Хөдөлмөр, халамж үйлчилгээний салбарт 1700 гаруй төрийн албан хаагч ажиллаж, халамж болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 40 гаруй үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний салбарын удирдах ажилтны өргөтгөсөн зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн удирдах ажилтнууд цугласан бөгөөд салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцах юм.
Зөвлөгөөний үеэр 2025 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод тодорхой үр дүн гаргахаар ажиллаж байгааг онцолж байна.
Халамжийн үйлчилгээний ихэнх хувь нь цахимд шилжсэн хэдий ч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний дийлэнх хувийг хүний оролцоотойгоор шийдэж байгаа юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг илүү үр дүнтэй болгох удирдамж гарган, түүнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2025 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэгт зориулж 45 тэрбум төгрөг, ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийг тогтвортой байлгахад 130 тэрбум төгрөг зарцуулна.
Үүнд “Хөдөлмөрийн харилцаан”-ы хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хөгжлийн гүүр”, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бичил бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг онцолж болно.
2024 онд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний цогц төв буюу “Job center”-ийг Улаанбаатар хотод 4 салбартай байгуулсан бол 2025 онд орон нутагт 30 төв байгуулна.
Үүнээс гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон зээлийн авлагыг бууруулах асуудалд онцгойлон анхаарах хэрэгцээ шаардлагатай байна.
Тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.