2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээний хүрээнд Тажикистан, Японы шигшээ багтай хүч үзсэн Монгол Улсын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал тэргүүтэй ихэнх тоглогч МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатарын ажлын болоод ёс зүйн олон алдаа дутагдлыг шүүмжилж, албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардсан нь сошиал ертөнцөд дуулиан болж байна. Миний бие үүсээд буй нөхцөл байдлын тухай бичсэн ил захидлаа долоо хоногийн өмнө МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар танд илгээсэн ч хариу өгсөнгүй. Тухайн захидалд таныг хүчин төгөлдөр үйлчилж буй МХБХ-ны дүрмийн дагуу өөрийн зүтгүүлж, хүч түрэн батлуулсан Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлүүлэх саналаа Зөвлөлийн хуралд яаралтай оруулж, Зөвлөлийн гишүүдэд нөлөөлөлгүйгээр шийдвэрлүүлэхийг шаардсан билээ. Гэвч МХБХ-ны Ерөнхийлөгч та Монголын хөлбөмбөгийн гэр бүлийнхэнд өгсөн амлалтуудаа умартаж, Монголын хөлбөмбөгийн нийтлэг эрх ашгийн төлөө шийдвэр гаргахаас зайлсхийсээр байна. Тиймээс Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө зүтгэж яваа хүний хувьд өмнө нь дурдсанчлан захидлаа үргэлжлүүлэхээс аргагүйд хүрч, энэ удаа “МХБХ-ны Ерөнхийлөгчийн цалин” сэдвээр бичлээ. Хүлээн авна уу.
Азийн даамын холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, спортын сэтгүүлч Н.Тамир нарын хөтөлдөг бололтой
нэртэй фэйсбүүк хуудас 2020 оны есдүгээр сарын 15-нд “МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар 60 сая төгрөгийн цалин авдаг” гэх мэдээлэл оруулсныг үзээд би итгээгүй. МХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө “Би цалин авахгүй” хэмээн хэлж, ярьж, амалж, имиж бүрдүүлсэн хүн юу гэж тэгэх билээ хэмээн бодож байлаа. Гэвч удалгүй таныг сарын таван сая, жилийн 60 сая төгрөгийн цалинтайг мэдээд гайхаж билээ. Үүний дараахан МХБХ-ны байранд явж байгаад тантай таарч, тэсэлгүй энэ тухай асууснаа өнөөдөр болсон юм шиг тод санаж байна. Таны илт бантаж, ээрч мууран байж “Сард дөрвөн сая гаруй төгрөг авдаг” гэж хэлэхэд урам хугарсан шүү. Сарын таван сая төгрөгийн цалингаас татвар, шимтгэлээ хассаны дараах дүнг хэлэх гэж мунгинасан биз. Тухайн үед би “Та өөрийн цалингийн тухай удахгүй болох МХБХ-ны их хурлын үеэр албан ёсны тайлбар тавьж, олон хүнийг төөрөгдүүлж буй мэдээлэлд цэг хатгах нь зүйтэй болов уу” хэмээн зөвлөсөн ч тэгээгүй.
Таны цалингийн тухай үргэлжлүүлж бичихийн тулд жаахан түүх өгүүлэх хэрэгтэй. 2014 оны аравдугаар сарын 15. ОУХБХ-ны Ёс зүйн хорооноос тухайн үеийн МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболдын хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг таван жилээр хассанаа зарлаж билээ. Тус мэдээлэлд Б.Ганболдыг Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч байсан Мохамед Бин Хаммамаас 2009 онд ОУХБХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгууль, 2011 онд ОУХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр авилга өгөхийг хүсч, авсныг нь илчилж, энэхүү үйлдэл нь ОУХБХ-ны Ёс зүйн олон зүйл, заалт зөрчсөн тул дээрх шийтгэлийг оноосноо тайлбарласан байв. Үүний дараа Монголын хөлбөмбөгт жинхэнэ бужигнаан үүссэн. МХБХ-ны өмнөх Ерөнхийлөгчийн үед Дэд ерөнхийлөгч байсан та Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болсон бөгөөд удахгүй болох их хурлаар жинхлүүлийг хүсч байлаа. Гэхдээ сонгуульт их хурлын өмнө, 2014 оны арваннэгдүгээр сарын 22-нд МХБХ-ны ээлжит бус их хурал МҮХАҮТ-ын хурлын танхимд болж, МХБХ-ны дүрмийг ОУХБХ-ны жишигт нийцүүлэн шинээр баталсныг би өчигдөрхөн мэт санаж байна. ОУХБХ-ны Гишүүн байгууллагуудын хөгжлийн газрын төлөөлөгч Жеймс Жонсон, АХБХ-ны Гишүүн байгууллагуудын хөгжлийн газрын төлөөлөгч Си Сон Мүн нарын ажиглагчаар оролцсон энэхүү ээлжит бус их хурлын үеэр 120 төлөөлөгч МХБХ-ны Ерөнхийлөгчийг орон тооны байлгаж бүтэн цагаар ажиллуулах уу, эсвэл орон тооны бус байлгах уу гэдгийг шийдвэрлэхийн тулд багагүй маргасан. Хэрвээ МХБХ-ны Ерөнхийлөгч орон тооны байх ёстой хэмээн шийдвэл дараа сонгогдох хүн өөр үндсэн ажилтай байж болохгүй. Энэ нь тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан танд харшилж байв. Гэхдээ нийт төлөөлөгчийн 45 нь эсэргүүцэж, 55 нь дэмжсэнээр МХБХ-ны Ерөнхийлөгч орон тооны бус байх болсон нь Тооллогын комиссын гишүүнээр ажилласан миний дэвтэрт үлдсэн байна. МХБХ-ны Ерөнхийлөгчийг орон тооны бус тул цалин авах нь олон хүнд таалагдахгүй. Тиймээс та МХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө “Би цалин авахгүй” хэмээн хэлж, ярьж, амалж, имиж бүрдүүлж, улмаар 2015 оны хоёрдугаар сарын 27-нд ялалт байгуулсан нь маргашгүй үнэн. МХБХ-ны Ерөнхийлөгч орон тооны бус тул хэн ч танаас анхнаасаа ажлын нарийн цаг шаардаагүй. Та ажлын өдөр бүр өглөө ирж, орой явдаг хүн биш. Та одоо ч МХБХ-нд байхаасаа байхгүй нь их байдаг, орон тооны бус хүн. Гэтэл гэнэт амлалтаасаа буцаж, чимээгүйхэн олон сая төгрөгийн цалин аваад багагүй хугацаа үдсэн нь ариун явдал уу? Соёлтой нийгэмд ийм үйлдэл хийсэн хүн ёс зүйн хариуцлага хүлээж, цалинд авсан олон сая төгрөгөө буцаан төлж, уучлалт хүсээд, ажлаа өгдөг болов уу.
Спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат саяхан “МХБХ-ны үе үеийн удирдлага хөлбөмбөгийн спортоо мөнгөний нүдээр харж, амьдрах аргаа болгож ирснийг хүмүүс мэднэ. Амьдралаа сайжруулсан бол одоо хөлбөмбөгөө сайжруулаач ээ” хэмээн бичсэнийг иш татахгүй байж чадсангүй. Өмнөх захидалд бичсэнчлэн цар тахал, хөл хорионы улмаас цугларч бэлтгэл хийхэд хүндрэлтэй байсан шигшээ багийнхан хоёрдугаар сарын 26-нд хилийн дээс алхаж, Турк улсад бэлтгэл хийж, Тажикистан, Япон улсад тоглож, эх орондоо Төв аймгийн бэлтгэлийн баазад тусгаарлагдсаны эцэст 43 хоногийн дараа гэртээ харилаа. Монголын хөлбөмбөг мэргэжлийн хэмжээнд хүртэл хөгжөөгүй тул гадагш явахын өмнөх өдөр ажлаасаа чөлөө авсан тамирчин цөөнгүй. Шигшээ багийн дэд ахлагч Х.Цэнд-Аюушийн ойр дотны хүний биеийн байдал маш хүнд, залуу тоглогч Г.Гантогтохын нялх хүүхэд хагалгаанд орох шаардлагатай байсан ч эх орныхоо дуудлагад татгалзаагүйг нь хүндэлмээр. Дэлхий нийтээрээ цар тахалд нэрвэгдсэн хүнд цаг үед энэ мэтчилэн асар их эрсдэл гаргаж, гэр бүл, хайртай хүмүүсээ олон хоногоор орхиж явсан нийт баг хамт олноор бахархахгүй байхын аргагүй. Гэтэл Ерөнхий нарийн бичгийн дарга тамирчдаас ганц сарын урамшуулал харамлаж, урвагчаар нь дуудсаныг юу гэж ойлгох билээ? Монголын хөлбөмбөгчид МХБХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нарынх шиг өндөр цалин нэхээгүй.
Цар тахлын үед дэлхийн эдийн засаг хямарч, өндөр цалинтай хүмүүс цалингаасаа татгалзаж байхад МХБХ-ны Ерөнхийлөгч танаас ийм эр зориг, Монголын хөлбөмбөгөө гэх сэтгэл гарсан уу? Монголд Улс бараг сүүлчийн хагас жилийн хугацаанд хөл хорионы байдалтай байна. МХБХ-ны Ерөнхийлөгч та адаглаад энэхүү хугацааны цалингаасаа татгалзаж, хоншоортой зан гаргасан бол Монголын шигшээ багийн тамирчдын цалингийн асуудал бүрэн шийдэгдэх байлаа. Өөрийнхөө амьдралыг сайжруулсан бол одоо хөлбөмбөгөө сайжруулаач ээ.
МХБХ-ны Ерөнхийлөгч таны хүсэлтийн дагуу МХБХ-ны хэлтсийн дарга нар уржигдар 2021 оны нэгдүгээр улирлын тайлангаа цахим хэлбэрээр тавилаа. Гэхдээ МХБХ-ны Ерөнхийлөгч та яагаад олон түмний хүсэлтийн дагуу өөрийн цалингийн тайлангаа тавьсангүй вэ? “Би цалин авахгүй” хэмээн хэлж, ярьж, амалж, имиж бүрдүүлж сонгогдсоныхоо дараа чимээгүйхэн олон сая төгрөгийн цалин авч байгаагаа тайлбарлах хэцүү байх. Гэхдээ бүх зүйл ил тод, нээлттэй байх ёстой. Та “Монголын хөлбөмбөг нээлттэй, ил тод болсон” хэмээн ярих дуртай ч таны цалингийн тухай мэдээлэл үлгэр домог мэт үнэн худал нь мэдэгдэхгүй, тайландаа ч орохгүй байхад “Монголын хөлбөмбөг нээлттэй” гэж хэлэх хэцүү юм даа.
Цахим хэлбэрээр хүрсэн тайланг фэйсбүүкт 1500 гаруй удаа хуваалцсан байна (Share). Гэхдээ тайланг цааш түгээсэн хаягны дийлэнх нь хуурамч буюу “тролл” гэдэг нь тодорхой байлаа. Хэн гэдэг мөнгөтэй хүн хэн нь үл мэдэгдэх олон арван хаяг хөлсөлж, МХБХ-ны тайланг хөлбөмбөгт огт хамаагүй олон янзын бүлгэм рүү түгээж, сэтгэгдэл хэсэгт магтаж бичүүлснийг би мэдэхгүй. Гэхдээ тэр бүх “тролл”-оос “Бусад спортын холбоо ч ийм байдаг болоосой” гэх мессеж үнэртэж байлаа. “Тролл” хөлсөлсөн хүнд би нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь. Хөлбөмбөг бол 200 гаруй оронд хөгжсөн, дэлхийн хүн амын бараг тал нь сонирхдог, 250 сая орчим хүн хичээллэдэг хаан спорт. Асар их ашиг орлого олдог тул олон улс, тивийн холбооноос гишүүн холбооддоо жил бүр олон сая долларын санхүүжилт олгож, төслөөр цэнгэлдэх хүрээлэн, ордон, талбай, оффис, бэлтгэлийн төв хүртэл барьж өгдөг юм. Харин бусад ихэнх спортын олон улс, тивийн холбоо ийм их мөнгөгүй тул гишүүн холбооддоо олигтой санхүүжилт өгдөггүй. Өөрөөр хэлбэл Монголын спортын бусад холбооны Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч шиг өндөр цалин авах боломжгүй. Харин ч Монголын спортын бусад холбооны Ерөнхийлөгч хувийн бизнесээсээ олсон хэдээ хайртай спортдоо зориулж, Холбооныхоо үндсэн хэдэн ажилтнаа цалинжуулж, байрын түрээс төлж, гадагшаа тэмцээн оролцох дасгалжуулагч, тамирчдынхаа замын зардлыг бүрдүүлэхэд тусалдаг юм. Өөрөөр хэлбэл тэд спортоосоо ашиг хонжоо хайдаггүй. Тиймээс дараагийн удаа “Бусад спортын холбоо ч ийм байдаг болоосой” хэмээн сэвэхийнхээ өмнө “МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар бусад холбооны Ерөнхийлөгч шиг болоосой” хэмээн нэг бодоод үзээрэй.
Миний бие Монголын хөлбөмбөгийн нийтлэг эрх ашгийн үүднээс МХБХ-ны Ерөнхийлөгч танаас Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлүүлэх саналаа Зөвлөлийн хуралд яаралтай оруулж, Зөвлөлийн гишүүдэд нөлөөлөлгүйгээр шийдвэрлүүлэхийг дахин шаардаж байна. Зөвхөн таны цалингийн сэдвийн хүрээнд бичихэд ийм. Хэрвээ таныг уур амьсгалыг мэдрэхгүй, Монголын хөлбөмбөгийн нийтлэг эрх ашгийн төлөө хөдлөхгүй байвал цааш үргэлжлүүлж бичихээс өөр сонголт үгүй. Тэр үед #GANBAATAR_OUT байтугай зүйл болох вий хэмээн санаа зовнисон хэвээр. Та ичихгүй бол би ичихгүй.
Хүндэтгэсэн: Д.Нанжид
Сэтгэгдэл (2)