УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Та Оюутолгойн гэрээтэй холбогдуулан мэдээлэл хийсэн. Яг ямар асуудал хөндөж байгаа юм бэ?
-Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсэг УИХ-аас гарсан. Энэ Ажлын хэсэг гурван асуудлыг шалгах ёстой. Нэгдүгээрт, гэрээ байгуулахдаа УИХ-ын 57 дугаар тогтоолыг яг дагасан уу. Хоёрдугаарт, нэгэнт байгуулсан гэрээгээ аль аль тал нь мөрдөж байна уу. Гуравдугаарт, үр өгөөж нь яг төсөөлснөөрөө явж байгаа юу. Хэрвээ үр ашиг буурсан бол ямар шалтгаанаар вэ гэдгийг шалгах учиртай. Би бол гэрээгээ яг мөрдөж байна уу гэдгийг шалгасан юм. Тэр дундаа ажилчдын аюулгүй байдал, цалин хөлс, хөдөлмөрийн харилцаа, Ханбогд сум болон Өмнөговийг хөгжүүлэх амласнаа биелүүлсэн үү гэдгийг шалгасан. Жишээлбэл, Хөрөнгө оруулалтын гэрээний 4.4 дээр албан болон албан бус боловсрол түүний дотор англи хэлний сургалт, тусгай мэргэжлийн сургалт явуулна гэж амалсан байгаа. Гэвч энэ огт хийгдээгүй. 4.4.10 дээр “Өмнөговь аймгийн малчдыг нүүлгэнэ. Нүүлгэхдээ тодорхой нөхөн төлбөр өгнө” гэсэн байгаа. Тэр нь ойлгомжгүй байгаа. Дээрээс нь энэ гэрээг шалгахад харамсалтай нь Оюутолгой бидэнтэй хамтрахдаа маш муу ажилласан. Олон мэдээллийг өгөхгүй нууц, боломжгүй, бололцоогүй гэдэг хандлагаар ярьж байсан.
-Жишээлбэл?
-Хөрөнгө оруулалтын гэрээний 8.1-ийн дагуу бид цалин хөлсийн асуудлыг шалгая гээд хүсэлт тавихад миний нэр дээр “Оюутолгой компанийн ажилтнуудын албан тушаал, цалингийн талаар мэдээлэл нь байгууллагын нууц учраас өгөхгүй” гэсэн хариу ирсэн. Тэгэхээр нь бид нийгмийн даатгал төлж байсан шимтгэлээр үржүүлээд барагцаа цалинг нь шалгаад үзсэн. Ингэхэд ерөнхийдөө 2590 хүн Оюутолгойн үндсэн ажилтан гэдгээр нийгмийн даатгал төлж байсан байгаа юм. Гэтэл үлдсэн хүмүүсээ 138 компанитай гэрээ байгуулаад зохицуулсан байна. 19 компани яг талбай дээр ажиллаж байгаа. Тэр 19 аж ахуйн нэгжийг нь шалгахад тэд яг ижил төрлийн ажил хийдэг. Машин барих, газар ухах гэдэг ч юм уу. Гэвч харамсалтай нь цалингийн зөрүүг аваад үзэхээр тэр гэрээт ажилчид гээд байгаа 13748 ажилчнаас бидний үзэж байгаагаар гадаад ажилчид нь 5-15 дахин өндөр цалин авч байх магадлалтай байгаа. Яагаад гэвэл бодит мэдээлэл өгөөгүй учраас нийгмийн даатгалаар нь үржүүлж үзэхэд шүү. Нөгөө 2590 нь 19 компанитай харьцуулахад тав дахин өндөр цалин авч байна. Яг үлдсэн 10 гаруй мянган хүн бол ний нуугүй хэлэхэд нийгмийн даатгалын төлөлт муутай байгаа. Энэ бол Хөдөлмөрийн хуулийг ч зөрчсөн зүйл. Тэгэхээр энэ бол гэрээний үүргээ санаатайгаар зөрчдөг, нөгөө талаасаа бусад компаниудад ажилчдаа ацаглах байдлаар үүргээс зугтаадаг, нийгмийн даатгалын шимтгэлээ 2590 хүрээнд хийгдэж байна гэсэн ийм дүгнэлт гарч байна. Нэг л жишээ дурдахад энэ. Үүн дээр сургалт хийх, орон нутагт үзүүлэх өгөөж, ажлын байрны аюулгүй байдал гээд асуудлууд бий. Ний нуугүй хэлэхэд 2590-ээс бусад хүмүүсээ боолын хөдөлмөрийн байдлаар ажиллуулж байна.
-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулаад нээлттэй сонсгол явуулна гээд байгаа. Та үүн дээр гишүүнийхээ байр суурийг илэрхийлэхгүй юу?
-Би өнөөдөр (өчигдөр) албан бичиг хүргүүлж байгаа. Тэр нь ямар учиртай гэхээр 2016 оноос өнөөдрийг хүртэл шинээр томилогдсон яам, агентлагийн газар хэлтсийн дарга нарын нэрсийг, албан тушаалд томилогдсон үндэслэлийг нь гаргаад ир гэж. Намын нэрээр албан тушаал наймаалцдаг, зүгээр албан тушаал хашиж байгаа хүмүүсийг ажлаас нь халаад оронд нь өөр хүн оруулаад албан тушаал зарж амьдраад байна уу гэдгийг бид өнөөдөр цогцоор нь авч үзэж шалгаж тогтоох ёстой. Үнэхээр хэлэлцүүлэг хийе гэж байгаа бол 2016 оноос хойш томилогдсон бүх албан тушаалтнуудаа гаргаад эрх ашгийн зөрчил байна уу гэдэг анализ дүгнэлт хийх ёстой. Ажил гүйцэтгэх гэрээг 50 сая төгрөгөөс доошоо бол шууд гэрээ хийгээд байгаа байхгүй юу. Нэг байшинг гурван удаа будчихсан тохиолдол байна шүү дээ.
-Та Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг дэмжиж байна гэж ойлгох уу?
-Би өргөн хүрээгээр явуулах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн албыг төрлийн алба, намын алба болгож болохгүй. Яагаад өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг халж өөр хүмүүсийг томилсон юм. Яагаад дараа нь шүүх дээр ялагдаад байгаа юм. Шүүхээс ажилд нь эргүүлэн томил гэсэн хүмүүсийг ажилд нь авахгүй байгаа юм. Энэ судалгааг эхэлж хийх ёстой. Дээрээс нь энэ 65 хүний нэрээр хэчнээн хүн ажилд орсныг нь гаргаад ирэх хэрэгтэй. Шударгаар ярих хэрэгтэй шүү дээ. Жишээ нь, энэ Засгийн газрын 17 дотор хэн нь хэний захиалгаар байгаа юм. Мөнгө аваагүй томилсон байж болно. Гэхдээ нам гэдэг нэрээр “Миний сонгуульд ажилласан юм. Энэнд төлбөрийг нь төлье” гэж байгаа бол энэ чинь 60 тэрбум л гэсэн үг шүү дээ. МАХН тийм байсан. “Намаа санхүүжүүлэх ёстой. Засгаас гарч болохгүй ээ. Яагаад гэвэл энэ хүн чинь нам санхүүжүүлэх гээд байгаа юм” гэж ярьдаг байсан. Сая ам.доллар нэхлээ гэж ярьдаг байв. Ардчилсан намд энэ бүр хавтгай байлаа.
-Одоо тэгвэл ямар жишээ байна?
-Жишээлбэл, Эрдэнэс Монгол компанийн захирал оюутны холбоонд ажиллаж байсан нэг залуу сууж байгаа шүү дээ. Засгийн газрын Хэрэг эрхлэхийн дэд бас л цүнх бариад явж байсан залуу. Хэрэг эрхлэх газрын дарга гэдэг чинь арай л өөр албан тушаалтай хүн байдаг биз дээ. Одоо Тавантолгойн энэ асуудал явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөхдүүд чинь 140 тэрбум ам.долларын үнэтэй өртөгтэй нүүрсийг хоёр тэрбум ам.доллараар зарах гээд байна. Өөрөөр хэлбэл гадныханд найр тавьж өгөх гээд байгаа юм.
-60 тэрбумын асуудлыг хууль, хүчний байгууллагууд нотолдоггүй. Гэтэл амь нь тасардаггүй ийм яриа яваад л байдаг. Тэгэхээр ямар нэгэн юм байна уу гэж харагддаг?
-Аливаа гэмт хэрэг бол гэм хор учирсан уу, үгүй юу гэдгийг шалгах ёстой шүү дээ. Гэм хорыг эхлээд тогтоох ёстой юм. Ярих нь гол биш. Үүнээс болоод хохирол учирсан уу. Хохирлыг тогтооё гэвэл томилсон бүх хүмүүсийнхээ нэрсийг гаргаж ирэх ёстой. Тэгээд албан тушаалтай нь, удам судартай нь хар. Бид чинь цөөхүүлээ шүү дээ. Яг нарийндаа дарга болж байгаа хүмүүс чинь ихэвчлэн бараг 90 хувь нь татаастай байгаа. Нам дагаад ёстой нөгөө суганы үс шиг явж байгаад л гардаг. Үүнийг бид мэдэж л байгаа биз дээ. Тийм учраас энэ нөхдүүдийг юу гэж үзэж байна вэ гэхээр мэдлэгтэй нь ажилладаг, мэдлэггүй нь суралцдаг баймаар байгаа юм. Төрийн албыг өнөөдөр ийм чадамжгүй болгох гэж дайраад байдаг цаад санаа нь юу вэ гэвэл намын санхүүжилттэй шууд холбоотой. Намын санхүүжилтийн тухай хууль байхгүйгээс болоод ингэж явна.
-Сүүлийн үед хүүхэд харамсалтайгаар эндсэн явдлууд гарах боллоо. Паркийн тоглоом эвдрэх мэтээр мөн түгшээсэн зүйл ч тасрахгүй байна. Ер нь хүүхдийн аюулгүй байдал талаас юу хийх ёстой юм бэ?
-Соёлтой нийгэмд бол сайд нь гарч ирээд огцордог юм. Сайд гэж ямар хүн байна. Хамгийн чухал салбаруудыг өнөөдөр ямар хүмүүс бариад явж байна. Ядаж гарч ирээд хэн нэгэн хариуцлага үүрэх ёстой. Манай Эрүүгийн хуульд өмнө нь шууд бус байдлаар бусдыг үхэлд хүргэх юм бол эрүүгийн хариуцлага үүрдэг байсан. Гэтэл одоо тийм заалт нь байхгүй болчихсон. Зөрчлийн хуулиндаа ч байхгүй. Жишээлбэл, хэмхэрхий шатыг “Энэ зүгээр авирчих” гэж авируулаад нөгөө хүн унаад нас барчихвал зүгээр гэж хэлсэн хүн хариуцлага үүрэх ёстой шүү дээ. Яг л тэр юм. Тэгэхээр энэ Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль аймшигтай байгаа биз.
Ж.Энхсайхан
Сэтгэгдэл (15)