Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших Толбо нуурын эрэгт энэ сарын 20-24-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдсон Ардчилсан намын “Баруун бүсийн чуулга уулзалт”-д оролцохоор эх орны баруун хязгаар тийш хөлгийн жолоо залсан юм. Ардчилсан нам шинэчлэлийн аянаа эхлүүлээд хоёр жил гаруйн хугацааг үдээд байгаа. Намынхаа даргыг бүх гишүүдээсээ сонгохоос эхлээд Үндсэн дүрэм, Үзэл баримтлалаа шинэчлэх ажилд ханцуй шамласан тэд “Иргэдийн оролцоотой, бодлогын нам” болох том зорилго өвөртлөн олон ажил төлөвлөсний нэг нь энэхүү бүсийн чуулган юм. Энэ онд дөрвөн удаагийн бүсийн чуулган зохион байгуулахаар төлөвлөснөөс эхнийх нь Баян-Өлгий аймагт ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа. Харин удаах нь буюу “Төвийн бүсийн чуулга уулзалт” Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд зохион байгуулагдах урьдчилсан тов гараад байна.
“Баруун бүсийн чуулга уулзалт”-д Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс аймаг, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 1000 гаруй төлөөлөгч оролцож сургалт, семинарт хамрагдаж, нутгийн болон хүний хөгжил, намын шинэчлэл, гишүүдийн чадавхийг дээшлүүлэх асуудлаар санал, туршлагаа солилцсон юм. Мөн аймаг, дүүргүүдийн гишүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ болон мэтгэлцээн, спортын тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулсан. Багийн дүнгээр Завхан аймаг тэргүүн байранд шалгарсан бол Ховд, Говь-Алтай аймгууд удааллаа.
Энэ удаагийн бүсийн чуулганд оролцогчдод зөвхөн сургалт, семинарт хамрагдаад зогсохгүй тухайн орон нутгийн иргэдийн аж амьдралтай танилцах боломж тохиосон. Технологийн шийдэл цаг, минутаар хэмжигдэж буй 21 дүгээр зуунд Монгол орны алс баруун хязгаарт орших Баян-Өлгий аймаг тэртээ 1990-ээд оныг санагдуулам төрхөөсөө салж амжаагүй байна. Намхан таазтай шавар байшингууд, хаа нэгтээ холхих Эксель, Элентра, ЗИЛ-130, УАЗ-469-үүд Баян-Өлгий аймгийг 90-ээд ондоо “Гацчихсан” юм шиг санагдуулна.
Өвөл, хаврыг хүндхэн давсан Өлгийд энэ зун хур, бороо тоотой оржээ. Үүнээс болж нийт нутгаар гандуу байгаад нутгийн малчид сэтгэл зовниж байгаа төдийгүй газар тариалан, мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэрийг бий болгохгүй бол ядуурал улам нэмэгдэж байгааг сануулж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгуудын ажлыг дүгнэхэд Баян-Өлгий аймаг сүүл мушгисан. Хөрш зэргэлдээх Завхан, Ховд аймгууд ажил, үйлсээрээ манлайлж байхад тус аймгийнхан хамгийн сүүлд эрэмбэлэгдэж “гахай” зүүхэд хүрсэнд нутгийн иргэд сэтгэл дундуур байгаагаа энэ үеэр хэлж байсан юм. Уг нь Баян-Өлгий аймаг өмнөх Засгийн газрын үед ажил, үйлсээрээ улсдаа 11-т эрэмбэлэгдэж байжээ. Гэтэл хоёрхон жилийн дотор сүүл мушгиж, 21-т бичигдэх хүртлээ уруудсан байна. Энэ бүхэн орон нутаг дахь улстөржилт хэрээс хэтэрсэнтэй холбоотой аж. Баян-Өлгий аймгийн хувьд хоёрхон жилийн дотор удирдлагаа дөрвөн удаа огцруулах шийдвэр гаргаж, тэр хэрээр төрийн ажил цалгардаж, иргэд хохирч байгааг хэлж байна. Энэ бүхэн 28 жил Баян-Өлгийд засагласан МАН-тай холбоотойг иргэд ам уралдан ярьж байсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-д хүртэл 32, 33-ын бүлгээрээ хуваагдсан МАН-ынхан орон нутагт ч талцаж, хуваагдаж өөрсдийнхөө байгуулсан засгийг дөрвөнтөө огцруулаад байгаа аж.
Засаглалын хямралаас болж, Өлгийчүүд ч ихээрх хохирох болжээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн зарим иргэн өөрөө ч мэдээгүй байхад нь улсын бүртгэлээс хасах, түүнийгээ сонгуулийн үеэр мэдэх тохиолдол цөөнгүй давтагдах болжээ. Улсын хилээр ч нэвтэрч үзээгүй хэрнээ Монгол Улсын иргэний бүртгэлээс хасагдаж, тэтгэвэрээ авч чадахгүйд хүрчихээд байгаагаа Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн хэлж байна. Түүний өргөдлийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ гэв. Мөн тус сумын иргэн Күмбарша гэх эмэгтэй 2016 оноос хойш орон нутаг дахь улстөржилт хэрээс хэтэрснийг хэлж байсан бөгөөд төрийн албан хаагчид асар их дарамт, шахалтан дор ажиллаж байгаа гэв. Учир нь эмнэлэг, сургууль зэрэг төрийн үйлчилгээний байгууллагын албан хаагчдыг орон нутгийн удирдлагын зүгээс шахаж, дарамтлах байдал хэрээс хэтэрснийг орон нутгийн иргэд хэлж байна. Түүнчлэн өнгөрсөн хавар улсын нөөцийн сангаас олгосон малын тэжээлийг нэг шуудайг нь 35 мянган төгрөгт хүргэж малчдад дамлажээ. Гэтэл Завхан аймаг малчиддаа нэг шуудай малын тэжээлийг 7000 төгрөгөөр олгосон байна. Төв суурин газраас алслагдмал оршдог тус аймгийн иргэдийн хувьд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний болон шатахууны үнэ өсч байгаа нь ихээхэн дарамт учруулж байгааг хэлж байлаа. Орон нутагт бэлчээрийн даац хэтэрч, малын гаралтай түүхий эдийн үнэ буурч байгааг ч мөн иргэд хэлж байв. Сум орон нутагт бүтээн байгуулалт хийгдэхгүй хэрнээ улстөржсөөр хоёр жилийг үдэж байгаад иргэд сэтгэл дундуур байна. Улаанбаатар хоттой автозамаар ч холбогдож амжилгүй үлдчихээд байгаа Өлгийчүүдийн сэтгэгдэл ийм байна. Зөвхөн Баян-Өлгий ч бус бүсийн чуулганд оролцохоор цугласан төлөөллүүд орон нутагтаа тулгамдаад буй асуудлын талаар ярилцаж, санал бодлоо нээлттэй илэрхийлж, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлсэн нь энэ удаагийн арга хэмжээний онцлог байсан юм. Хүүхдийн мөнгийг алагчлан олгож буй явдал, бэлчээрийн даац, малын чанарт анхаарах, ажилгүйдэл, ядуурал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжгүй байдал, мэргэжилтэй боловсон хүчний хомсдол орон нутагт нүүрлэсэн зэрэг хэн бүхэнд хамааралтай асуудлын талаар Толбо нуурын хөвөөнд цугласан 1000 гаруй төлөөлөл гурав хоногийн турш ярилцсан юм. Толбо нуур тогтуухан үдлээ. Дараа эргэн ирэхэд Эксельтэйгээ “өтөлж” буй Өлгий хот минь өнгө зүсээ засч, иргэдийн нүүрэнд инээмсэглэл тодорсон байх биз ээ.
Х.ТҮВШИН
Сэтгэгдэл (1)