БАРИМТ 1
Оманы Султант улс нь 309,500 хавтгай дөрвөлжин газар нутагтай ба Баруун Ази буюу Арабын хойгийн зүүн өмнөд эрэгт Персийн булангийн амыг эзлэн байрладаг. Оман улс Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Йемен гэх улсуудтай хиллэдэг бөгөөд далайн хилээ Иран болон Пакистан улсуудтай хуваалцдаг.
БАРИМТ 2
Оман улс ойролцоогоор 5 сая хүн амтай бөгөөд тэдний ихэнх буюу 85.9 хувь нь исламын шашинтай. Мөн исламын шашин бол Оман улсын албан ёсны шашин юм. Улсын албан ёсны хэл нь араб хэл бол нийслэл хотыг нь Мускат гэдэг.
БАРИМТ 3
Анх 17-аар зууны үед Оманы Султант улс нь Персийн булан болон Энэтхэгийн далайд Португали, Британичуудын хүчтэй тулалддаг эзэнт гүрэн байсан. Тус эзэнт гүрний оргил үе нь 19-ээр зуунд байсан бөгөөд тухайн цаг үедээ одоогийн Иран, Пакистан гэх зэрэг улсуудаас эхлэн Танзани улсын хойд хэсэг хүртэл эрх мэдлээ тогтоосон.
БАРИМТ 4
Улмаар 20-аар зуунд тэдний хүч чадал огцом буурч Их Британийн мэдэлд шилжсэн. Оман болон Их Британийн эзэнт гүрнүүд 300 гаруй жилийн турш хоорондоо харилцан ашигтай харилцаатай байсан билээ. Их Британийн зүгээс Оман улсын газарзүйн байршлыг ашиглаж Персийн булан болон Энэтхэгийн далайн бүсийн худалдаа наймааны гол бүс болгож хөгжүүлсэн.
БАРИМТ 5
Түүхийн явцад одоогийн Оманы нийслэл Мускат хот нь Персийн булангийн хамгийн том худалдааны цэг байсан гэдэг. Хэдийгээр Их Британийн мэдэлд байсан хэдий ч Оман нь тэдний колон улс байгаагүй бөгөөд 1970 онд албан ёсоор Оманы Султант улс болж 1971 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагад элссэн.
БАРИМТ 6
Оман улс Исламын нэгдсэн хаант засаглалтай ба Кабус бен Саид тус улсыг хааны хувиар 1970-2020 оны хооронд тавин жил удирдсан. Кабус бен Саидыг нас барсны дараа Оман улсын дараагийн хаанаар түүний үеэл Хейсам бен Тарик тодорсон. Учир нь Кабус бен Саидад өөрийнх нь хаан ширээг өвлөн авах хүүхэд байгаагүй.
БАРИМТ 7
Оман улс нь Араб бүсийн хамгийн эрт бие дааж тусгаар тогтносон улс бөгөөд одоогийн үндсэн хуулиа 2021 оны нэгдүгээр сарын 6-нд баталсан. Оман улс олборлож буй газрын тосны хэмжээгээрээ дэлхийд 22-аар байранд жагсдаг ба 2010 онд НҮБ-ийн хөгжлийн сангийн мэдээлснээр сүүлийн 40 жилийн хугацаанд хамгийн их хөгжсөн улсаар нэрлэгдсэн.
БАРИМТ 8
Эдийн засгийн хувьд өндөр орлоготой улсуудын эгнээнд багтдаг Оман улс нь дэлхийн энх тайвны индексийн гаргасан жагсаалтаас харахад дэлхийн 69 дэх хамгийн тайван орон юм байна. Тус улсын эдийн засгийн ихэнх хэсгийг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, загас агнуур, уул уурхайн салбарууд бүрдүүлдэг.
БАРИМТ 9
Оман улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн дор хаяж 106,000 жилийн өмнө суурьшсан гэж эрдэмтэд үздэг. Энэхүү таамаглал нь Оман улсыг хүн төрөлхтний хамгийн эрт суурин амьдарч байсан газруудын нэг болгодог. Мөн Оман улсын нийт хүн амын ойролцоогоор 45 хувийг нь гадаад гаралтай хүмүүс бүрдүүлдэг.
БАРИМТ 10
Оманчуудын бичиг үсэг тайлагдсан хувь нь 91.1 хувь. Харин сургуулийн насны бичиг үсэг тайлагдсан хувь нь 99.7 хувь. Оман улсын анхны их дээд сургууль болох Султан Кабус их сургууль нь 1986 онд үүд хаалгаа нээсэн бөгөөд дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтын 1678-аар байранд эрэмбэлэгддэг.
БАРИМТ 11
Шувуу сонирхогчид Оман улсыг олноороо зорьдог. Учир нь тус улсад Ази, Европ, Африк гэх гурван тивийн олон төрлийн шувууд цугладаг юм байна. Оман улсын үндэсний бэлгэ тэмдэг нь чинжаал хутга бөгөөд хоорондоо зөрсөн байдалтай дүрслэгдсэн чинжаал хутгануудын дүрс төрийн далбаа дээр нь байдаг. Мөн чинжаал хутга нь эр зориг болон эрчүүдийг бэлгэддэг.
БАРИМТ 12
Оман улсын төрийн далбаа цагаан, ногоон, улаан өнгөнүүдээс бүрддэг бөгөөд далбааны дээд буланд төрийн бэлгэ тэмдэг нь дүрслэгдсэн байдаг. Цагаан өнгө нь хөгжин цэцэглэлт болон энх тайванг, ногоон өнгө нь үржил шим болон ногоон өнгийн уулсыг, улаан өнгө нь гадаадын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн тулалдаануудыг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 13
Хэрэв та Оман улс руу очихоор төлөвлөж байвал хаяг тэмдэглэгээний хувьд санаа зовох зүйлгүй. Учир нь бүх газрын хаягууд араб болон англи хэл дээр зэрэг бичигдсэн байдаг. Оман улс байгалийн баялаг ихтэй бөгөөд газрын тос болон байгалийн хийг их хэмжээгээр экспортолдог. Мөн тодорхой хэмжээгээр зэс олборлодог байна.
БАРИМТ 14
Бусад Арабын орнуудтай харьцуулахад Оман улс маш тайван. Тус улсад терроризм оршдоггүй бөгөөд дотоодын гэмт хэргийн тохиолдол бараг л бүртгэгддэггүй. Мөн оманчууд дэлхийн хамгийн шилдэг усан завь барьдаг хүмүүс гэгддэг. Оман улсад хамгийн ихээр зарагддаг ундаа бол кока кола биш маунтин дью юм.
БАРИМТ 15
Оман улсад ажилладаг хүмүүс татварт зориулж орлогоосоо мөнгө төлөх шаардлагагүй. Зөвхөн тодорхой хэмжээний цөөн хүмүүс л олсон орлогоосоо нийгмийн даатгал төлдөг гэнэ. Мөн Оманы Араб морины үйлдрүүд нэлээд алдартай бөгөөд дэлхий даяар өндөр үнээр зарагддаг.
БАРИМТ 16
Хэрэв та Оман улсад согтууруулах ундаа худалдаж авахыг хүсвэл танд тусгай олгогдсон зөвшөөрөл хэрэгтэй. Мөн Оманы засгийн газар иргэдээ нэг сарын орлогынхоо 10 хувиас ихийг согтууруулах ундаанд зориулахыг хориглодог. Мөн 1970 онд Оман улсад нэг ч зочид буудал үйл ажиллагаагаа явуулдаггүй байсан.
БАРИМТ 17
Оман улсын уламжлалт спортууд бол завины уралдаан, морин уралдаан, тэмээн уралдаан, шонхор сургах, бухны тулаан нар юм. Харин Оманы хүүхэд залуучуудын дунд хөлбөмбөг, сагсанбөмбөг, усны цана, элсний борд гэх зэрэг спортууд маш алдартай. Мөн Оманы хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг сүүлийн жилүүдэд огцом сайжирч байгаа бөгөөд энэ жил зохиогдох ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Японы шигшээ багийг 1:0 харьцаагаар буулгаж авсан. Энэ нь тус улсын шигшээ багийн түүхэн дэх хамгийн том ялалт байсан.
БАРИМТ 18
Исламын шашинтай улс тул Рамадан сар болон бусад исламын шашинтай холбоотой баяр, үйл явдлуудыг оманчууд чухалчлан тэмдэглэдэг. Оман бүсгүйчүүд абая болон хижабыг өмсдөг бөгөөд бусад Арабын орнуудын шиг цаг үргэлж царайгаа далдлах шаардлагагүй. Харин эрчүүдийн хувьд “Дишдаша” гэх хүний шагай хүрдэг урттай өмсгөлийг ихэвчлэн өмсдөг.
БАРИМТ 19
Оманчууд пүрэв болон баасан гарагуудад амардаг байсан. Гэхдээ тэд амралтын өдрөө баасан болон бямба гараг руу шилжүүлсэн. Баасан гарагт исламын шашинтай бүх оманчууд сүмд цуглаж залбирлаа үйлдэцгээдэг.Мөн Оманчууд хаалгаа ихэвчлэн хатгамлаар чимэглэдэг бөгөөд энэ нь жуулчдын анхаарлыг ихээр татдаг.
БАРИМТ 20
Та Оман улсаас гахайн мах олж чадахгүй. Учир нь уг хүнсийг хэрэглэх нь исламын шашинд хориотой. Оманчууд ихэвчлэн зооглодог хоолны орцод цагаан будаа, улаан лоолийн сүмс, болон мах ордог. Далайн эрэгтэй ойрхон бүс нутгуудад амьдардаг хүмүүс загасны махыг ихээр хэрэглэдэг.
БАРИМТ 21
Оман улс ерөнхийдөө хуурай халуун уур амьсгалтай боловч далайн эргийн бүсээрээ чийглэг уулын өндөрлөг бүс нутгаараа үл ялиг сэрүүн байдаг. Тус улс руу аялах зорилготой хүмүүст зөвлөхөд өвлийн улирал бол Оман улс руу зочлоход хамгийн тохиромжтой цаг үе.
БАРИМТ 22
Оман эмэгтэйчүүд эрчүүдтэйгээ ижил түвшний эрх эдэлдэг. Тэдэнд сонгуульд оролцож саналаа өгөх, жолоо барих, төрийн албан ажиллах гэх зэрэг бүх зүйлс нээлттэй. Хэдийгээр исламын шашинтай улс боловч уг шашныг шүтдэггүй хүмүүс сүм рүү нэвтрэхээс бусад үед өөрсдийн хүссэнээрээ хувцаслах боломжтой.
БАРИМТ 23
Сүүлийн хэдэн зуун жилийн турш кофений хэрэглээ Оман улсын соёл уламжлалын нэгэн чухал хэсэг байсаар ирсэн. Оман нь үйлдвэрлэдэг Араб кофегоороо алдартай бөгөөд иргэд нь кофег их хэмжээгээр хэрэглэдэг. Мөн Оман улс нь шинээр бизнес эхлүүлэхэд хамгийн тохиромжтой арван улсын нэгээр нэрлэгддэг.
БАРИМТ 24
Оман улс боолчлолыг 1970 онд халсан. Энэ нь Оман улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад маш сүүлд боолчлолыг эсэргүүцсэн гэсэн үг юм. Оман улсын хувьд дэлхийн бусад орнуудтай маш нөхөрсөг гадаад харилцаатай. Тэд Иран улстай сайн харилцаатай маш цөөн Арабын орнуудын нэг бөгөөд Оман улсын зүгээс 2007 онд Ираны усан цэргүүдэд олзлогдоод байсан Их Британийн усан цэргүүдийг энхийн замаар чөлөөлөхөд том нөлөө үзүүлж байсан.
Сэтгэгдэл (1)