"Ногоон" автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх нээлттэй сонсгол өчигдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр эхэлсэн. Тэгвэл эхний өдрөөс шинжээчийн дурдсан онцлох баримт, эсрэг талын байр суурийг хүргэж байна.
УЛС ТӨРИЙН ТОГЛОЛТ БАЙВ УУ?
Энэ сонсголоор "шууд" худалдан авалт хийх болсон шалтгаан нөхцөлийг тодруулах нь бас нэг чухал асуудал болоод байгаа. Шууд худалдан авалт нэрийн дор ханцуйндаа наймаалцаж, мөнгө "цавчиж", харагдахгүй хулгай хийж буй талаар УИХ-ын гишүүд шүүмжилж байна. Гэхдээ эрх бүхий албан тушаалыг хашиж байсан Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ, автобусыг огтхон ч "төрийн нууц" нэрэн дор худалдаж аваагүй, анхнаасаа буруу мэдээлэл түгээж, түүн дээрээ улс төрийн тоглолт хийсэн гэж байлаа. Харин Ж.Сүхбаатар гишүүн "сонсгол гэрчээр дуудаж, элдэв зүйлд гүжирдэж, яллагдагчаар татагдан шүүхийн процесс үргэлжилж байхад хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулах зүйл хийхгүй байх"-ыг санууллаа.
ХАМААРАЛ БА ХУУЛЬ
“Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” НҮТББ-ыг үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч гэдэгт А.Ганхуягийн нэр байна. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад тус НҮТББ-аас С.Бямбасүрэн томилогдсон. Энэ НҮТББ ногоон автобусны тендерт шалгарсан нийлүүлэгч “Тэнүүн-Огоо” компанийн А.Ганхуягтай харилцан хамааралтай.
ННТГ-ын газрын дарга С.Жавхлантбаатарын дүү С.Жавхлантуяа нь Тэнүүн Огоо ХХК-ийн захираүл А.Ганхуягийн хүү Г.Намнансүрэн нар нь "Илчит хүлэг" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, нэгдмэл сонирхолтой этгээдүүд.
Урьдчилгаа төлбөр болох 81 тэрбум 666 сая төгрөгийг Тэнүүн Огоогийн голомт банк дахь данс руу шилжүүлсэн байна.
"Тэнүүн-Огоо" ХХК-ийн техникийн тодорхойлолт:
Техникийн тодорхойлолтыг ажлын хэсэг хэлэлцээд дөрвөн үзүүлэлтээр "Тэнүүн-Огоо" компанийн техникийн тодорхойлолт зөрснийг хэлэлцэж байжээ.
Гэвч техникийн тодорхойлолтын зөрүүтэй асуудлаар тодруулга аваад явах уу? гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Хэрвээ хуулиа мөрдөж байсан бол тодруулга авах шаардлагагүйгээр техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй гэж үзэх байсан. Гэтэл ажлын хэсэг техникийн тодорхойлолт дээр тодруулга авсан.
Тодруулбал
- Автобусны шилний үзүүлэлт зөрсөн
- Гүүшин холбоо буюу тэнхлэгийн техникийн үзүүлэлт зөрж байсан.
- Дулаацуулгын систем зөрүүтэй.
- Үйлдвэрлэлийн итгэмжлэл буюу баталгаа гэсэн үзүүлэлтээр зөрсөн талаар ярилцжээ.
ТЭНҮҮН-ОГОО гадаадын компани руу 111 тэрбумыг шилжүүлж,
үлдсэн мөнгийг их хэмжээгээр бэлнээр авдаг байжээ
Улсын төсвөөс санхүүжсэн 134.6 тэрбум төгрөгөөс “Тэнүүн-Огоо” компани нь гадаадын нийлүүлэгч компаниудад 111 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг.
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн төсвийн зарцуулалт:
- Улсын төсөвт 11.9 тэрбум төгрөгийг буцааж шилжүүлсэн байдаг. Авлигатай Тэмцэх Газраас эрүүгийн хэрэг үүсэж дансанд нь байсан мөнгийг битүүмжлээд дараа нь буцаагаад шилжүүлсэн.
- 8.1 тэрбум төгрөгийг "Тэнүүн-Огоо" компани, хамаарал бүхий компани, этгээдүүдээрээ дамжуулан бэлнээр гаргаж авсан.
- 2.2 тэрбум төгрөгийг "Тэнүүн-Огоо" компанийн хамаарал бүхий компани, этгээдүүд бие биедээ шилжүүлсэн.
- 1.3 тэрбум төгрөг бол “Тэнүүн-Огоо” компанийн бусад үйл ажиллагаа. Бусад үйл ажиллагааг харахад банкнаас авсан зээл, зээлийн хүү, баталгааны шимтгэлд зарцуулагдсан.
Тэнүүн-Огоо компаниас гадаадын компаниудад шилжүүлсэн 111 тэрбум төгрөгийг бүтцээр нь авч үзвэл:
- Daewoo автобус нийлүүлэгч "Iktae" компанид 77.3 тэрбум төгрөг
- Цахилгаан автобус нийлүүлэгч Хятадын "Nanjin golden dragon" компанид 29.5 тэрбум төгрөг
- Цахилгаан автобусны дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Хятадын гурван компанид 1.3 тэрбум төгрөг
- Солонгосын тээвэр зуучийн "Wonnam gls" компанид 2.9 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.
Nanjin golden dragon компани руу "Грийн энержи моторс" ХХК-аар дамжуулж 19.2 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Харин 10.3 тэрбум төгрөгийг "Эм Эс И Партнерс" ХХК-аар дамжуулж шилжүүлжээ.
"Грийн энержи моторс" болон "Эм Эс И Партнерс" ХХК нь "Тэнүүн-Огоо" компанитай харилцан хамааралтай нэгдсэн сонирхолтой этгээдүүд байсан нь нотлох баримтаар харагдаж байна.
Хамаарал бүхий компаниудаараа дамжуулаад “Тэнүүн-Огоо” компани гадаад руу 111 тэрбум төгрөг шилжүүлсний дараа дансандаа үлдсэн мөнгийг их хэмжээгээр бэлнээр авдаг байжээ.
“Тэнүүн-Огоо” ХХК, "Эм Эс И Партнерс" ХХК, "Грийн энержи моторс" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд болон банкнаас бэлэн мөнгө авсан итгэмжлэл бүхий иргэдээс тодруулга авах шаардлагатайг гэдгийг шинжээч дурдсан юм.
ТЭНҮҮН-ОГОО компанийн дөрвөн объект,
бааз байгууламжийг 75.3 тэрбумаар үнэлж, хүлээлцэж байна
Эл компани дахин үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат хэлсэн юм. Түүнчлэн 100 автобус тус компанийг зогсоолд хадгалагдаж байгаа аж. Мөн дахин 94 автобус орж ирэхгүй гэв.
Тус компанийн Ерөнхий нягтлан бодогч хэлэхдээ, "Манай компанийн дөрвөн объект бүхий бааз байгууламжийн үл хөдлөх хөрөнгийг нийт 75.3 тэрбумаар үнэлж, хөрөнгөө хүлээлцэж байна. Энэ нь Солонгос руу шилжүүлсэн 77.2 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж улсад төлж буй явдал юм. Зөрүү мөнгөнд нь хөрөнгө барьцаалж бүх өрийг бүрэн барагдуулсан" гэв.
М.Жаргал