“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног” аян эхэлж буй талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Тэрбээр “Малд хийсэн эм тарианы биеэс гадагшлах хугацаа өөр өөр байдаг. Тиймээс малын эмч, малчид тухайн эм тарианы хэрэглэх заавартай танилцах хэрэгтэй. Ингэснээр сүүг гурав хоногийн дараа, махыг долоо хоногийн дараа зэрэг хугацааг баримтлах боломж бий. Энэ хугацааг баримтлаад явбал бичил биетний тэсвэржилт үүсэхгүй.
Бичил биетний тэсвэржилтийн асуудал 2011 оноос хойш эхэлсэн. Сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж байна. Нэгдсэн нэг зохион байгуулалттайгаар энэхүү аяныг зохион байгуулж байгаа. Энэхүү аяны хүрээнд малчдад мэдлэг олгохоор ажиллаж байна.
Бичил биетний тэсвэржилт үүсэх нэг хүчин зүйл бол мал эмнэлэг, хүн эмнэлгийн хог хаягдлын асуудал байдаг. Улаанбаатар хотод устгалын компани бий. Харин орон нутагт шатаах цэг гэж бий. Мөн Биокомбинатын зүгээс өөрсдийн саваа эргүүлэн татаж байна.
Манай улс бэлчээрийн мал аж ахуй зонхилсон. Бусад улс фермерийн аж ахуй зонхилж буй учраас эмийг жороор олгодог. Манай улсын хувьд эмийг жороор олгох бэлтгэл ажлаа хийж байна. Мэдээж хөдөө малчин айлд очоод жороор эм тариа олгоно гэдэг бол хүндрэлтэй. Жороор олгох нь хоёр давуу талтай байдаг. Тухайлбал, Малын эмч чанарын баталгаатай эм тариаг өгөхийн зэрэгцээ, хэрэглэх заавар, хэдий хугацааны дараа биеэс гадагшлах зэрэг мэдээллийг өгнө. Мөн улсын хэмжээнд тухайн төрлийн антибиотикийн хэдий хэмжээнд хэрэглэсэн эсэх тоо баримт бий болно” гэв.
Д.Батчулуун