Залуус өөр, өөрийн хүсэл мөрөөдөл, хэв маягаар амьдарч байна. Тэдний ертөнцийн гэрэл гэгээ, сайн сайхныг “Залуус” булангаар дамжуулан тантай хуваалцах болно. Бид эхний дугаарынхаа зочноор “Ашид дент” шүдний эмнэлгийн үүсгэн байгуулагч Б.Даваанямыг урин ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Б.Давааням гэдэг. 2000 оноос хойш эмч болох хүсэл мөрөөдөлтэйгөөр АШУҮИС-д суралцаж, шүдний эмч мэргэжилээр төгссөн. Төгссөнөөсөө хойш гурван жил хувийн салбарт ажиллаж байгаад өөрийн бизнесээ эхлүүлээд арваад жил болжээ. Анагаах ухааны магистр, нүүр амны гажиг заслын резидент эмч байна.
-Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ? Арван жилээсээ шүдний эмч болохоор зорьсон уу?
-Нүүр ам судлалын ангийг нүдний эмчийн анги гэж буруу ойлгоод сонгож байлаа. Хөдөөгийн хүүхэд учир тухайн үед мэдээлэлгүй байсан хэрэг л дээ. Уг нь Анагаахын сургуулийн бүх ангийг авах боломжтой, оноогоо хангачихсан байсан. Эхний нэг жил нүдний эмчийн анги байхгүй гэдгийг мэдээд харамсалтай санагддаг байлаа. Харин гуравдугаар курсээсээ мэргэжлийн хичээл үзээд шүдний эмч гэх мэргэжилд дуртай болж эхэлсэн. Одоо бодоход шүдний эмчийн мэргэжил миний зан чанарт тохирдог учир анги андуурч орсондоо баяртай байдаг.
Сургуулиа сонгохдоо ийм том алдаа гаргаж байсан учир залуус дүү нартай мэдээлэл өгөхийг их хичээдэг. Анагаахын чиглэлээр явах сонирхолтой зургаан настай хүүхэд байсан ч мэддэг зүйлээ хуваалцаж, зөвлөдөг.
-Таны хувьд Ирланд улсад ажиллаж байсан туршлагатай эмч. Тухайн улсын хүн амын шүдний өвчлөл манай улстай харьцуулахад хэр их байдаг вэ?
-Ирланд улсын хувийн эмнэлэгт багагүй хугацаанд ажилласан. Ирланд улсын эрүүл мэндийн боловсрол манай улсаас 30 жилийн өмнө явдаг. Хийгдэж буй эмчилгээ, үйлчилгээ, эмч нарын чадвар манай улсаас ялгаагүй. Магадгүй бид түрүүлж яваа байх. Нарийн мэргэжлээ сонгож байгаа байдал нь өөр. Гэхдээ ур чадварын хувьд бид гологдохгүй юм байна гэдгийг тэнд ажиллаж байхдаа мэдсэн. Харин өвчтөнүүдийн эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэнддээ цаг зарцуулж байгаа байдал нь ялгаатай. Ирланд улсын иргэд зургаан сар тутам шүдээ үзүүлдэг учир түрүүлээд мөнгөө байршуулчихдаг юм билээ.
-Таны ажил, амьдралдаа баримталдаг хамгийн гол зарчим юу вэ?
-Чин үнэнч, шударга байхыг эрхэмлэдэг. Хариуцаж буй зүйлдээ хариуцлагатай байж тухайн цаг үедээ төвлөрч чаддаг. Энэ зан чанар маань л үйлчлүүлэгчид илүү олширч, нэг хүүхэд үзүүлдэг байсан бол гэр бүлээрээ ирэх шалтгаан болсон байх гэж боддог.
-Шүдний эмч маш олон багажтай харилцдаг шүү дээ. Таны ашиглах дуртай багаж гэвэл ?
-Шүдний толь. Жижиг толиор амны хөндийг хардаг. Толины тусламжтайгаар бүх шүдний байрлалыг харж чаддаг. Энэ бол миний анхан шатны шүдтэй харилцаж буй харилцаа. Цааш нь бусад багажаа хэрэглээд эмчилгээгээ хийдэг.
-Монгол хүний шүдний чанарт өөрчлөлт гарч байна уу? Хүүхдүүдийн шүдний чанар муудсан гэх яриа гарсаар байгаа шүү дээ.
-Тийм ээ. Шүдний чанар муудсан гэдэгтэй санал нийлж байна. Одоогоос 13 жилийн өмнө үйлчлүүлэгчийнхээ ганц хоёр шүдийг эмчлэхэд л тухайн хүн эрүүлжиж эрүүл болдог байсан. Харин одоо 5-6 настай хүүхдийн дор хаяж таван шүд нь цоорхой байна. Хооллох давтамж, хоолны чанар асуудалтай болчихсон. Мөн дээрээс нь Улаанбаатар хотын ундны усны чанар муудсан нь нөлөөлж байна.
Арван жилийн өмнөхийг бодвол хүмүүс эмнэлэгт үзүүлэх нь ихэссэн ч бид шүдний өвчлөлөө дийлэхгүй байна.
Бага насны хүүхдүүд утас үзээд, амаа хөдөлгөж ярихгүйгээр өнжиж байна шүү дээ.
-Шүдний эмчээс айдаг хүмүүс их бий. Тэр тусмаа бага насны хүүхдүүд цагаан халаадтай хүн харах төдий л айдаг. Тэдгээр хүмүүсийг хэрхэн тайвшруулдаг вэ?
-Шүдний эмч гэх ойлголтгүй хүүхдүүд хүртэл айдаг. Яагаад гэвэл манай багажууд бүгд зүү шиг хэлбэртэй, дуу чимээ ихтэй л дээ. Тухайн хүүхэдтэй ярилцаж, тоглоомоор тоглуулдаг. Вакцин хийлгэхдээ хүртэл айж уйлдаг хүүхдүүдийн эцэг эхээс нь зөвшөөрөл аваад хийгдэх ёстой эмчилгээг хийдэг.
-Та мэргэжлийнхээ сайхан талаас дурдахгүй юу?
-Бидний хийж буй ажил нүдэн дээр ил байдаг. Миний ажилбар дууслаа, ажлын үр дүн миний өмнө инээгээд сууж байхыг харах сайхан. Хэрвээ онцгүй зүйл хийчихвэл тааруу үр дүнг үйлчлүүлэгчээсээ олж харна шүү дээ. Юу тарина, түүнийгээ л хурааж байдаг.
-Энэ салбарт дутагдаж буй зүйлийг юу гэж хардаг вэ?
-Хувийн салбарын ачаар шүдний эмчилгээний хөгжил маш сайн явагдаж байгаа. Нарийн оношилгооны тоног төхөөрөмжүүд дүүрэг бүрд бий. Харин улсаас даатгалыг хүртээмжтэй болгочихвол манай салбарт бараг асуудал байхгүй гэж бодож байна. Хувийн эмнэлгүүд фторт түрхлэг зэрэг хөнгөлөлт, урамшууллыг их явуулдаг. Бага хэмжээний дэмжлэг үзүүлээд эхлэхэд л энэ нь ард иргэдэд маш том хөрөнгө оруулалт болно гэж боддог.
Шүдний эмнэлгээс гарах халдвар хүртэл буурсан. Хувийн эмнэлгүүдийн хөгжил маш сайн түвшинд очсон. Сүүлийн арван жилд маш үсрэнгүй хөгжсөн гэж миний зүгээс харж байгаа.
-“Ашид дент” эмнэлгийн зүгээс үйлчлүүлэгчдэдээ ямар урамшуулал олгодог вэ?
-Улирал бүр үйлчлүүлэгч нартаа зориулсан урамшуулал явуулдаг. Мөн хоёроос дээш шүдэнд ломбо хийлгэсэн үйлчлүүлэгч нартаа үнэгүй фтор түрхэж өгдөг. Бүтэн амны хөндийгөө эрүүлжүүлээд гарчихсан хүнд фтор түрхэж өгөх нь маш үр дүнтэй. Гялалзах чанар нь сайжирчихаар хүмүүс ч гэсэн маш урамтай байдаг. Манайхаар үйлчлүүлэхээр ирж буй хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол өндөр байх тусам миний хийж буй эмчилгээний үнэ цэнэ өндөр байдаг. Тийм ч учраас хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын цэцэрлэг, сургуулиудад энэ талаар уйгагүй ярьж явдаг даа.
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Гэр бүлтэй болсноос хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Тухайлбал, өглөө кофе уухдаа ажлын төлөвлөгөөгөө гаргаж, өглөө ууланд алхдаг байлаа. Одоо харин ажлын бус цагийг гэр бүлдээ зориулдаг. Хүүхдэдээ сайхан дурсамж бүтээхийг хичээдэг дээ. Мөн ажлынхаа чөлөө заваар Ирландаас авчирсан номуудаа орчуулдаг. Амны хөндийн микробиологи чиглэлийг илүү сонирхдог учир тэр чиглэлийн номуудыг орчуулж хэвлүүлэх мөрөөдөлтэй.
-Шүдний эмч болохыг зорьж буй, энэ чиглэлээр суралцаж байгаа залууст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Арай эрт яараад хувийн салбарт орчхож дээ гэж боддог юм. Тийм болохоор сургуулиа төгсөөд шууд л хувийн эмнэлэгтэй болно гэхээсээ илүү өөрсдийгөө боловсруулахад цагаа зарцуулаарай гэж хэлмээр байна. Эмнэлгээ нээхдээ хоёулаа эхэлж байлаа. Харин одоо олуулаа болсон. Олуулаа болох тусам бидний хөгжил илүү хурдан байсан. Тиймээс багаараа хөгжих тал дээр бодох хэрэгтэй юм билээ. Мэргэжилдээ чин үнэнч байхад чамайг энэ мэргэжил маш сайхан амьдруулдаг. Эмч хүн бол судлаач, шинжлэх ухаанч байх ёстой гэж боддог. Тиймээс уншдаг, судалдаг, цаг тутамд хөгждөг эмч болоорой гэж дүү нартаа хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)