Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2013 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон юм.
Нийслэлийн төсвөөр Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 8-нээс эхэлнэ. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг түр хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх аж. Бохир усны шугамын холболтыг хийж дуусаад арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулгаж шинээр барих ажлыг эхлүүлэх юм.