Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж байна. Үүнтэй холбогдуулан ИОНН-ын дарга Ц.Оюунгэрэл байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Давж заалдах шатны шүүх бол Анхан шатны шүүхийн процессийн алдааг засдаг. Манай шүүхэд өөр өөрийгөө засах систем ажиллаж байна уу гэдгийг өнөөдөр харна. Яагаад гэвэл анхан шатны шүүх дээр Н.Өнөрцэцэгийн өмгөөлүүлэх эрх алдагдсан гэж үзэж байгаа. Олон улсад тэмцэж, тэмцэж олж авсан хэвлэлийн эрх чөлөө манай улсад ямар байх нь вэ гэдгийг ч харна. Монголд татвартай холбогддоггүй хүн гэж байхгүй. Татварын ямар нэгэн асуудал үүсэхэд шууд эрүүжүүлдэг нь зөв үү? Бусад хүмүүст олгогддог шиг татварын албатайгаа зөвшилцөөд төлөлтийн график гаргаад, захиргааны зэрэг арга хэмжээг авсны дараа эрүүждэг систем жигдрэх үү үгүй юу гэдгийг хармаар байна. Хэвлэлийн эрх чөлөө, өмгөөлүүлэх процесс өнөөдөр хэрэгжих үү гэдгийн зангилаа цэг нь өнөөдрийн давж заалдах шатны шүүх хурал болчихоод байна" гэлээ.