Хөгжлийн Банхны гэх хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн билээ. Үүний улмаас өнөөгийн зарим УИХ-ын гишүүдтэй холбогдох хэргүүд дахин сөхөгдсөн юм. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар. Түүнд холбогдох хэргийг УДШ хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн байдаг.
Тэр бол УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгорт Ардчилсан намаас нэр дэвшиж, "шинэ парламент"-д сонгогдсон гишүүн. Гэхдээ үүнээс илүүтэй цахимыг шуугиулагч АН-ын Д.Мөнх-Эрдэнийн төрсөн дүү гэдгээрээ танил нэгэн.
УДШ гэм буруутай гэж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосныг хэвээр үлдээчихсэн атал өнөөдрийг хүртэл гэм буруутай нь тогтоогдоод буй УИХ-ын гишүүн бээр хууль тогтоолцож, улсын асуудалд санал өгөөд сууж байна. Түүний хэлж байгаагаар УИХ-ын гишүүн болсноосоо хойш гэмт хэрэг үйлдээгүй гэнэ. Тэгвэл түүнээс өмнө гэмт хэрэг үйлдэж байснаа бараг л зөвшөөрөөд байгаа хэрэг болох нь уу даа.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дээр тонгочиж, хээвнэг "Дээд шүүхийн бичиг албан ёсоор ирэх байх. Одоо надад мэдсэн зүйл алга. 2024 оны зургадугаар сарын байдлаар Дээд шүүх болон шүүхийн байгууллагуудаас шаардлагатай бичиг баримтыг авч, СЕХ-нд өгөөд хууль ёсны дагуу нэр дэвшиж, ялалт байгуулсан. Өргөсөн тангарагаасаа няцахгүй, Үндсэн хууль зөрчихгүй, гишүүн болсноосоо хойш гэмт хэрэг хийгээгүй. Гишүүнээ хийгээд явж байгаа. Хуулийн дагуу асуудал шийдэгдэл явна. Би өргөдөл өгөхгүй" гэж яриад зогсох нь хоржоонтой. "Өргөдлөө өгөхгүй" гэж мушилзан байгаа нь бор ч тохуутай.
Хуулийн дагуу бол гэмт хэрэгт холбогдсон болон гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэвээр үлдээх эсэхийг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж, холбогдох байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан санал хураалтаар шийдэх зүй тогтолтой байдаг.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын "гэмтэн" болж дурдагдаад буй хэргийг тодруулъя л даа, тэрбээр 2016-2020 оны хугацаанд Хөгжлийн Банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээр дурдсан ялыг оноосон. Харин хяналтын шатны шүүхийн тогтоолд “Д.Цогтбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, "Газ кулорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон. Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв" гэжээ.
Ийм ч учраас Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нөхцөл бүрдсэн. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5 дахь хэсэгт "Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулиар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болно" гэсэн заалт бий. Хуулийн дэлгэрэнгүйг энд дарж харна уу.
Сэтгэгдэл (2)