Санхүүгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах болон мөнгө угаах зэрэг гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах Монгол Улсын тогтолцоог сайжруулах ажлыг төр, хувийн хэвшлийн байгууллагууд бүх түвшинд эрчимтэй хийж байна. УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сард баталсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд байна. Нэмэлт өөрчлөлтөөр, санхүүгийн салбарын хөгжил, финтек буюу санхүүгийн үйлчилгээнд нэвтэрч буй дэвшилтэт технологийн шаардлагад нийцүүлэн “мэдээлэх үүрэгтэй этгээд”-ийн хүрээ, холбогдох зохицуулалтыг өргөжүүлж, хариуцлагын тогтолцоог өндөржүүлсэн.
“Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуульд заасан “мэдээлэх үүрэгтэй этгээд”-ийн ихэнх нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага байдаг. Иймд Хороо өөрийн зохицуулалтын байгууллагуудад тус хууль болон нэмэлт өөрчлөлтийг таниулах, хэрэгжилтийг хангуулах сургалтыг энэ оны 5, 6 дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулсан юм.
Хуульд шинээр орсон нэмэлт, өөрчлөлтөөр “мэдээлэх үүрэгтэй этгээд” нь өөрийн төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах удирдлагаас баталсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын хөтөлбөртэй байхаар заасан бөгөөд өөрийн эрсдэлийг харилцагч, бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалтын суваг, арга, хэлбэр, газар зүйн байршлийг харгалзан, бодитойгоор үнэлсэн байх юм. Мөн, дотоод хяналтын хөтөлбөртөө төлөөлөн удирдах зөвлөл, түүний дэргэдэх хороо, эсхүл бие даасан дотоод хяналтын нэгжээр дамжуулан байнгын хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахын зэрэгцээ энэ чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулах, тэрхүү албан тушаалтны эрх үүргийг тодорхойлж, томилох, чөлөөлөх үйл явцыг нарийвчлан тогтоосон журам батлан хэрэгжүүлэх учиртай юм.
Хорооноос улсын хэмжээнд явуулсан дээрх сургалтаар хууль болон түүнд шинээр орсон зохицуулалтыг хэрэгжүүлэх талаар нарийвчилсан заавар зөвлөгөө, тодорхой үүрэг чиглэлийг өгсөн юм. Өнөөдөр хуулийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгөх газар дээрх хэсэгчилсэн хяналт, шалгалт нийслэлийн санхүүгийн байгууллагуудад хийгдэж байгаа бөгөөд харин орон нутгийн байгууллага, салбаруудад энэ хяналт, шалгалтыг тухайн сургалтын хугацаанд давхар хийсэн юм.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “мэдээлэх үүрэгтэй этгээд”-үүдийн үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар үнэлгээ дүгнэлт өгөх хэсэгчилсэн хяналт, шалгалтын ерөнхий тайлан дүгнэлт гарлаа. Хяналт шалгалтын удирдамжид нэр заасан 21 аймгийн нийт 335 байгууллага, салбар хамрагдахаас 234 нь буюу 70 хувь нь хамрагдсан байна. Эдгээрийн 51 нь банк бус санхүүгийн байгууллага, 129 нь даатгалын компанийн салбарууд, хадгаламж зээлийн 39 хоршоо, үнэт цаасны таван компани, хоёр даатгалын зуучлагч компани, даатгалын хохирол үнэлэгч найман компани байна.
Тус хяналт шалгалтын үед “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль хэрэгжиж эхлээгүй байсан тул хуульд шинээр орсон шаардлагууд байгууллагуудад хийгдээгүй байлаа. Харин ихэнх байгууллагууд ддотоод хяналтыг хэрэгжүүлэх албан тушаалтныг томилсон байна.
Шалгалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс шалгалт эхэлсэн өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн баримт бичиг, шийдвэр, бүрдүүлбэрт үндэслэн явуулсан тул хуульд заасан 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх шаардлагатай бэлэн мөнгөний болон сэжигтэй гүйлгээ, харилцагчийг танин мэдэх ажиллагаа хийгдсэн тохиолдол гараагүй байв. Харин эцсийн өмчлөгчийг тогтоох үйл ажиллагааг орон нутгийн санхүүгийн байгууллагуудын дийлэнх нь журмын дагуу явуулж байна. Гэвч сэжигтэй гүйлгээг таньж илрүүлэх систем, програм хангамж байхгүй, ажилтнууддаа энэ талаар сургалт явуулах, Хорооны 2009 оны 253 дугаар тогтоолоор батлан мөрдүүлж буй “Харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг мэдээлэх журам”-ыг зааж таниулах ажил хангалтгүй байна.