ХӨСҮТ-ийг суллан, ариутгал халдваргүйжүүлэлт хийхийн тулд өвчтөнүүдийг Яармагийн болон Цэргийн төв эмнэлэг рүү хуваан шилжүүлсэн. Харин Цэргийн төв эмнэлэгт нөхцөл байдал ихээхэн хүнд байгаа аж.
Нийгмийг хамарсан халдварт өвчин дэгдсэн тохиолдолд эмнэлэгт авч хэрэгжүүлэх тусгайлсан журам байдаг аж. Тухайлбал, эмч, сувилагч, асрагч, тархвар судлаач, ариутгагч гэсэн таван тусдаа мэргэжлийнхэн өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажиллах үүрэгтэй аж. Гэтэл Цэргийн төв эмнэлэгт эмч, ажилтнуудынх нь ачаалал их, хүч хүн ихээхэн дутмагаас бүгд тааралдсан бүхнээ хийж байгааг дотор нь ажиллаж байгаа эх сурвалж хэлж байна. Тус тусын чиг үүрэгтэй атал өнөөдөр сувилагч нь тариагаа хийчихээд тасгуудад хоолоо зөөдөг, асрагч нь өрөөнүүдээ цэвэрчихээд давхар лифтчин, угаалгын ажилтан хийдэг, бүр нярав, даргын жолооч гээд мэргэжлийн бус олон хүнийг хүртэл бүгдийг дайчилсан байна. Тэд нь мэргэжлийн бус хүмүүс учраас халдвар хамгааллын наад захын дэглэм сахихгүйн дээр ийм боломж ч хомс гэлээ.
Нөхцөл байдлаа төлөвлөж, урьдчилан бэлтгэлээ хангаж байж өвчтөнүүдээ хүлээн авсан баймаар. Дээр нь хагас цэргийн зохион байгуулалттай тус эмнэлэгт дэг журмыг нарийн мөрддөг гэж ойлгодог. Гэтэл ачаалал нь хэрээсээ хэтэрч, энд ч мөн эмч халдвар авсан. Ийм эрсдэл дунд буй эмч, ажилтнууд, өвчтөнүүд дотоодоосоо халдвар авч, Баянзүрхийн эмнэлгийн дараах халдварын хоёрдахь том голомт нь Цэргийн төв эмнэлэг болохвий гэсэн айдас, болгоомжлол хэн бүхэнд төрөөд эхэлчихжээ. Тиймээс ЭМЯ-наас шуурхай арга хэмжээ авч, өмнөх алдаагаа давтахгүйн тулд хүн хүчийг нь нэмж хуваарилан, ачааллыг нь бууруулах арга хэмжээ авч, хяналтыг гартаа аваасай билээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (28)