Нийт 67 хүн сууж явсан онгоц Казахстанд осолдож, 29 зорчигч эсэн мэнд гарсан тухай орон нутгийн албаныхан мэдэгдлээ. Казахстаны эрх баригчид ослын улмаас 38 хүн амиа алдсан гэх мэдээллийг баталсан байна.
Тодруулбал, Азербайжаны агаарын тээврийн "J2-8243" онгоц Казахстаны Актау хотын ойролцоо ослын буулт хийх гэж байгаад шатсан байна. Онгоц ОХУ-ын Грозный хотыг чиглэн явж байсан ч манангийн улмаас Казахстан руу чиглэлээ өөрчилсөн аж.
Онгоцны нисгэгчид ослын буултад бэлтгэн аажмаар доошлох үед гал гарчээ. Тус агаарын тээврийн компанийн мэдээлснээр онгоц Актау хотоос гурван км зайд осолдсон байна. Энэ онгоц Азербайжаны нийслэл Бакугаас лхагва гарагт хөөрсөн нислэгийн хяналтын "Flightradar24" вэб сайтаас мэдээллээ.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан батлагдаагүй мэдээлэлд дурдсанаар, онгоц осолдохоосоо өмнө шувууны сүрэгтэй мөргөлдсөн байж магадгүй аж. Ослын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн бөгөөд Баку болон Оросын Грозный, Махачкала хотуудын хоорондох нислэгүүдийг цуцлаад байна.
Л.Баяр