Өнгөрөгч лхагва гарагт Христийн мэндэлсний өдөр буюу Зул сарын баяр тохиов. Уг өдөр ОХУ-ын тал Украинд бөмбөгдөлтөөр бэлэг барив. Тодруулбал, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос улс Зул сарын баяраар Украины эрчим хүчний дэд бүтцэд томоохон цохилт өгсөн тухай мэдэгдээд бухимдалтай байгаагаа илэрхийлэв. Украины Агаарын цэргийн хүчнийхэн 184 пуужин, нисгэгчгүй онгоц илрүүлсэн гэж мэдэгдсэн ч тэдгээрийн дийлэнх нь сүйдсэн, байндаа хүрч чадаагүй ажээ. Довтолгооны улмаас амь үрэгдэгсдийн тоог нарийвчлан тооцоогүй байна.
Оросын тал уг халдлагыг баталж, "Бид Украин дахь эрчим хүчний чухал байгууламжид томоохон цохилт өглөө. Цохилт амжилттай болж, бүх байг оносон" гэж мэдэгдэв.
Халдлагын улмаас Украин даяар, тэр дундаа нийслэл Киев хотод цахилгаан тасарч, зарим оршин суугчид метроны буудлуудад хоргодож байна. Энэ нь Украины эрчим хүчний салбарт энэ онд гарсан 13 дахь томоохон халдлага гэж тус улсын хамгийн том хувийн эрчим хүчний компани болох "DTEK" мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден халдлагын талаар хэлэхдээ, "Украины ард түмнийг өвлийн улиралд дулаан, цахилгаан эрчим хүчний хангамжгүй болгож, аюулгүй байдалд нь заналхийлж байгаа нь хэрцгий явдал" гэжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Зеленский Украины эрчим хүчний дэд бүтцийн 80 хувь нь Оросын бөмбөгдөлтөд сүйдсэн гэж мэдэгдсэн. Тэрбээр халдлагын хариуд Оросын талыг хүнлэг бус хэмээгээд, "Оросын хилэнц Украиныг эвдэж, Зул сарын баярыг сүйтгэж чадахгүй" гэжээ.
Украинчууд барууныхны адил 12 дугаар сарын 25-нд Зул сарын баярыг тэмдэглээд хоёр жилийн нүүрийг үзэж буй. Тэд өмнө нь Оросуудын адил Зул сарын баярыг Жулианы хуанли ёсоор нэгдүгээр сарын 07-нд тэмдэглэдэг байв.
Л.Баяр