ОХУ-ын Суворовын сургуульд суралцаж буй анхны монгол сонсогчид болох 18 сурагч эх орондоо амралтаараа ирж, өчигдөр Батлан хамгаалахын их сургуульд цэргийн тангаргаа өргөлөө. Хоёр орны Батлан хамгаалах яам хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу эдгээр сурагчид 2010 оны нэгдүгээр сараас Омск хотын Кадетын корпуст суралцаж эхэлсэн байна. Улмаар 2011 оны есдүгээр сараас Екатеринбург хотын Суворовын сургуульд шилжин суралцах болжээ. Эдгээр монгол сурагчид нь Суворовын сургуульд суралцсан анхны гадаадын иргэд аж.
Сурагчдын ихэнх нь Зэвсэгт хүчинд алба хааж байгаа генерал, офицер, ахлагч нарын хүүхдүүд гэнэ. ОХУ-ын цэргийн сургалт, бэлтгэлийн тогтолцооны өвөрмөц дүр төрх, нэрийн хуудас нь болсон цэргийн нэрт жанжин, сурган хүмүүжүүлэгч А.В.Суворовын нэрэмжит цэргийн бүрэн дунд сургууль анх 1830 онд байгуулагдаж байжээ.
Эх орны дайны жилүүдэд буюу 1943 онд Оросын цэргийн алдарт жанжин А.В.Суворовын нэрэмжит болсон юм байна. Тус сургууль өдгөө 69 дэх төгсөлтөө хийж байгаа. Нийт 16000 гаруй суворовчуудыг төгсгөөд байгаа аж. Тэдний дотор цэргийн нэрт дарга, баатрууд, эрдэмтэд болон бусад алдартнууд олноор төрөн гарч үеийн үед Оросын ард түмний бахархал болсоор иржээ.
Бага балчир насандаа эх орноосоо хол, харь оронд цэрэгжүүлсэн сургуульд суралцаж байгаа эдгээр хүүхдүүд монгол хүний тэсвэр хатуужил, мэдлэг, оюуны чадамжаараа онцгойрон сурлага, сахилга, урлаг спорт гээд бүхий л чадвараараа хамтран суралцагсдаа манлайлж байсан гэнэ. Тухайлбал тэд математик, англи хэлний олимпиадад тогтмол дээгүүр байрт ордог байсан байна. Мөн буудлагын тэмцээнд сургуулийн аварга, хотын аварга, Омск хотод болсон сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж байжээ. Түүгээр ч барахгүй Нахимов, Суворовын сургуулиудын дунд болдог самбо бөхийн тэмцээнээс монгол сурагч алтан медаль хүртэж байсан байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (2)