“Токио-2020” зуны олимпын наадам монголчууд бидний хувьд өмнөх олимпуудаас илүү үзүүштэй болж байх шиг. Хэрвээ тийм санагдаж байгаа бол энэ нь Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд хурд, хүч, уран мэх уралдуулан өрсөлдөж буй тамирчдын зэрэгцээ тавын таван шүүгч тэнд ажиллаж байгаатай холбоотой ч болов уу.
Энэ удаагийн олимпод жүдогийн төрлөөр нэг, байт харваагаар нэг, бокс хоёр, хүндийн өргөлтийн төрөлд нэг монгол шүүгч мэргэжлийн ур чадвар харуулан олон улсын тамирчдад дүн тавьж байна. Тэдний нэг нь хүндийн өргөлтийн төрлийн шүүгч Л.Одгэрэл юм. Бусад төрлийнхөн голдуу ил байдаг бол энэ төрлийнх сууж ажилладаг болохоор үзэгчдэд харагдахтай үгүйтэй юм даа. “Токио-2020”-д Монгол Улсаараа овоглон, цоллуулан буй шүүгч Л.Одгэрэл гэж хэн болох талаар уншигчдадаа мэдээлье.
Тэрбээр “Токио-2020” олимпын наадам шүүх эрх авсан Монголын анхны эмэгтэй шүүгч юм. Мөн олимпын наадмын финалын тоглолтыг дэнсэлсэн анхны монгол. Энэ сарын 24-нд эмэгтэйчүүдийн 49 кг-ын жингийн финалыг шүүхэд олимпын дээд амжилт тогтоосон нь онцлох үйл явдал байлаа. Одоогоор олимпын дөрвөн аваргын өргөлтийг шүүж, нэмээд дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медалийн тэмцээнийг шүүжээ. Мөн олимпын наадамд хамгийн олон тэмцээн болон финал шүүсэн Монголын анхны шүүгч болов.
Монголд хүндийн өргөлтийн төрөл үүсэж, хөгжсөн 60 гаруй жилийн түүхэнд олимпод хоёр тамирчин, шүүгчтэйгээ орж байсан нь үгүй юм. Олимпын тоглолтыг багш нь шүүж, шавь нь өрсөлдөж байгаа нь ч онцлох үйл явдал. Тэрбээр тамирчин Э.Билэгсайханд штангийн гол атгуулсан анхны багш нь билээ. Их спортод хөлийг нь тавиулсан багш нь шавийнхаа захыг мушгих нь лавтай. Маргааш эмэгтэйчүүдийн ангилалд М.Анхцэцэг, Э.Билэгсайхан нар өргөх юм. Амжилтын дээдийг хүсье ээ.
Олимпын наадмын шүүгч Л.Одгэрэл 2013 онд Зүүн азийн наадам, 2017 онд Азийн танхимын наадам, 2017 онд Зуны “Оюутны универсиад” их наадам, 2018 онд Азийн наадам, мөн онд Залуучуудын олимпын наадам шүүсэн. “Токио-2020” бол түүний зургаа дахь наадам. Зөвхөн хүндийн өргөлтийн төрөлд төдийгүй Монголын спортын шүүгчдийн дунд түүн шиг зургаан наадам наадмыг шүүн тунгаасан шүүгч үгүй гэдэг. Мөн ДАШТ –ийг найман удаа шүүж, Дэлхийн цомын хоёр тэмцээн дэнсэлсэн шүүгч юм.
Л.Одгэрэл их спортод түүх бүтээсээр яваа даруухан монгол эмэгтэй. Исламын шашинтай Иран улсад болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр ажилласан анхны эмэгтэй тэрбээр исламын шашинтай орнуудын эмэгтэй тамирчдыг олимпод оролцох боломжийг нээж, хувцас, өмсгөлийн стандартыг тогтоосон мэргэжилтэн. Энэ бүхнийг чамбай бөгөөд чимээгүйхэн амжуулсан, үргэлжлүүлэн ажилласаар буй хөдөлмөрч бүсгүй. Олимпын наадам шүүж суугаа хэрнээ зураглаачдын дуранд тэр бүр өртөхгүй болохоор нь зориуд холбогдож, “хэл, амыг нь сугалах” гэсэн ч олигтой хариулт авч чадсангүй.
Олон улсын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийг шүүн тунгааж, улс Монголынхоо нэрийг дэлхийн дэвжээнд олонтоо дуурсгуулдаг түүнээс “Таны хувьд илүү тод, хамгийн нандин дурсамж үлдээсэн үйл явдал хэзээ, хаана болсон бэ” гэж асуухад тэрбээр “2017 оны Монголын спортын шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно” наадмаар шилдэг шүүгч болсноо хэлмээр байна” гэсэн юм. Тийм ээ, эх орноо л гэдэг түүний сэтгэлд энэ дэлхийн хамгийн гоё дэвжээ, тавцан “Бөртэ чоно”-ынх биз ээ.
Онцгой цаг үе, нөхцөлд байдалд гойд сонирхолтой болж буй “Токио-2020” наадмын тэнгэрт хүндийн өргөлтийн тамирчид маань төрийнхөө далбааг мандуулах өдөр өнөөдөр.
Олон улсын олимпын наадмын шүүгч Л.Одгэрэл тамирчидтайгаа, шавьтайгаа хамт баярлан догдлох ч, сэтгэл хөдлөлөө төдийлөн ил гаргахгүй, даруухнаар л илэрхийлэх байх даа.
Таны олон улсын шилдэг тамирчдын өрсөлдөөнийг шүүх, дүгнэх ажилд их амжилт хүсье.
Д.Жавхлан
Сэтгэгдэл (1)