24tsag.mn сайт Монгол орныхоо
аялж амрахад тохиромжтой буюу үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлтэй
газруудыг цувралаар хүргэж байгаа. Харин энэ удаа бид эх орныхоо зүүн аймгуудыг сонгон авлаа. Эдгээрийн ихэнхи нь үзэсгэлэнт сайхан
байгальтай газрууд байгаа бол үлдсэн хэсэг нь түүхэн дурсгалт газрууд
юм. Ингээд таныг аялж амрах газраа сонгоход бидний бэлтгэсэн мэдээлэл
бага ч болов тус болно гэдэгт итгэлтэй байна.
Хэнтий аймаг
Хэнтий аймаг
Бурхан Халдун нь Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. 1995 онд ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгожээ.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт сайхан газар Балдан Бэрээвэн хийд оршино. 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номонхан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар суурь нь тавигдсан гэж үздэг бөгөөд 1813 онд Их Цогчин дуганыг байгуулсан байна.
Энэ бол монголчуудын их хаандаа зориулан босгосон анхны хөшөө юм. Хэнтий аймгийн Дадал сумын Ононы Дэлүүн болдогийн орчим Гурван нуурын амралтын төвд босгосон энэ хөшөө хоёр метр гүн суурьтай, 12 метр өндөр ажээ. Цавчим хад мэт хананд Чингис хааныхаа дүрийг зурж “Алтан бие минь алжааваас алжаатугай, аху төр минь бүү алжаатугай” хэмээх алдарт гэрээсийг нь монгол бичгээр бичсэн байдаг.
Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн болдог хэмээх газрыг монголчууд өдгеө ч шүтэн биширч байдаг. Учир нь тэнд Их эзэн Чингис хаан мэндэлсэн гэдэг. Түүхэнд энэ газрыг Есүхэй баатрын гэрийн буурь байсан Болдог толгой хэмээжээ.
Хар Зүрхний Хөх нуур нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд Хар зүрх уулын өвөрт уулын тагтанд орших цэнгэг уст нуур юм. Энэ нуур Улаанбаатар хотоос 220, Багануураас 70, засмал замаас салаад 35 км явж байж хүрнэ.
Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 203 километр зайтай байдаг. Тосон нуурын рашаан нь ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой.
Өглөгчийн хэрэм Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45км-ын зайд Дайчин уулын аманд шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм хэмээдэг байна. Энэ хэрэм нь ойролцоогоор гурван км орчим бөгөөд урд талдаа хоёр хаалганы оромтой ажээ. Хэрмийн хана 3.1 метр өндөр, 2.5 метр зузаантай юм.
Хэнтий аймгийн Бат ширээт сумын нутагт Биндэр уулын зүүн урд хормойн цохио бүхий үзүүрт оршдог Рашаан хад нь чулуун зэвсгийн үеэс эхлээд XVI зууны үе хүртэлх он цаг үед хамаарах Монголын дорнод хэсгийн түүх соёлын дурсгалт цогцолбор юм. Энэ хадны орчимд чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг, янз бүрийн бичиг үсгийн дурсгал, бичээсүүд, чулуун зэвсгийн дурсгалууд, хүрэл, төмөр зэвгийн үе болон Хүннү, Кидан, Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэн дурсгалууд болон булш олон байдаг аж.
Дорноговь аймаг
Дэлхийд байдаг энергийн хоёрхон төвийн нэг нь Хамрын хийд нь Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт оршдог. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хийдийн дэргэд “Хүслийн хар уул” байх бөгөөд дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бол эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ.
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт Цонжийн чулуу хэмээх хүрмэн чулуунаас тогтсон жижиг хадат толгой бий. Энэ толгойн чулуу нь болор шиг зургаан талтай, талуудыг нийлүүлж өрсөн мэт сонин, босоо тогтоцтой, хар саарал өнгөтэй. Энэ чулууг өнгөлбэл гялалзсан хар өнгөтэй болно. Энэ толгой дээр аянга их буудаг, аянга буух үед чулуу бутарч унадаг гэж нутгийнхан ярьдаг.
Эргэлийн зоо нь уртаараа 60 гаруй км, өргөнөөрөө 20 орчим км үргэлжилсэн байгалийн сонин тогтоцтой, палентологийн олдвор ихтэй, эртний амьтдын үлдэгдэл бүхий нуурын хурдас газар юм. Говийн энэ үзэсгэлэнт сайхан газар 30 гаруй сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруугны үлдэгдэл элбэгтэй. Эрдэмтэд судлаачид нэлээд эртнээс Эргэлийн зоог сонирхон судалж байжээ.
Говьсүмбэр аймаг
Зүүн жанжин Чойрын хийдийн Цогчин дугана байсан газраас холгүй арын Цагаан Дарь эх хэмээх хадны бурхан бий. Энэхүү бурхныг маш эртний галбын барзгар боржин чулуун хадны элгэн биеэс ургуулах мэт товойлгон долоон тохой хагас талбайд товойлгож сийлсэн нь бусдаас ялгагдах ур хийц юм. 1828 онд Зүүн Чойрын хийдийн орчимд хэжиг өвчин дэлгэрч лам хар олон хүний аминд хүрсэн гэдэг.Иймд энэ өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлгэвэл дарагдана гэснээр уул хадаар хэрэн хэсэж бурхан бүтээж явдаг нэгэн бурханч ламыг залж энэхүү бурхныг хийдийн гол дуганыг чиглэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хэжиг өвчин дарагдсан гэдэг.
Дорнод аймаг
Хэрлэн барс хот нь Монгол оронд байгаа Хятаны үеийн хотын туурь балгас юм. Энэхүү балгас нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Чойбалсан хотоос баруун тийш 12 км-т, хэрлэн голын эрэгт оршино.
Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т орших Буйр нуур бол манай орны хамгийн олон зүйл загастай нуур юм. Нуурын өмнөт эрэгт түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуур тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Нуурын хөвөөгөөр үхсэн хясааны хавтаснууд маш элбэг байх бөгөөд очсон хүмүүс дурсгал болгон авах нь бий.
Их бурхант чулуун бурханы цогцолбор XYIII зууны үед хамаарагдах дан байгалийн чулуу ашиглан өрж хийсэн чулуун дурсгалд Дорнод Монголын сав газар, Халх голын баруун тохойд орших “ИХ БУРХАНТ” буюу Жанрайсаг бурханы цогцолбор дурсгал зүй ёсоор орно. Энэхүү дурсгал нь шар шавар ашиглаагүй, зөвхөн байгалийн чулуу ашиглан бүтээгдсэн гэдгээрээ бусад чулуун дурсгалаас онцлог бөгөөд мөн хэмжээний хувьд монголд хамгийн томд тооцогдоно.
Халхын голын баруун эрэгт Хамар даваа дээрх ялалтын хөшөөг 1984 онд босгожээ. 50 метр өндөр энэхүү гэрэлт хөшөөг ард түмэн эх орныхоо төлөө алтан амиа алдсан зөвлөлт монголын армийн олон мянган эрэлхэг дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн босгосон юм.
Халх голын урт 233 км, талбай нь 17120 хавтгай дөрвөлжин километр бөгөөд vvний 7440 хавтгай дөрвөлжин километр манай нутагт хамаарна. Голын баруун эрэг нь зүүн эргээсээ өндөр тул зүүн талаас нь харахад хана хэрэм мэт халхалж харагддагаас ийм нэртэй болжээ. Халх голын хөвөөгөөр одоо ч дайны шарх арилгаагүй гэнэм.
Дорнод Монголын өргөн уудам тал нутгийн дунд орших Мэнэнгийн тал нь манай орны хамгийн том тэгш тал юм. Бэлчээрийн ургамал зээр, чоно болон ховор ан амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн төрхөө хадгалан үлдсэн том тал билээ. Мэнэнгийн тал нь Нөмрөг, Халх голын сав газартай хил залгаа орших жижиг дов толгодуудтай хялгант хээр бүхий уудам газар юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)