Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ. Үүнтэй холбогдуулан өмгөөлөгч П.Эрхэмбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өмгөөлөгч нарын зүгээс хоёр хүсэлт гаргана. Үүнийг хэлэх боломжгүй. Өмгөөлөгч нарын зүгээс шүүх бүрэлдэхүүнд дахин тусгаарлаж, шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг гаргана. Энэ бол нэг үндэслэл болно. Тухайн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн шийднэ. Өмнөх хүсэлтийг хариуцаж авсан шүүгч шийдвэрлэж байсан.
Хоёр үндэслэлээр л шүүх хуралдааныг хаалттай явуулдаг. Нэгдүгээрт, бага насны хүүхдийн эрхтэй холбоотой асуудал, хоёрдугаарт, төрийн нууцтай холбоотой асуудал. Гэтэл энэ ганц төрийн нууцтай холбоотой хэрэг биш. Үүнээс гадна өөр хэргүүд байгаа учраас тэдгээрээс тусгаарлах боломж байгаа. Төрийн нууц материалыг хадгалсан гэдгээр буруутгаж байгаа бол хэн нэгэн түүнийг гаргасан байж таарна. Түүнтэй холбоотой хэсгийг тусгаарлах логик харагдаад байна. Тэгэхээр үүнийгээ тусгаарлаж байгаад иргэдийн итгэх итгэл, шүүх яаж үйл ажиллагаагаа явуулдгийг харуулах боломжтой учраас нээлттэй хийгээд өгөөч гэсэн тайлбар хүсэлтийг хэлж байсан.
Шүүх хуралдаан дээр өмгөөлөгч гаргах тактик байгаа учраас энд ярихгүй. Шүүх хүсэлтийг шийдвэрлэж таарна. Гарч ирээд мэдээлэл өгнө. Энэ салбарт ажиллаж байгаа өмгөөлөгчийн хувьд би шүүхдээ итгэнэ. Давж заалдах шатны шүүхэд итгэнэ. Хуулийг хэрэглэж, тайлбарлаж, мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцоно. Түүнээс биш тэнд хэн нэгнийг хэлмэгдүүлж, өс хонзонгийн сэдлээр шүүх учиргүй. Тэгэхгүй гэдэгт нь би итгэж байгаа" гэлээ.