Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын “Huawei” компанитай хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд гурван шилжилт хийхээр шийдвэрлэжээ. Тухайлбал, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаар болсон аж. Тэгвэл Ерөнхий сайдын хамтарч ажиллахаар гэрээг үзэглэсэн “Huawei” компанид дэлхийн арав гаруй улс хэсэгчлэн болон бүтэн байдлаар хориг тавьсан байдаг. Өнөөдрийн байдлаар АНУ, Их Британи, Япон, Австрали, Герман, Итали, Франц, Канад, Португал, Швед, Румын, Эстони, Дани, Шинэ Зеланд зэрэг улсууд “Улсын их өгөгдлийг авч, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” хэмээн тус компанид хориг тавьсан юм.
Энэ мэт дэлхийн улс орнууд Үндэсний аюулгүй байдал, их өгөгдлөө хамгаалахын тулд хориг тавьсаар буй. Гэтэл манай улсын Засгийн газрын тэргүүн БНХАУ-д очив уу, үгүй юу хувийн компанитай хамтарч ажиллахаар ажлын хэсэг байгуулчихав.
Түүний энэхүү үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах зүйл хэмээн УИХ-ын гишүүн Ч.Анар эсэргүүцэж байр сууриа илэрхийлээд буй. Тэрбээр "Монгол Улсын аюулгүй байдал бол хил хязгаараас гадна мэдээллийн аюулгүй байдал юм. Монгол Улсын төрийн тэргүүн хувийн компанитай хамтарч ажиллана гэдэг бол технологи, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал талаасаа байж болохгүй зүйл. Урд хөршийнхөө хяналтад бүрэн утгаараа орж байна гэсэн үг" гэх тайлбарыг өгсөн юм.
Тэгвэл тагнаж, чагнадаг гэх “Huawei” компани манай улсад 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Одоогоор өндөр хурдны, чанартай, найдвартай сүлжээг Монгол Улсын хот, аймгийн төвүүд, алслагдсан сум, багт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Өнөөдөр ч үйл ажиллагаагаа явуулж буй БНХАУ-ын “Huawei” компани ZTE-ийн түүхийг эргэн давтах уу гэдэг асуулт бидний өмнө сөхөгдөж байна.
Эргэн сануулбал, Монголын мэдээллийн технологийг бараг тэр чигт нь базаж байсан гэх БНХАУ-ын ZTE-ийн түүх бидэнд багагүй сургамжийг өгсөн байдаг. ZTE буюу “Zhongxing Telecom” компани манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлснээр 2004 онд хамтын ажиллагаа эхэлж байв. Монголын цахилгаан холбооны салбарт зах зээлийн судалгаа хийх чиглэлээр ажиллана хэмээж байсан тус компани Монголын бүх л зах зээлийн салбар руу үсчиж, олон тендерийг хууль бусаар авч байсан юм. Тухайлбал, БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Шинэ зууны боловсрол” гэх 40 сая ам.долларын өртөгтэй төсөлд ZTE компани ногоон гэрлээр ялж дуулиан тарьсан ч удалгүй хууль бус гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байдаг. Иймд ZTE-ийн түүхийг “Huawei” компани дахин давтах уу гэх асуулт үлдэж байна.
Д.Батчулуун