УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийсэн энэ өдрүүдэд эрх баригч намын дотоодод улс төрийн ээлжит халуун өрнөж байна. Юу гэвэл, Засгийн газрын зүгээс УИХ-ын ажлыг харлуулах, муучлах санаархлыг илт цухалзуулах боллоо. Хэдийгээр УИХ-ыг чиглэж буй шүүмжлэл ил нэр хаяггүй зүгээс гарч байгаа ч үүний цаана Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чигээс үүсч байна гэж олон хүн баталж байна.
Энэ удаагийн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бандааш хийгээд хормойн явдлыг л хэлэлцсээр байгаад эдгээрээс илүү чухал асуудлуудаа хэлэлцэж амжсангүй гэсэн санал, шүүмж ихээр гарч буй. Тэгвэл Тавантолгойн асуудлыг нээлттэй хэлэлцэж буй гишүүд ус ундаа ч уух сөхөөгүй хуралдаж байгаагаа хэлэв. УИХ-ын гишүүдээс энэ удаагийн чуулган хэр үр дүнтэй ажилласан бэ гэхэд “Ийм сайн ажилласан парламент байхгүй” гэж хариулж байв. Учир нь хэдийгээр олон нийтийн санаа бодолд нийцэмжгүй дээрх хоёр гишүүний хэргийг хэлэлцсэн нь нийгэмд илүүтэй шуугиан тарьснаас биш, хэлэлцэж баталсан хууль, тогтоолын тоогоороо өмнөх ээлжит чуулгануудтай харьцуулахад хамаагүй үр бүтээлтэй ажилласан гэдгийг тэд хэлж байлаа. УИХ-ын ажлыг шүүмжилж буй сэдвүүдийн дотор гишүүдийн ёс зүй, тэдгээрийн хариуцлагыг асуудал хүчтэй сөхөгдөж буй билээ. Тэгвэл энэ УИХ-аас тун саяхан Дэгийн тухай хуулийн хэлэлцэн баталсан нь дээрх шүүмжлэлд тодорхой үйлдлээр хариу өгсөн хэрэг болсон. Гэвч шүүмжлэл үргэлжилсээр. Учир нь түүнийг дэвэргэж, өрдөж буй зохион байгуулалттай хүч цаана нь үйлчилсэн хэвээр.
У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлсэн жил гаруйн хугацаанд амалсан, хэлсэн, баталсан ажлуудаа хийж хараахан хүчирсэнгүй. Тиймээс өөр дээрээ ирэх шүүмжлэлийг өөрөөсөө холдуулахын тулд УИХ, түүний дотор УИХ-ын дарга М.Энхболд руу галыг шилжүүлэх гэж оролдож байна. Энэ санаархал нь түүний сүүлд хэлсэн үгнээс бүр тодорхой илрэв. Тэрбээр “Би хувьсгал хийх гэж гарч ирсэн. Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй” гэж гэнэт сэхээрсэн мэт ярьж эхэллээ.
Хамгийн хачирхалтай нь тэр нэг жил гаруй хугацаанд яагаад таг дуугүй байсан хэрэг вэ. 60 тэрбумынхантай тэмцэнэ гэдэг шийдвэрээ Ерөнхий сайд болохоосоо ч өмнө гаргачихаагүй байсан юм уу. Ү.Хүрэлсүх цааш өгүүлэхдээ “Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ болоод байна. Буруутныг хаацайлж байгаа АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз. Намынхандаа хандаж онц их хурал зарлана. Ард түмэндээ хандаж дэмжлэг хүснэ” гэх мэтээр зорилгоо илчилжээ. Түүний зорилго М.Энхболдыг унагаж, нам дотроо унасан нэр хүнд, эрх мэдлээ бататгах гэсэн хүслээс үүдэлтэй болох нь танигдаж байна.
Гэтэл Засгийн газар өнгөрсөн хугацаанд ямар ёс зүй хэрэгжүүлж, ямар хариуцлага хүлээж, бас ямар ажлууд амжуулсан бэ. Амлалтаа биелүүлж чадахгүй, хэт үлбэгэр сул дорой байсан Засгийн газраа аварч үлдэхийн тулд “М.Энхболдоос болж шударга ёсыг хэрэгжүүлж чадсангүй” гэх тайлбараар хаах нь л дээ.
УИХ-ыг харлуулах хүсэлдээ автсан Засгийн газрын гишүүд өөрсдийн санаачилж, боловсруулсан хуулийн төслийг батлах чуулганы хуралдаанд хүртэл суусангүй. Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа хуулийн төслүүд боловсруулалт багатай, алдаа ихтэй, найруулга, горимын санал хэдэн зуугаар нь гаргахаар болхи болсон талаар УИХ-ын гишүүд гомдоллож, М.Энхболд засгийн хуулийг батлуулах гэж гишүүдээ тойглож суусныг өнгөрсөн өдрүүд нотолно. Засгийн гал тогоог хариуцаж буй Г.Занданшатар хүртэл чуулганы танхимд тун ховор үзэгдэж буй нөхцөлд УИХ Засгийн газрын захиалсан хуулиудыг батлахыг хичээж байгаа дүр зураг сүүлийн өдрүүдэд өрнөлөө.
Гэвч У.Хүрэлсүх тэргүүтнүүд өөрдсийн толгой дээрхийг бус, хүний мөрөн дээрхийг илүүтэй шинжих аж. Засгийн газрын 100 хоногтой холбогдуулан иргэдээс санал асуулга явуулахад санал асуулгад оролцогчдын дийлэнх буюу 56.6 хувь нь Засгийн газрын муу ажиллаж байна гэж дүгнэсэн бол 4.5 хувь нь маш муу гэдэг үнэлгээг өгсөн билээ.
Шинэ засагт Үндсэн хуулийг өөрчлөх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох, эдийн засгийн өсөлтийг хангах, дотоодын үйлдвэрлэлийг хангах, төмөр зам барих, эмч багш нарын цалинг нэмэх зэрэг маш их ажил буй ч өнгөрсөн хугацаанд дорвитой ажил үнэхээр амжуулсангүй. Ямар сайндаа л Аймгийн Засаг даргын тамгын газраас нь хоёр сарын өмнө хүүхдүүдэд бэлэг болгоод өгчихсөн байрны түлхүүрийг Ерөнхий сайд очоод дахин шинээр өгч, өөрөө өгч буй мэт хийрхэн шоудаж байх вэ дээ. Хийсэн юмтай хүнсэн бол ядаж тийм арга ядсан шоунд оролцоод явж байхгүй байсан билээ. Гэтэл үүнийгээ залруулахын тулд бүтэн нэг цагийн телевизийн нэвтрүүлэг хийж “Хүүхдүүд аймгийнхаа удирдлагад орон байрны хүсэлт гаргасан, түүнийг нь Засгийн газрын түвшинд ярьж шийдсэн. Орон нутаг нь төсвийг нь гаргаад, Ерөнхий сайд очиж түлхүүрийг нь гардуулсан” гэж онигоо шиг юм ярьсан удаатай.
Гэтэл түүхэнд хамгийн их хүлээлттэй гарч ирсэн засаг бол У.Хүрэлсүхийн Засгийн газар. Учир нь үнэмлэхүй ялалтын дараа байгуулагдсан Мэргэжлийн гэгдэх засгаа намынхан нь өөрсдөө хийж бүтээхгүй, удаан хойрго байна гэх шалтгаанаар унагаж хаячихаад, их том ам өчиг өгч байж гарсан ирсэн засаг.
У.Хүрэлсүх өөрөөс нь ард түмэн ам асуух вий гэдгээс айж яваа нь лавтай. Тиймдээ ч “Шударга ёсыг тогтоох гэтэл УИХ л хөдөлж өгөхгүй байна” гэх бэлээхэн тайлбар бодож олсон нь энэ.
Сөрөг хүчний зүгээс түүний Засгийн газарт “маш муу” гэсэн үнэлгээ өгөхдөө УИХ-ын үйл ажиллагаатай огт хамаатуулаагүй юм. Зөвхөн өөрсдөөс нь л хамаарч энэ үнэлгээг өгсөн билээ. Юун түрүүнд, Олон улсын валютын сангийн нэрийг барьж татвар нэмэгдүүлсэн, гаргасан шийдвэрээсээ ухардаг, ард түмнээ тохуурхсан шийдвэр гаргаж нийгэмд тогтворгүй байдал үүсгэсэн зэргийг нэрлэсэн юм.
Засгийн газрыг анх ажилдаа орох үед 1850 байсан долларын ханш өнөөдөр 2470 болжээ. 1.2 хувьтай байсан инфляци өдгөө 7 хувь болж өсөв. Ядуурал гурван пункт, ажилгүйдэл таван пунктээр нэмэгдсэн гэнэ. Хамгийн хачирхалтай нь, энэ Засгийн газар шүүмжилж байсан ажлуудаа яг тэр хэвээр нь үргэлжлүүлсэн явдал. Агаарын бохирдлын эсрэг үр дүнгүй ажлуудыг эсэргүүцдэг атлаа зуух тараах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн, шатахуун импортлогчдын монопольчлолтой тэмцэнэ гэсэн атлаа шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн, улмаар үнийг нь нэмэгдүүлсэн гэх мэтээр зэм хүртээх асуудал мундахгүй олон.
Засгийн ажлаас гадна хэт сүржин мэдэгдлүүдийн даржин биелэлтийг нь У.Хүрэлсүхэд сануулж буй. Тухайлбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахдаа анх 800 тэрбумын концессын асуудлыг хөндөж, хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байгааг шүүмжилж байсан. Дээр өгүүлсэн 60 тэрбумын хэргийг бүр мухарлаж, хахуулиар төрийн албанд орсон албан тушаалтнуудыг хална гэж хүртэл мэдэгдсэн. Гэвч төдийгөөс өдий хүртэл амлалтаа биелүүлэх гэж нэг ч удаа эрслэн оролдсонгүй, хичээсэн ч үгүй. Өнөө болоход харин аль нэг эрх ашгийн үүднээс дахин “хуучин дуу”-гаа аялж эхэллээ. О.Магнай түүний талаар “У.Хүрэлсүх гэдэг хүн зөвхөн нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд Ерөнхий сайд болсон” гэж хэлж байсан. Түүнтэйгээ адил У.Хүрэлсүхийн өмнө бас нэгэн шинэ зорилт гарч ирсэн бололтой. Гэвч ард түмэн түүний “хуучин дуу”-нд уярахааргүй хэрсүү болсон байна.
Б.Хурцболд
Сэтгэгдэл (80)