Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн хятадын хоолны соёл нь олон өвөрмөц төрөл зүйлээс бүрддэг бөгөөд судалж дуусашгүй гайхалтай ажээ. Тэдний үндэсний хоол нь банш бөгөөд баяр ёслолын үеэр гэр бүлээрээ ширээ тойрч суун зооглодог уламжлалтай. Хятад хоолыг дэлхийн хоолны соёл тэр дундаа зүүн өмнөд Азийн орон буюу Өмнөд Солонгос, Япон зэрэг орны хоолны соёлд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн хэмээдэг. Хятад хүмүүс “Эрүүл амьдаръя гэвэл өдөрт гурван удаа зөв хоолло” гэдэг. Тодруулбал, зуны улиралд ихэнхдээ төрөл бүрийн ногоо буюу чинцай, чууцай, байцаа зэргийг хууран багахан махаар амтлан иддэг байна. Харин өвлийн улиралд шөлтэй хоолыг түлхүү хэрэглэж хэвшжээ.
Тэд хүндэтгэл, баяр ёслолын хоолны ширээг засахдаа уламжлалт зан үйлээ дээдэлдэг. Өдөр тутамд хооллохдоо 8-10 нэр төрлийн хоол, зуушийг ширээн дээрээ тавьдаг бол томоохон баяр ёслолын хүндэтгэлийн зоог 30-100 нэр төрлийн хоолноос бүрдэх аж. Хоолны дараа Европчууд амттан хэрэглэдэг бол хятадууд цагаан будаа буюу гурилтай шөл иддэг уламжлалтай.
Монголчууд хятад хоолыг Бээжин нугасаар нь сайн мэддэг. Уг хоолыг зочны ширээний дэргэд өндөр мэргэжлийн тогооч бэлтгэж өгдөг талаар Монгол, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээн хүрээнд зохиогдсон Өвөр Монгол, Хэбэй мужийн хоолны танилцуулгын үеэр алдартай тогооч нар онцолж байв. Хятадын тогооч нар амт чанартай хоолыг хэрхэн бэлтгэдэг талаар танилцуулсан уг өдөрлөгт иргэд олноор оролцож, амталгаа хийж, өөрсдийн санал бодлоо хэлж байв.
Тогооч нарын хэлснээр хятад хоолонд өнгө, үнэр, амт, утга, хэлбэр буюу "Үндэсний хоолны таван зүйл"-ийг онцолдог байна. Энэ нь хоол бол амтнаас гадна үзэмжтэй тавагласан, тансаг үнэртэй, хэлбэртэй мөн утга илэрхийлэх ёстой гэдгийн илэрхийлэл аж. Хятад улсын нутаг дэвсгэр том өндөрлөг уул, нам дор газар, хүйтэн, халуун, чийглэг, хуурай гээд маш олон цаг уурын нөхцөлтэй учраас тэр бүгдтэй зохицсон хоолны нэр төрөлд амтлагч материал хэрэглэдэг байдлаараа маш баялаг.
Мөн хятад хоол хийх арга нь маш олон төрөл байдаг. Хагас болгох, түүхий зууш хийх, соусаар амтлах, шарах, хуурах, жигнэх, утах, усанд чанах, тосонд чанах, шорлох, хайрах, болгох гэх мэтчилэн 30 гаруй төрлийн аргаар хоол хийдэг. Дахин хэлэхэд амтны хувьд халуун ногоотой, чихэрлэг, давслаг, исгэлэн гэсэн дөрвөн төрлийн амттай байдгаараа их онцлогтой.
Хятад хоолыг судлахад маш олон төрлийн эмчилгээний чанартай байдгийг нотолсон байдаг юм билээ. Жишээ нь, чинцай ногооны онцлог нь даралтыг хоромхон зуур буулгадаг бол шаобайцай нь даралт буулгадаг хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Ийнхүү хятад хоолны талаар олон арвин мэдээлэл олгосон Монгол, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээн хүрээнд зохиогдсон Өвөр Монгол, Хэбэй мужийн хоолны танилцуулга болж өндөрлөлөө.
Б.Лхам