Ганга нуур, Шилийн Богд, Цагаан овоо гээд олон цэнхэр суварга мэт Дарьгангын уулс дундуураа сүлжиж, их найрагч Данзангийн Нямсүрэнтэй агь Гангын хөвөөнд бөх барилдаж, шүлэг тэрлэн, овооныхоо энгэрт морь тарлаж, О.Дашбалбар найрагчийн уран бүтээлийн анхны багш нь байж, Г.Мэнд- ооёо ахын нутгийн ах, шүлгийн онгод хайрлагч найргийн анд нь байсныг тэдний олон сайхан дурсамжаас сонсож, уярч дурсаж байдаг юм.
Төрийн соёрхолт яруу найрагч агсан О.Дашбалбар “Багш” нийтлэлдээ:
“Ангийн хаалга нээгдэж Батсүх багш орж ирэх нь ертөнцийн хаалга нээгдэж Бурхан багш залрах лугаа адил бөгөөд энэ нь нэгээхэн ч хэтрүүлэг бус багшийгаа бурхан багш гэж бод хэмээн манай шашин сургах бөлгөө. Батсүх багш минь хичээл зааж байхад түүнээс гэрэл цацрах мэт байдагсан.Түүний цээл сайхан хоолой тасалгаа дүүрэн цуурайтаж, бид түүний чин зүрхний үг, дуу хоолойн аялга, хөдөлгөөн бүхэнд олзлогдож, түүнтэй ангарүүлсэн агшин бүр энэ ертөнцөөс бидэнд заяасан нэгэн их бэлэг, хайр хишиг болдог байлаа. Тэрээр биднийг Гогольтой уулзуулж, Тарас Бульбатай танилцуулж, түүний аяаар бид Дундад зууны Англи улсад нисэн одож, Шекспир хэмээх нэгэн их хүнтэй учран Ромьео хөвгүүнийг бахархаж, Жульетад дурлана” гээд яг л шүлэг мэт яруу сайхнаар бичсэн байдаг. Ингэж л хань ижил, үр хүүхэд анд нөхөр, шавь нартаа хүндлэгдэж, “Хүнд хүн чанар, эрүүл саруул бие байхад бүх юм л байна гэсэн үг, хүнд тусалж, гэрийн хамгийн гол нь бусдын тусыг ч үл мартаж болно, миний хүүхдүүд эрт бос, ном унш, оньсого таалцаж бай ухаан тэлнэ. Элсэнд асгасан ус шиг худал битгий хэлж бай, эх нутгаа хайрлаж, уул овоогоо шүтэж бай” гээд үргэлж хэлж сургаж захидаг сан. Хамгийн гол нь миний аав, ээж сайн сайхан бүхнийг өөрийн биеэр үлгэрлэж сайхан хүмүүс дээ.
Манайх гэдэг айл ах дүү долуулаа. Өглөө бичгийн машины дуу, оёдлын машины дуу угтаж, үдэш яг л энэ дуу үддэгсэн. Аавын минь улаан гадартай “Үнэн” сонины сурвалжлагчийн үнэмлэх одоо ч манай гэрийн хойморт байдаг хамгийн чухал зүйлсийн нэг. Лодонгийн Түдэв гуай аавыг минь бурхан болсныг сонсоод:
Олон хүүхэдтэй хүн юм чинь нэг хүүхэд нь бичих авьяастай байж магад. Тиймээс бичгийн машиныг нь үлдээе” гээд албанд дансалж буцааж аваагүй өгсөн юм. Бидэнд ааваас минь үлдсэн хамгийн том өв хөрөнгө бол тэр БИЧГИЙН МАШИН. Энэ бичгийн машин одоо ч аавын минь тухай бичүүлж байна. Тэгэхээр “Үнэн” сонины минь гэгээн мөр, гэрэлт хүмүүсийнх нь бүдгэрэшгүй түүхээр улам зузаарсаар байх болно.
Аавтай явсан өдрүүд хором хормоор алславч
Амьдралд үүрэх ачаа хоног хоногоор хүндрэнэ
Хүүг чинь дандаа баярлуулж хүмүүс таныг дурсаад байна
Миний сайхан аав хүний сайн нь байж дээ.
Эх сурвалж: Үнэн сонин