Мэдрэлийн өвдөлт гэдэг нь хүчтэй өвдөлт дагаж байдаг захын мэдрэлийн өвчин юм. Мэдрэлийн аль хэсэгт үүсснээс хамаарч гурвалсан мэдрэлийн, дагзны, хавиргын, гуяны мэдрэлийн гэх мэт олон хэлбэртэй.
Нөлөөлдөг хүчин зүйлс нь хэт халуун хүйтний хямрал, чанга дуу чимээ, хурц гэрэл, даарч хөрөх, шүд хамрын дайврын өвчин, огцом хөдөлгөөн, халдвар, хүнд хэлбэрийн ханиад, томуу, бүслүүр яр, гэмтлийн дараагаар үүсдэг. Гурвалсан мэдрэлийн невралги нэг талын нүд, хацар, хоншоор, эрүүний орчмоор гэнэт хүчтэй цоргиж өвдөж, нэн богино хугацаанд давтагдах өвдөлтийн хөдлөлөөр илэрдэг. Өвдөлтийн өмнө арьс ирвэгнэх, загатнах мэт мэдрэмж төрж байснаа гэнэт маш хүчтэй огцом өвдөлт өгч юунд ч намдахгүй.
Шүдний шалтгаант невралги чинэрэх, чимчигнэх, өвдөх , бадайрах, өвдөлтийн хүч ихсэн, шүд буйл эрүүний орчмоор байнга янгинан өвдөж, үе үе ширүүсэн хэдэн цаг хоногоор үргэлжилнэ.
Хамар тагнайн зангилааны невралгийн явц маш хүнд, гэнэт шөнөөр эхлээд энэ үед тагнай, чамархай, нүдний эргэн тойрон, хүзүүгээр халуунаар төөнөх мэт өвдөөд цаашлан гарын сарвуугаар өвдөнө.
Дагзны мэдрэлийн невралгийн үед хүчтэй өвдөлт нь дагзнаас чамархай, нүдний чигт давалгаалан шилжихдээ улам хүчтэй болсноор дотор муухайруулж, бөөлжүүлдэг.
Гуяны гадна талын невралги үүсэхэд гуяны гадна талаас гэнэт маш хүчтэй хатгуулж өвдөөд явахад өвдөлт улам ихсэж арьс халуу шатах мэт болоод мэдээгүй болно. Мэдрэлийн өвдөлтийг хурц үед нь эмчлүүлэхгүй байх, дутуу эмчлүүлээд орхисноос архагших, хүндрэх, мэдээгүй болж үлдэх аюултай учир эхлэх үед нь мэдрэлийн эмчид яаралтай үзүүлж эмчилгээг гүйцэд хийлгээрэй.
Сэтгэгдэл (7)