ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол өнөөдөр боллоо. Уг сонсгол хоёр өдөр үргэлжлэх юм.
Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллаж байна.
Сонголд эхний хүнээр нэр дэвшигч Х.Мөнхзул оролцож, ажлын хэсгийн сонирхсон асуултад хариулт өглөө. Асуулт хариултаас товчлон хүргэж байна.
О.Мөнхсайхан: Та гурван байгууллагад оролцож байсан туршлагатай хүн байна. Нэгдүгээрт, удирдлагатайгаа санал зөрж байсан тодорхой жишээнээс дурьдана уу. Энэ асуудалд ямар хариу арга хэмжээ авсан бэ?.
Хоёрдугаарт, www.academic.edu.mn сайт дээр Монгол Улсын иргэний номыг зөвшөөрөлгүйгээр байршуулсан. Улмаар Монголын харилцаа, холбооны зохицуулах хорооноос уг вэб сайт руу Монголоос орох хандалтыг нь хааж байсан. Үүнд иргэний болон олон улсын факт дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн эсэх, факт тавигдсан шаардлагыг Монголын харилцаа, холбооны зохицуулах газраас хангаж ажилллаж чадсан эсэх талаар хариулт өгнө үү. Хэрэв та Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн байсан бол ямар арга хэмжээ авах байсан бэ?
Х.Мөнхзул: Хоёрдугаар асуултаас нь хариулъя. Үзэл бодлоо илэрхийлэх асуудлыг тодорхой хуулийн үндэслэлээр хязгаарлах ёстой. Үндсэн хууль болон Иргэний болон улс төрийн эрхийн конвенцид аливаа хүний эрхийг хязгаарлахдаа хуульд заасан үндэслэлээр хязгаарлана. Хязгаарлалтын хүрээ ардчилсан нийгмийн зорилго, шаардлагад нийцэх ёстой. Дээрх жишээний хувьд вэб сайтыг хаасан нь хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс хүний эрхийн зөрчил гэж үзээд зөрчигдсөн эрхийг сэргээж, хамгаалах асуудлыг хангаж ажиллана.
Дараагийн асуултад хариулъя. Мэдээлэлгүй байгаа асуудалд мэдрэмжтэй хандаж, зөвлөгөө туслалцаа үзүүлээгүй асуудалд эмзэг тусаж байсан. Жишээ дурдахад, тодорхой нэг өвчнөөр өвчилсөн хүүхдийн эрхийн асуудлыг гаргаж тавих нь Монголд ярих асуудал биш гэсэн асуудалтай тулгарч байсан. Тухайн үед ХЭҮК-т энэ чиглэлийн итгэлийг боловсруулахад оролцож, гаргаж тавьж байсан.
О.Амгаланбаатар: Та ХЭҮК-т олон жил ажилласан байна. Олон жил ажилласан хугацаанд хүний эрхийг дээрдүүлэх чиглэлээр ямар үр дүнтэй ажилласан бэ? Хоёрдугаарт, хийсэн ажлуудад тань ямар сургамж байна вэ. Аливаа асуудал сургамжид тулгуурлан бодлого, төлөвлөлт гардаг гэж ойлгодог. Хүний эрхийг хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ямар ажил хийх шаардлагатай вэ?
Х.Мөнхзул: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн үйл ажиллагаа анх батлагдах үеэс эхлэн оролцож, өөрийн тодорхой саналыг тусгуулж байсан. Мөн Монголд гэмт хэргийн хохирогчийн эрх зүйн хамгаалалтын асуудлыг хөндсөн хамгийн анхны судалгааг хийхэд оролцож, гэмт хэргийн хохирогчид ээлтэй эрх зүйн орчныг бий болгох ажлыг эхлүүлж ажилласан. Миний хувьд хүний эрх, жендерийн асуудлаар мэргэшин ажилладаг. Энэ хүрээнд Жендерт суурилсан хүчирхийлэл, Жендер ба хүний эрх, Гэр бүлийн хүчирхийлэл ба хүний эрх зэрэг гарын авлага боловсруулж, төрийн байгууллагын 400 гаруй сургагч багшийг бэлдсэн. ХЭҮК-ийн жил жилийн илтгэлүүдэд оролцож нийт 11 илтгэл бичихэд оролцсоноос дөрвийг нь бие даан боловсруулж ажилласан. ХЭҮК-ийн хяналт, шалгалт үйл ажиллагаанд тогтмол оролцож ажилладаг. Эмэгтэйчүүдийн асуудал ялангуяа ажлын байрны бэлгийн дарамтыг хуульчилж өгөх асуудлаар өөрийн үзэл бодлыг илэрхийлж байсан.
Ийм хариулт өглөө. Ингээд түүний ажлын туршлага, боловсролыг танилцуулъя.
Мэргэжил, боловсрол:
- Монгол улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургууль, “эрх зүйч”, бакалавр 1993-1997 он
- Хүмүүнлэгийн ухааны их сургууль, хүмүүнлэгийн ухааны бакалавр, “англи хэлний орчуулагч”, 2004-2007 он
- Удирдлагын академи, төрийн алба, удирдлагын сургууль, “төрийн захиргааны менежмент”, 2015-2016 он
- Удирдлагын академи, удирдахуйн ухааны сургууль, “төрийн удирдлагын магистр” 2016-2017 он
Ажлын туршлага:
- 1997-1998 он Сонгинохайрхан дүүргийн шүүх “нарийн бичгийн дарга”
- 1998-2009 Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв “хуулийн зөвлөх”, “эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч”
- 2009-2020 Хүний эрхийн үндэсний комисс
Б.Лхам
Сэтгэгдэл (7)