Монголчууд бид нүүдэлчин удамтай болоод ч тэр үү аялах тун дуртай. Аялал гэдэг нэг талаар хобби мэт боловч нөгөө талаар амралт юм. Зуны дэлгэр цагт хүмүүс аялж амрах нь элбэг. Тиймээс ч 24tsag.mn сайт Монгол орныхоо аялж амрахад тохиромжтой буюу үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлтэй газруудыг цувралаар хүргэж байна. Эдгээрийн ихэнхи нь үзэсгэлэнт сайхан байгальтай газрууд байгаа бол үлдсэн хэсэг нь түүхэн дурсгалт газрууд юм. Ингээд таныг аялж амрах газраа сонгоход бидний бэлтгэсэн мэдээлэл бага ч болов тус болно гэдэгт итгэлтэй байна.
Гурван цэнхэрийн агуй. Хүй нэгдийн үеийн урлагийн голомт Ховд аймгийн Манхан суманд бий. Гурван цэнхэрийн агуй нэртэй энэ газар Манхан сумын төвөөс 25 км-т оршино. Монголын 9 гайхамшгийн нэгээр нэрлэгддэг энэхүү агуйд та зосоор зурсан шорон эвэрт
оронго гөрөөс, тэмээн хяруул зэрэг олон амьтны дүрсийг олж харах болно.
Хар ус нуур. Их нууруудын хотгор дахь цэнгэг уст "Хар ус" нуур нь Монголд мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг юм. Ховд аймгийн Дөргөн суманд орших энэхүү нуурын эргэн тойрон Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдсэн нь сүрлэг сайхан харагдана. Хар-Ус нуурт том жижиг 10 гаруй арал байдагаас хамгийн том нь “Агваш” хэмээх арал бөгөөд тэрээр Хар-Ус нуурыг хойд урд гэсэн тэнцүү биш хоёр хэсэгт хуваадаг аж.
Увс нуур. Монголын хамгийн том гэгдэх Увс нуур нь үзэсгэлэнт байгаль, ан амьтдаараа алдартай. Увс нуурт 362 төрлийн нүүдлийн шувууд дулааны улиралд ирэх ба 29 төрлийн загас жараахай бий. Мөн энэ нуурын сав газар 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг.
Хяргас нуур. Увс аймагийн Хяргас суманд байрлах, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур. Хяргас нуурын урт нь 83 км, өргөн нь 31 км, хамгийн гүн цэгтээ 80 метр байдаг. Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө.
Отгонтэнгэр уул. Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр. Монголчууд эрт дээр үеэс Очирваань хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн ариун газар бөгөөд төрийн тахилгатай уул юм.
Идэрийн гол. Завхан аймгийн нутгаар урсдаг Идэрийн гол Алтайн нуруу, Отгонтэнгэрээс эх авдаг томоохон голуудын нэг. Урт нь 452 км бөгөөд 24.555 хавтгай дөрвөлжин км талбай эзлэн урсдаг.
Хөвсгөл далай. Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур. Түүнчлэн Хөвсгөл нуурын сав газрыг монголын хамгийн үзэсгэлэнтэй байгальтай хэмээн тодотгодог. Нуурын урт нь 136 км, өргөн нь 36.5 км, дундаж гүн 138 метр, хамгийн гүн цэг нь 267 метр бөгөөд “Модон хүй”, “Хадан хүй”, “Бага хүй” “Далайн хүй” /хамгийн том арал/ дөрвөн аралтай.
Дархадын хотгор. “Дархадын хотгор” Рэнчинлхүмбэ суманд байдаг ажээ. Ой хөвч, уул нурууд нь хорвоогийн хамаг үзэсгэлэнг цогцлооно.
Хорьдил сардигийн нуруу. Хөвсгөл нуурын баруун өмнөд, дархадын хотгорын зүүн өмнөд хэсгээс хойш 130-аад км сунаж тогтсон уул нуруу бол Хорьдол Сарьдагийн нуруу юм. Хорьдол Сарьдагийн нуруу нь далайн түвшнээс 2500-аад метр өндөр боловч түүний салбар уулс нь эгц шовх өндөр оргилтой. Эдгээрээс хамгийн өндөр нь 3093 метр Дэлгэрхаан уул юм. Хорьдол Сарьдагийн нурууг байгалийн өвөрмөц сонин тогтоцтой, ховордсон ан амьтан, өвс ургамалтай. Аргаль угалз, янгиор, баавгай, хүдэр зэрэг тоо толгой нь ховордож байгаа ан амьтад, алтайн хойлог, ёл, тас, бүргэд зэрэг ховор жигүүртэн шувуу байдаг.
Тамирын гол. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Хойд, Урд Тамир гол нийлсний дараа Тамир гол нэртэй болно. Ингэж Гурван-Тамир гол гэдэг нэр гарсан. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км². Хойд Тамир дээд хэсэгтээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм. Урд Тамирын голоос эртний төрмөлийн эриний түүх дурсгалын зүйл олддог.
Тайхар чулуу. Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII–IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй. Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг.
Тэрхийн цагаан нуур. Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Тус нуурыг 2011 онд CNN агентлаг аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.
Өгий нуур. Загасчлахад хамгийн тохиромжтой нуур. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ нуур тахилгатай тул эмэгтэй хүн орохыг цээрлэнэ.
Чулуутын гол. Чулуут гол нь 415 км урсаад Идэр голын баруун гарт очиж нийлдэг. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 60-60 орчим метр гүн хүрмэн чулуун хавцал үүсгэн урсдаг бөгөөд тэр нь энэ голын хамгийн үзэсгэлэнтэй хэсэгт тооцогдоно.
24tsag.mn
Сэтгэгдэл (20)