ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол өнөөдөр боллоо. Уг сонсгол хоёр өдөр үргэлжлэх юм.
Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллаж байна.
Сонголд оролцсон Г.Агар-Эрдэнийн асуулт хариултаас товчлон хүргэж байна.
С.Амарсайхан: Хүний эрхийн чиглэлээр нэлээд юм хийсэн хүн байна. Сонгох, сонгогдох эрхийн тухай ярилаа. Сүүлийн 30 жилд иргэний сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж ирсэн. Сонгууль хэрхэн явдаг билээ. Энэ удаагийн сонгуульд хүртэл иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна гэж ярьж байна. Тухайлбал, гадаадад суугаа иргэдээсээ саналыг нь авахгүйгээр шийдсэн. Энэ асуудлыг цаашид хэрхэн шийдэх вэ. Энэ эрхийг хамгаалах талаар Сонгуулийн ерөнхий хороо, УИХ-д ямар зөвлөмж хүргүүлдэг вэ?
Г.Агар-Эрдэнэ: Сонгуулийн эрх нь аливаа хүний хувьд улс төрийн чухал эрх, эрх чөлөө. Энэ эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн хангах талаар төр, засаг үүрэг хүлээх ёстой гэдгийг бид мэднэ. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс уг эрхийг баталгаажуулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийгээч гэдэг зөвлөмж өгдөг. Гадаад улсад оршин суугаа монгол иргэд сонгуулийн саналаа өгөх боломжгүй нь шийдвэрлэх ёстой чухал асуудлын нэг. Ялангуяа хуульд сонгуулийн эрхгүй ямар хүмүүс байна вэ гэдэг талаар тодорхой заасан нөхцөлд бусад иргэд ямар нэгэн байдлаар сонгуулийн эрхээ эдлэх чиглэлээр төрөөс идэвхийлэн оролцох ёстой.
Сонгуулийг үр дүнтэй мэргэжлийн түвшинд зохион байгуулахын тулд удирдлагаар хангах, санхүү, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх үүргийг оноосон. Энэ хүрээнд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахдаа гадаадад суугаа монгол иргэдийн саналыг авсан шиг энэ удаад тэдний саналыг мөн авах боломж нээлттэй. ХЭҮК-ийн хувьд Сонгуулийн ерөнхий хороотой энэ чиглэлээр хамтарч ажиллаж байна. Мөн УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр хөндлөнгийн мониторинг хийхээр төлөвлөсөн. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуулиа үр дүнтэй, орчны хүртээмжийг хангасан байдлаар өгч чадаж байгаа эсэхэд анхаарч ажиллана.
Ийм хариулт өглөө. Ингээд түүний боловсрол, ажлын туршлагыг танилцуулъя.
Мэргэжил, боловсрол:
- Нью саут уэльсийн их сургууль, хуулийн сургууль (law school, university of new south wales, australia) 2016/12 сар – 2018/01 сар, авсан зэрэг: Хүний эрхийн эрх зүй ба бодлогын магистр (Master of Human Rights Law and Policy)
- Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургууль 2006/10 сар – 2008/06 сар, авсан зэрэг: Хууль зүйн магистр (LL.M)
- Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургууль 2001/09 сар – 2006/06 сар, авсан зэрэг: Хууль зүйн бакалавр (LL.B)
Ажлын туршлага:
- Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс Бодлогын дүн шинжилгээ хариуцсан референт, Гомдол, хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Шинжээч, хуралдааны нарийн бичгийн дарга
- ИНВЕКС ХХК Хуулийн хэлтэст хуулийн мэргэжилтэн
- Анод банк Төслийн удирдлагын газарт хуулийн мэргэжилтэн, Байгууллагын банкны газарт хуульч
А.Сүх