Залуус өөр, өөрийн хүсэл мөрөөдөл, хэв маягаар амьдарч байна. Тэдний ертөнцийн гэрэл гэгээ, сайн сайхныг “Залуус” булангаар дамжуулан тантай хуваалцах болно. Бид энэ дугаарынхаа зочноор залуу уран бүтээлч, жүжигчин Н.Нархажидыг урин ярилцлаа.
-Ярилцлагын эхэнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Нямсүрэнгийн Нархажид гэдэг. 2021 онд СУИС-ийг Ариунчулуун багшийн удирдлага дор төгссөн залуу уран бүтээлч. Сургуулиа төгсөнгүүтээ УДЭТ-т орно гэж боддог ч боломж нь бүрдээгүй өлийг хүргэжээ. Төгссөнөөсөө хойш дэлгэцийн хэд хэдэн уран бүтээлд ажилласан.
-Зүгээр суугаагүй юм байна?
-Тийм ээ. Мөн тайзны уран бүтээл болох “Шөнө дундын бүжиг” жүжигт дүр бүтээх болсон, баяртай байна.
Мөрөөдлийн минь нэг хэсэг биелж байна.
-“Шөнө дундын бүжиг” жүжигт ямар дүрд ажиллаж байгаа юм?
-“Шөнө дундын бүжиг” жүжгийн Анка гэх эмэгтэйн дүрд. Тун гал цогтой, сэргэлэн, бас бусдын сонирхлыг ихэд татсан эмэгтэйн дүр юм. Анкагийн дүр бол миний зан байдлаас их хол. Жүжгийн суугаа уншлага дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлсэн. Жүжгийн бэлтгэл ид болж байгаа бөгөөд найруулагчдаа загнуулдаг дээрээ явна. Хоног хоногоор Анка гэх эмэгтэйтэй илүү дотно танилцаж байна.
-Жүжгийн энэ удаагийн тавилтын онцлогийг юу гэж харж байна вэ?
“Шөнө дундын бүжиг” жүжгийн өмнөх хоёр тавилт тайзны жүжиг маягаар тоглогдож байсан бол энэ удаад жүжгийн тайз голдоо учир үзэгчид дөрвөн талаасаа үзэж болно. Тиймдээ ч жүжигчдээс техник, ур чадвар их шаардана.
-Өмнөх хоёр тавилтыг нь үзэж байв уу?
-2017 онд Т.Отгонбат багшийн удирдсан ангид байхдаа дипломын жүжгээ тавих болоход “Шөнө дундын бүжиг” жүжгээр хамгаалж байхдаа л анх мэдэж байлаа. “Шөнө дундын бүжиг”-тэй холбогдсон анхны түүх ийм. Энэ маш алдартай жүжиг. “Шөнө дундын бүжиг” жүжгийн Анкагийн дүр бол Монголын залуу эмэгтэй жүжиг бүрийн хүсэн хүлээсэн дүр юм болов уу. Энэ жүжгийн аль нэг дүрд нь тоглож үзэхсэн гэх хүсэл жүжигчин бүрт байдаг байх.
Миний хувьд Анкагийн дүрд ажиллах болсондоо талархан хүлээн авсан. Маш хүнд даалгавар хүлээн авч байна. Мөрөөдлийнхөө жүжигт дүр бүтээж байгаа минь их аз завшаан юм.
-Таныг “Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжгийн Цэлмэгийн дүрээр л мэдэх юм. Өөр тайзны уран бүтээлд ажилласан уу?
-Тийм ээ. Өмнө нь “Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжгийн гол дүрд ажилласан. Тэгвэл “Шөнө дундын бүжиг” жүжиг бол миний тайзны хоёр дахь бүтээл. “Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжиг өмнө нь тавигдаж байсан тул би дүр нөхөж оролцсон. Яг эхнээс нь жүжгийн суугаа уншилт хийгээд явж буй анхны жүжиг бол “Шөнө дундын бүжиг” жүжиг маань юм.
-Эсрэг талын дүрийг үзэгчдэд харуулахад ур чадвар шаардана. Тэгэхээр Анкагийн дүр дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Хэн ч өөрийгөө муу хүн гэж боддоггүй боловч Анка бол эсрэг дүрийн эмэгтэй. Мөн өөрийн гэсэн үзэл бодолтой эмэгтэй. Бусдын адил эмэгтэй, гэхдээ бидний харж буй өнцгөөр бол азгүй эмэгтэй. Гол дүрийн эмэгтэйтэй дүйцэх гэж хөдөлгөөнтэй зүйлсхийгээд байгаа учраас хүмүүст муу эмэгтэй шиг санагдана. “Шөнө дундын бүжиг” жүжиг нь 10, 10 жилийн зайтай тавигдаж байна. Хүмүүсийн зүрх сэтгэлд “Шөнө дундын бүжиг” үнэхээр гоё жүжиг. Олон хүний зүрх сэтгэлд хоногшин үлджээ. Тиймдээ ч энэ удаагийн тавилтыг хүсэн хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ удаад жүжигчид нь хэрхэн хувирч, яаж шинэчлэгдэн тавигдаж байгаа болон ямар уран бүтээлчид энэ жүжгийг амьдруулах нь сонирхолтой байгаа болов уу. Юугаараа онцлог байх бол гэдэг талаас нь сонирхоорой гэж хүсэх байна. Мөн "+18 кабарет драм" гэдэг утгаараа өмнөх тавилтуудаас онцлогтой.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)