Хамрах хүрээ нь өргөжин тэлсэн шинэлэг “Номын баяр” Сүхбаатарын талбайд уламжлалын дагуу энэ сарын 26-28-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Хавар, намартаа уран зохиол, яруу найраг, ном бүтээлд шимтэгчдийн хүслийг хангадаг ганцхан баяр бол энэ. Эхний өдөр солигдмол үүлтэй, хааяа нар ээж, хааяадаа салхи босоод л… Хоёр дахь өдөр бороо, бороо, бороо л оров. Гурав дахь өдөр харин нарлаг сайхан өдөр байлаа.
Дайны хажуугаар дажин гэгчээр жагсагчид хийгээд одонгоор шагнуулсан хүмүүс, хонхны баяраа тэмдэглэсэн хүүхэд залуусын хөл тасарсангүй. Эдгээр өдрүүдэд сэтгүүлч би бээр асруудын өмнүүр гороолж, олон ч ном түүсэн юм.
Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш наймаа гэдэг ариун гэхээсээ илүү бохир болсон гэж хэлмээр санагддаг. Өмнө жил уг арга хэмжээг давхардсан тоогоор 180 гаруй хүн зорин очсон гэх судалгааг “Ikon.mn”сайтад нийтэлжээ. Хамгийн сүүлд 2019 оны намрын ээлжийн “Номын баяр”-ыг зорин очсон юм. Энэ удаагийн баярын онцлог нь өмнөх жилүүдийнхээс илүү олон асартай, илүү өргөн цараатай зохион байгуулагдсанд гэж дүгнэв.
Алдартай зохиолчид асар бүртээ номоо худалдаалж байсан. Тэднээс дурдвал нэгэн цагт утга зохиол судлаач, МУБИС-ийн багш, шинжлэлч доктор Г.Батсуурийн “Шүүдэрцэцэг ба эрээчих дон” нэрт шүүмжийг эсэргүүцэж, шүүхдэлцэж явсан зохиолч Б.Шүүдэрцэцэгийн асар үргэлжид талбайнд хойморт залардаг уламжлалтай. Шүүмжлээд байхад л Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг өнгөрсөн онд хүртсэн юм даа. Залуусын хамгийн ихээр зочилдог болсон “Тагтаа паблишинг”-ийн асар харин дунд хэрд сүндэрлэжээ. Харин хамгийн их үйлчлүүлэгчтэй байдаг “1000-ын ном”-ын асар үүдэн хэсэг болох урд мухарт босжээ.
Миний ажигласнаар Сүхбаатарын талбайн хоймор хэсгээр хүн багатай, дунд хэсгээр мэр сэр хүнтэй, урд үүдэн хэсгээр хүний хөл ихтэй байсан шүү. ХАМГИЙН АРИУН НАЙМАА бол “Номын баяр”-ын арга хэмжээ юм аа. Өөр Ариун наймааг үлдсэн амьдралдаа ч үзэхгүй гэж итгэдэг. Үзэхгүй явсандаа ч харамсахгүй үхнэ… Олноо дагаад үүдэн хэсгээр гиюүрч явахад алим, банана, мандарин жимсний хайрцагт ном дүүргэж, дээр нь “Бүх ном 1000” гэж бичсэн худалдаачид олноор сууж байв. Тэдний ганц дутагдал нь онцлох номуудын үнийг уг арга хэмжээний үеэр хямдруулдаггүйд л байгаа юм. Гэхдээ л тэдний 1000 төгрөгөөр ном зарж байгаа ариун наймааг магтан дуулж болно.
Яруу найрагч С.Начингийн олон нийтийн сүлжээнд нийтэлснээр, 1959 оны зун Сүхбаатарын талбайд анх “Номын яармаг” нэрээр номын өргөн худалдаа 7 хоног гарсан байна. Энэ үеэр зохиолч Л.Ванган, Ч.Лодойдамба, Ч.Гайтав, Б.Явуухулан, Б.Бааст, Ч.Ойдов, Ч.Лхамсүрэн, Э.Оюун, Ц.Цэдэнжав, Д.Пүрэвдорж нарын зохиолч, яруу найрагч нар уншигчидтай уулзалт хийсний дээр урлагийн тоглолт болжээ. Эндээс үзэхэд “Номын яармаг” хэмээн нэрлэж байсан нь зөв нэршил байж.
"Номын баярын арга хэмжээг энэ жил аймгуудаас эхлүүлсэн. Тавдугаар сарын 19, 20, 21-нд аймгуудын төв талбайд номын баярын арга хэмжээг зохион байгуулсан юм. Харин Улаанбаатарт номын баярыг жил бүрийн хавар тавдугаар сард болон намар есдүгээр сард Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг. Энэ арга хэмжээнд жил бүр 300 гаруй зохиолч, 120 гаруй хэвлэлийн компани ба номын салбарын байгууллагууд оролцож нийслэлийн болон бусад бүс нутгийн олон мянган уншигчид оролцдог соёлын гол арга хэмжээний нэг юм. Номын баярт уншигчид хүрэлцэн ирснээр, өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтой уулзах, номдоо гарын үсэг зуруулах боломж олддог. Номын баярыг 14 жилийн турш “Номын соёлт ертөнц” ТББ зохион байгуулсаар ирсэн байдаг.
Энэ баяраар Монгол улсын бусад аймгийн төвүүд болон хотуудад салбар номын баярыг тэмдэглэж уншигчдад шинэ номыг танилцуулах болон холбогдох боловсролын болон соёлын байгууллагууд иргэдтэй ойртож хамтран ажиллаж орон нутгийн томоохон арга хэмжээ болдгоороо онцлогтой. Энэ удаагийн арга хэмжээний уриа бол “Илүү их уншъя”.
За тэгээд товчхондоо бол гоо сайхны сүлжээ компаниас эхлээд “Internom”хүртэл номын дэлгүүр, хэвлэлийн газар, дамын наймаачид, пянз цуглуулагч, солонгосын үндэсний хувцас өмсүүлэх үйлчилгээ, сүүн зайрмаг, хүнсний мухлагууд, “Хуушуур хаус” хүртэл бүгд л гурван өдөр сайхан наадсан гэж хэлж болно. Өмнө жилүүдээс илүү олон асар сүндэрлэснээс бусдаар онц содон зүйл болоогүй юм.
Тэднээс нүдэнд тус
сан хамгийн гоё, даруухан жижиг асар бол “Монголын хүүхдийн ордон”-ы босгосон асар байв. Хамгийн жижигхэн асарт ч хамгийн гоёмсог төрхийг бүрдүүлсэн нь хүмүүст ч бас таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Асрын өнгө үзэмж тэр чигтээ тэдний энэ сарын 31-өөс зургадугаар сарын 04-ний өдрийг хүртэл тоглогдох “Алиса” жүжгийн сурталчилгааны чимэглэгдэхүүнүүдээс бүрдсэн байлаа.
Түүнчлэн тэд “Хүүхдийн баяр”-т зориулан, “Мэлхий гүнж”, "Magic box”, "Шидэт чулууны эрэлд”, "Madagascar Шидэт орны нууцаар”, "Kaidu World"тоглоомын төвийн хүүхдийн баяр, "ГРЕМИКС"Тоглоомын ертөнцөд алдагдсан нь, “ҮЗЭСГЭЛЭНГОО БА ЖОНОН”, "Ноён талхны үсчний газар"хүүхдийн жүжиг зэрэг арга хэмжээнүүдийг толилуулж байгаа юм байна лээ.
Улс төрийн оролцоогүй зүйл гэж Улаанбаатар хийгээд улс орон даяар үгүй болсны нэг жишээг мөн л “Номын баяр” гэж бодлоо. Учир нь УИХ-ын дарга Г.Занданшатар, Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтний эрхмүүд зохион байгуулагчдын хамт талбайн урд зассан асар том тайзан дээр нээлтийн үг хэлээд явсан юм. Гэвч тэд тайзан дээр гарахаас өөрөөр, уг арга хэмжээг дэмжсэн нэр зүүхээс өөрөөр, эдгээр өдрүүдээс бусдад номын худалдаа, арга хэмжээг дэмжсэн ямар алхам хийснийг асуумаар санагдана. Улс оронд тулгамдсан асуудлууд олон бий. Гэвч иргэдийн хүсэл сонирхол, алсын хараа, зорилго, хувь хүний хөгжлийг дэмжих ганц хөшүүрэг бол яах аргагүй НОМ билээ. Үүнийг ухаарч, дорвитой гэж дүгнэгдэхээр ажлууд хийчих хугацаа улиран одсон. Хожимдоогүй байгаа. Дор хаяад зохиолчдоо дэмжих тал дээр ажиллаж, номын үнийг хямдруулах, иргэдийн байнга зочилдог номын үзэсгэлэн худалдааны том байгууламжтай болчихвол дээрсэн гэж бодогдоно. Магад эмнэлэг, сургууль, цэцэрлэгээ ч барьчихаж дөнгөдөггүй хүмүүст үлгэр биз дээ гэж өмөрч сууна.
Манай уран зохиолын салбар хөгжиж байгаа гэж би дүгнэнэ. Гаднын сайн зохиолуудыг орчуулаад, хэвлээд уншигчдын хүртээл болгочихдог мундаг залуус олширсон. Мөн яруу найрагчдын мэдрэмж төгсөрч, хүчирхэг, увдис шингэсэн шүлгүүд өдрийн хэдэн мянгаар бичигдэж байгаа гэж хэлэхэд үгүйсгэх хүн үгүй байх. Тэр залуус бичсэнээ хэвлүүлж байгаа, хэвлүүлэхгүй айдас өвөртлөн суугаа нь ч олон байгаа. Хамгийн том дайсан нь боловсролгүй уншигчид. Эцсийн дүндээ номын дэлгүүрийн агуулахад тоосонд хучаастай хэвтэх хувь тавилан угтдаг нь гашуун. Үнэхээр сайн ном хэвлэгдлээ гэхэд ойлгодог, мэдэрдэг хэд нь уншаад л шүүгээндээ хадгалахаас хэтрэхгүй. Магад тэднийг ойлгодог, боловсролтой уншигчийн тоог олшруулах арга зам бол миний дээр хэлсэн зүйлс байж мэднэ.
Нэрт яруу найрагч Цэндийн Доржсэмбийн нэгэн шүлэг,
”Энэ хотын асуудал нь
Яруу найрагчаасаа олон баячуудтай
Энэ хотын асуудал нь
Яруу найрагчаасаа олон гуйлгачинтай
Газрын тааллыг хэтрүүлсэн хүн баяждаг
Тэнгэрийн таалалд нийцээгүй хүн гуйлгачилдаг
Тэнгэрт тэмүүлж яваа бидний яруу найраг
Тэнгэрээс холдож яваа тэдэнд хүртээлгүй ээ.
Энэ хотын асуудал нь
Яруу найрагчаасаа олон яруу найрагтай
Энэ хотын асуудал нь
Яруу найрагчаасаа олон хэвлэх үйлдвэртэй
Авьяасгүй зарим нь номонцороо
Тэрэг тэргээр нь хэвлүүлж
Алга ташилтан дор
Тайз тайзаараа эгнэж байхад
Тэнгэрт тэмүүлж яваа бидний яруу найраг
Тэнгэрээс холдож яваа тэдэнд хүртээлгүй ээ” хэмээдэг.
Ийм л гашуун амьдралд бичиж, бүтээж яваа хэдээрээ аргагүй ихээр бахархаж, хайрладаг даа. Энэ өдөр бид хэнээс ч яриа авсангүй. Хэнээс ч үзэл бодлыг нь сонсохыг хүссэнгүй. Тэдний бодол бол тэднийх хойно хэнд ч хамаагүй билээ. Гагцхүү шүүмжлэхийн эрхгүй улс л даа. Хэнд ч хэрэггүй зүйл бичиж, массын зохиол туурвисан ч юу ч хийгээгүй хэн нэгний хажууд бодлоо хугасалж, бүтээсэн хүмүүс билээ. Эдгээрийг бодох зуурт цалин цагтаа бууж, “1000-ын ном”-ууд дотроос яруу найрагч Б.Эрдэнэсолонгын “Гүзээлзгэний амьдрал” номыг олсон доо олзуурхаад гэртээ харьсан юм. Бусдын хувьд жижигхэн, гүзээлгэний зурагтай ном л биз. Миний хувьд мянган жил далайн ёроолд хэвтсэн маргад чулууны дайтай олз билээ.
Л.Сайнаа