ЭЕРЭГ БИЧВЭР
“Эерэг бичвэр” булангаараа Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нууранд чуулдаг хунгийн чуулганы талаар эргэцүүлэл, дурсамж илгээлээ. Амьдрал үргэлж гайхамшигаар дүүрэн байдаг. Монголчууд буцах шувуудыг бүү хар гэж хэлдэг ч Ганга нуурыг маань зорин очих хүмүүс цөөрөхгүй л байна. Бурхан өршөөг.
“Зохист дорно” хэвлэлийн газрын ерөнхий редактор, сэтгүүлч Б.Төгсжаргал.
Гэрэл зургийг Д.Амараа Сүхбаатар аймгийн Дарьганга. Ганга, Дуут, Хунт нуур.
Дүүрэн цагаан хун шувууд дүүлэн нисэх Ганга нуур минь
Яг одоо манай нутагт намар болж байгаа
Яруу найраг шиг гэгээн өдрүүд үргэлжилж байгаа
Гангар цагаан хун шувууд нь дүүлэн нисээд
Гадаа нарлах хөгшид минь сэтгэл уйтай байгаа гээд хэдэн жилийн өмнө нэг их урт шүлэг бичиж билээ.
Одоо ч бас ийм өдрүүд үргэлжлээд он цагийн хүрд эргэсээр л байна. Намрын намарт хүн их очдог, хун олуулаа чуулдаг Дарьганга нутгийн маань Ганга нуур хүн бүрийн хүслэн болж, зорин очдог нуур болдог. Бяцхан охин байхаасаа энд өсөж торниж, жирийн бичээч нэгэн болтлоо Дарьганга нутгийнхаа тухай баримтат кино, шүлэг дуу, нийтлэл гээд цөөнгүй зүйл бичлээ. Цаашдаа ч бичнэ.
Ганга нуур минь гангар цагаан хунгаар дутах вий гээд гуниглаж бичиж байсан. Учир нь нэг хэсэг Ганга нуур ширгэлээ шүү гээд л авран хамгаалгах аян арга хэмжээ хаа сайгүй өрнөж, мянга мянган хүмүүс сэтгэл тавьсан. Энэ бүхний үр дүн байсан ч байж мэднэ. Тэгээд уул овоо минь түшсэн нь дамжиггүй Ганга маань дүүрэн цагаан хун шувуу нь дүүлэн нисээд л байж байна.
Ганга нуур минь ганга нуур минь
Ганган цагаан охин минь гээд уярч бичиж л байсан. Энэ шүлэг дуу болсон.
Уул уулын чинадаас угаасан усандаа
Гангын халуун амьсгаа газрын холоос тослоо доо гэж аав минь бичиж үлдээсэн. Бас л дуу болсон. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ эгч маань аялгуулан дуулсан юм.
Энэ удаа Улаанбаатарынхаа навч нь намайг, чамайг үнсэж, хөлийн дор хөглөрч, хөглөгдөн санагалзах Ганга нуураа бодоод зарим нэг хуучин дурсамж бодол ээрээд байхаар нь цөөн үг сийрүүллээ.
Эрт урьд цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа эргэж ирсэн нэгэн хvн Ганга мөрний рашаан бумбанд хийж залаад тvvнээ элсний хормойд булсан юм гэнэ. Хожим тvvнээс булаг оргилж, Ганга нуур үүссэн тухай домог үеэс үед яригдсаар ирсэн билээ. "Зүүн талаас нь Оргихын булаг, урдаас нь Баянбулаг ундарч нуурын урд, баруун хэсгээр 19 булаг даацлан Гангын усыг сэлбэдэг. Баруун хойно нь Ганга нуурын усаар сэлбэгддэг Гангын олгой гэж ус байсан. Зуны өдөр хав халуун байдагсан. Одоо хуурай хонхор болсон байна лээ. Ганга нуурын талбай гурав орчим ам дөрвөлжин км. Талын сайхан нууранд минь Улаан номонд орсон "Дорнодын мэлхий" байдаг гэж Ш.Содномдаш багшийн эмхэтгэсэн "Дарьганга нутгийн домог" номонд өгүүлжээ. Ийм л ариун дагшин ус маань он он дамжин өртөөлөн хүн малаа умдаалан, сэрүүцүүлж, Дарьганга нутгийн нуур усны амин судас болон оршсоор ирсэн билээ.
Үзэсгэлэнт төрхөөрөө нуур усыг минь чимж, хүн зоныхоо сэтгэлийг баясгаж байдаг хун шувууд хаврын хаварт хэдэн зуугаараа нисэн ирж, намрын намарт хэдэн мянгаараа чуулан цэнгэх нь гайхамшигтай.
Манай нутгийн нэрт зохиолч Д.Маам "Ганга та дэлэх жигүүртэн ажээ. Эрдэнийн усандаа таны манцуйлсан, биеийг нь өгч жигүүрийг нь сунгасан Гангын хун галууд хаана явна. Та өөрөө тэнд явна. Газрын мухарт галуу чинь улдахад элс чинь шархиран нурна. Эргэж унах сүн цацал мэт тэнгэрийн хаяанаас хун чинь цайрахад булаг чинь хөөрөн оргино. Ганга та дэлэх жигүүртэн ажээ. Та мину, зэ" гэж үзэглэсэн нь уран бүтээлчийн уянгын халил, уран сэтгэмж төдий өгүүлэмж бус Ганга, хун хоёрын хүйн холбоог хүмүүн бидэнд улам ойлгуулж, учирлаж, хайрлаж тэтгэж яваарай гэсэн гэрээслэл гэж бэлгэшээн боддог. Харин миний аав сэтгүүлч, яруу найрагч агсан Ишийн Батсүх “Дарьганга” баримтат кинондоо, "Бүсгүй хүний мэлмий гэлтэй Ганга нуур, Дарь уулын тэргүүнийг мөнх ширтсэн байдаг юм. Ганга нуурын мандал дундаас Алтан-Дарь уул харагдана. Алтан-Дарь уул нуурын мандлыг мөнхөд өнгийн ширтэж байдаг юм. Үүрд биесээ шүтэж байдаг уул, нуур хоёрын ийм нэгэн барилдлагыг бэлгэдэн өгсөн Дарьганга гэдэг нэрэнд их гүн утга шингэсэн Бие биеэ мөнх харсан байгалийн энэ тохиол, хүн хүндээ нөхөр байхын учир утгыг хэлсэн биш үү? Эх нутаг, эзэн хүн хоёрын хэлхээ холбоо ийм болоод эх орноо мөнх хайрлах хүний хайрын утга учир ч бас үүнтэй агуулга нэгэн билээ. “Ганга нуурын ганган улаан бургас, хун шувуу үй зайгүй буудалласан толин цэнхэр мандал, Гангын хөвөөг эмжсэн торгон элс. Элс усны сэжүүр гишгэн ургасан хайлаасан ой, тэхийн шээг, моносон төгөл, жимс тэргүүтэн алаглан харагдана. Ганга нуурын хөвөөнд багширсан адуун сүрэг" гэж хүүрнэн ярьж үлдээсэн. Ингээд бичээд байвал уран бүтээлч бүхэн дуу, шүлэг ном бүтээлдээ Ганга нуураа магтан дуулсан юм. Ганга нуур маань өөрөө дууч нуур юм даа.
Монголчууд маань өнө эртнээсээ рашаан ус, булаг шанд гол мөрнөө өөрийн эзэн сахиустай хэмээн шүтэн бишрэхийн зэрэгцээ газар усны савдаг лусын эзэн, ус хурын эзэн, ган зудын эзэн тэнгэр бүгд усан дотор оршдог гэж ихэд сүслэн дээдэлдэг уламжлалтай. Булгын эхэнд бүү хэл голын усанд хиртэй хувцас хэрэглэлээ бүү угаа. Лус савдгийн хорлол болно. Тусгай саванд ус авч, гол горхиноос хол угааж бай гэж хойч үе үр хүүхэддээ бага балчраас нь үргэлж захиж ойлгуулж хатуу чанд сахиулж байсан. Голын эх түүний ай саваас мод огтолж хад чулууг ховхолж болохгүй. Хэрвээ ингэвэл лус хилэгнэж, ус ширгэнэ. Зайлшгvй шаардлага гарвал ховхолсон чулууныхаа ормыг шороогоор дүүргэж тэгшил. Огтолсон модныхоо хожуулыг нойтон шавраар хучиж бай гэж сургаж, мөрдөж иржээ. Түүнчлэн рашаан усны элдэв могой, гүрвэл, мэлхий, загас жараахай, шувууг егүүтгэж устгахыг цээрлэж, эдгээр амьтад нь рашаан усны эзэд албат төдийгүй усны шимийг тэтгэгч лусын хаан ч хэмээн үздэг. Эдгээр нь эх болсон байгаль дэлхий нутаг усаа хамгаалахтай холбоотой бичигдээгүй хууль болон үеийн үед уламжлагдан ирсэн усаа дээдлэх монгол ухаан билээ. Заавал нутаг ус гэхгүй. Газар газрын олон зочин гийчин хөвөөнд нь буудаллаж, намрын шаргал өдрүүдийг хунгийн дуунаар сэргээж явдаг. Харин Ай Ганга маань гэж аялгуулан дуулагч аянчин гийчид маань эртний сайхан уламжлал, энэ нутаг усыг хайрлан хамгаалах талаар жаахан учир дутагдалтай л санагддаг. Сүүлийн жилүүдэд ус нь татраад байсан ариун Ганга нуурыг хайрлах, хамгаалах чиглэлээр бодитой ажил хийгдэж байгаа ч бодлогын төвшинд хэрэгжихгүй учир дутагдалтай зүйл харагддаг байсан. Орчин цагт техникийн дэвшлийг ашиглан хүнийг ч хиймлээр бүтээж чадахаа илэрхийлээд байгаа боловч усыг бүтээж чадахгүй гэдгээ дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Иймээс үр хойчдоо үзэсгэнлэнт Ганга нуураа хэвээр үлдээхийн төлөө хүн бүхэн л хичээх ёстой болов уу.
Дөнгөж гурван жилийн өмнө Ганга нуур маань урдаасаа 250 метр татарсан, ердөө 60 см гүнтэй байна гэж албаны хvмүүс хэлэхэд очиж үзэж байлаа. Хэмжээг нь хэлж мэдэхгүй ч нүдэн дээр татарсан байж билээ. Хунгийн чуулган битгий үз, нуур ус шувуунд халтай байна гэж дуугардаг хүн цөөнгүй болсон ч хүн машины цуваа тасрахгүй л байна. Байгаль эхээ бахдан харалгүй л яахав. Гэхдээ хайрлах, хамгаалахаа эн тэргүүнд болговоос зохистой талаар үргэлж л дуугарч байхгүй бол горьгүй байх юм даа. Ганга эрт цагтаа баруун хойшоо Молцог элсний захын зүүн захын нэгэн хотгор шар манхныг дайран голидрол үүсгэн урсдаг байжээ. Ингэж урсахдаа уул хотгор шар манхныг сэтлээд усаа Өргөн хэмээх гол уруу цутгасан гэнэ. Энэ үеэс тэр манхныг "Гангын сэтэрхий шар", Ганга нуураас Өргөн гол хүртэл элсэн дундуур үргэлжлэх нарийн хоолойг Гангын нарийн хоолой хэмээн нэрлэдэг болжээ гэж манай нутгийнхан ярьдаг.
“Газраас оргилон даргих хүйтэн харзын усаар цай чанаж, хөвөөнд нь үдлэхдээ Ганга нуурын ганган улаан бургас ганхаж байхыг үзээд нас нэмлээ" гэж зохиолч С.Эрдэнэ олон жилийн өмнө дуу алдан бичсэнийг та лав уншаа биз. Аав минь ч мөн "Ганга гэж ганган, үзэсгэлэн төгс гэсэн утгатай нэр юм гэдэг. Ганга нуурын хөвөөнд ирээд шүлэг дуу зохиолгүй буцсан яруу найрагч гэж байхгүй. Ганга нуурын тухай дуу шүлэг уран зураг маш баян бөгөөд олон арван томоохон боть ном бүтээх уран бүтээл цогцолсон нь дамжиггүй" хэмээн өгүүлжээ.
МУСГЗ, нэрт зохиолч, нутгийн ах Г.Мэнд-Ооёо "Намрын Ганга нуурыг үзсэн хүний мэлмий өөрийн эрхгүй уяран зөөлөрдөг буй заа. Зарим нуур шувуу ч үгүй, навч ч үгүй, гунигтайяа мэлмэрч байхад заримд нь буух буудал олдохгүй шахцалдах нь юуны учир вэ? Заавал нэг учир байгаа. Хэдэн өдөр, хэдэн шөнө ингэж ганганалдсан билээ. Тэр өдөр тэнгэр нэг л дүнсгэр байв.
Алтан-Овооны чанх орой дээгүүр чигтэй нэгэн бүлэг хун хошууран гарч ирээд Гангыг хөвөөлөн бүтэн эргээд өмнө зүг хандахад нуурын мандал хөдөлгөөнд орчихлоо. Нуур уснаасаа хагацан салж байгаа мянга мянган амьтдын гуниг зовлонг нүд хальтраад харж чадсангүй. Үймэн чарлалдах дуу нь зүрх сэтгэл өмлөн авчих шиг. Шувуу буцахын гуниг дагаад тэнгэрийн ааш муухайрдаг билээ. Жилийн жилд л ингэдэг" гэж бичжээ. Энэ амьдралыг, бүр цаашилбал гүн ухааныг бид мэдэрч, дагшин нутаг Дарьгангынхаа Ганга нуурыг хамгаалах нь хэдэн мянган хун шувууг хамгаалах, үр хүүхэддээ энэ гайхамшгийг үлдээх гээд дурдаад ч баршгүй олон зүйлийг ярина. Олон зохиолч уран бүтээлчийн шүлэг найраг, домог түүх гутамшигт домгоор л бүү солигдоосой, зон олон минь ээ. Дахиад нэг шүлэг бичихээр даруйхан би чинь нутаг явлаа.
Zuuzuu bek
Сэтгэгдэл (4)