Central телевизийн "Тэнгисийн эрэг дээрх 24/7" реалити шоу нэвтрүүлэг үзэгчдийн дунд нэлээдгүй шуугиан тариад буй. Уг шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын эхний дугаараа гуравдугаар сарын 15-нд цацагдсан билээ. Тэгвэл тус шоу нэвтрүүлэгт одоогоор 11 залуу оролцож байгаа бөгөөд тэднийг шоу нэвтрүүлэгт оролцохоор бүртгүүлсэн залуусаас царай зүс, бие бялдар, оюуны бядаар нь шалгаруулжээ. Шоуны турш шинэ гишүүн нэмэгдэх бөгөөд үүний зэрэгцээ оролцогчид хасах аж. Иймд уншигч та бүхэнд тус бүтээлийн оролцогчид болон шоуны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
"Тэнгисийн эрэг дээрх 24/7" реалити шоуны тухай
Шоуны үйл явдал Солонгосын алдарт реалити шоу болох “Singles inferno” –г санагдуулах хэдий ч Монгол хувилбарт ганц бие оролцогчид тэнгисийн эрэг дээр гурван долоо хонгийн 24 цагийн турш сонирхолтой даалгаваруудыг биелүүлж, бие биесээ таньж мэдэх бөгөөд жинхэнэ хайраа олохын төлөө хичээх болно.
Шоуны пеналистууд:
- UB Comedy клубийн үүсгэн байгуулагч, комедиан Б.Батбилэг
- Ард Лайф ХХК-ийн Борлуулалтын Менежер Г.Дүзиймаа
- Төрийн соёрхолт дуучин Д.Болд
- Загвар өмсөгч Ө.Содгэрэл
Шоуны хөтлөгч Э.Тэмүүлэн
Тэрбээр "Тэнгисийн эрэг дээрх 24/7" реалити шоу нэвтрүүлгийн эхний дугаарт оролцсон байсан нэгэн юм. Мөн Central телевизийн “Cinema paradise” нэвтрүүлгийг хөтөлж эхэлсэн.
Шоуны эмэгтэй оролцогчид:
-Б.Урин-
Шоуны хамгийн эхэнд танилцуулагдсан оролцогч бол 28 настай Ulya буюу Б.Урин. Тэрбээр график дизайнер мэргэжилтэй бөгөөд чөлөөт цагаараа модель хийдэг. Түүний амьдрал адал явдалд хөтлөгдсөн өрнөдөг хэмээн өөрийн танилцуулгадаа хэлсэн юм. Мөн дурламтгай нэгэн аж.
-Э.Мичид-
Шоуны оролцогч Э.Мичидийг ойр дотнын хүмүүс нь Мичи гэж дууддаг аж. Тэрбээр 29 настай, шүдний эмч мэргэжилтэй. Мэргэжлээрээ найман жил ажиллаж байгаа нэгэн юм.
-А.Амаржаргал-
Тэрбээр дуулах, дууны үг бичих дуртай аж. Түүнийг гэрийнхэн нь Амра гэж дууддаг бөгөөд тайзны нэр нь мөн л Амра.
-Н.Тодбилэг-
Тэрбээр Санхүү эдийн засгийн их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан. Усанд сэлэх, төгөлдөр хуур тоглох, ууланд алхах дуртай. Шоуны эхэнд өөрийгөө танилцуулах үедээ "өөрийгөө эрх, хөөрхөн, сахилгагүй гэж боддог" гэсэн юм.
-А.Золжаргал-
Шүдний техникч мэргэжилтэй тэрбээр БНСУ-д фото модель чиглэлээр найм дахь жилдээ ажиллаж буй. Тэрбээр дурлахдаа муу хүнийг ч сайн хүн болгож хайрладаг нэгэн аж.
Шоуны эрэгтэй оролцогчид:
-Б.Төгс-Итгэлт-
Шоуны хамгийн эхэнд танилцуулагдсан эрэгтэй оролцогч бол Төгсөө буюу Б.Төгс-Итгэлт. Тэрбээр солонгос улсад суралцдаг бөгөөд Загвар өмсдөг аж. Шоуны эхэнд өөрийгөө танилцуулах үедээ "хэн нэгэн надад таалагдвал би шууд хэлдэг" гэсэн юм.
С.Хасчулуу
Тэрбээр 24 настай бөгөөд санхүүгийн удирдлага мэргэжилтэй. Одоо мэдээний хөтлөгчөөр ажилладаг. Шоуны эхэнд өөрийгөө танилцуулах үедээ "эмэгтэйчүүдийг олон төрлийн аргаар найрна. Энэ шоунд намайг дурлуулж чадах эмэгтэй байгаасай гэж бодож байна" гэсэн юм.
Г.Цэлмэг
Г.Цэлмэг дээд лигийн APES багийн тамирчин бөгөөд 192 см өндөр, 25 настай, ихрийн орд. Ахлах сургуульдаа Япон Улсад сурч байсан. Айлын дунд хүү тэрбээр сагсанбөмбөгөөр хичээллээд 10 гаруй жил болж буй. Чөлөөт цагаараа видео тоглоом тоглох дуртай.
Б.Цэрэнтогтох
Тэрбээр 28 настай. Өөрийгөө хөгжүүлэхээр энэ шоунд бүртгүүлжээ.
Т.Хонгор
Тэрбээр Загвар өмсөгч, DJ хийдэг. Берлин хотод амьдардаг. Бусад оролцогчдоос өөрийн хэв маяг, үзэл бодлоороо онцгойрно гэж бодож байна гэсэн юм.