Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс УИХ-ын 2020 оны сонгуулийн үйл явц болон нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг хийжээ. Энэ талаар “Глоб интернешнл” төвийн хөтөлбөрийн менежер Б.Ононгоос зарим зүйлийг тодрууллаа.
-Мониторингийн ажлын ажлын эхний дүн гарсан байна. Судалгааны ажлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-2004 оноос хойш УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиар хэвлэл мэдээллийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, хуулиа биелүүлж байгаа эсэх дээр хяналт шалгалт тавьдаг болсон. Энэ жилийн хувьд хуулийн хэрэгжилт болоод хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийн сайжруулах зорилгоор мониторинг хийж байна. Мониторинг энэ сарын 2-ноос 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хийх бөгөөд нэгдүгээр үе шатны дүн гарсан. Судалгаанд МҮОНРТ, NTV, UBS, MN-25, TV9 зэрэг телевиз хамрагдсан. УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд орсон өөрчлөлт гэвэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл бэлтгэж түгээх үүрэгтэй гэсэн заалт оруулсан нь онцлог. Сонгуулийн үед тухайн хэвлэл мэдээллийн цацаж байгаа мэдээлэл нь ямар утга агуулгатай явж байна гэдгийг мөн голчлон харсан. Тухайлбал, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл хэдэн хувийг эзэлж байна. Хоёрдугаарт, далд сурталчилгааны шинжтэй мэдээлэл явж байна уу. Гуравдугаарт, хууль ёсны зөвшөөрөлтэй мэдээллийн хязгаарлалтынхаа цагийг баримталж байна уу гэдэгт хяналт тавьж ажиллаж байна.
-Далд хэлбэрийн сурталчилгаа энэ жилийн хувьд буурсан үзүүлэлттэй байж чадаж байна уу. Уг нь нэгдсэн зохицуулалт, бодлого гаргаж ажиллаж байгаа шүү дээ?
-Телевиз өдөрт 60 минут төлбөртэй сурталчилгаа явуулах эрхтэй. Ингэхдээ нэг нам, эвсэл, нэр дэвшигчид 15 минут л оноох юм. Өөрөөр хэлбэл, нэг намд 16 минутын төлбөртэй сурталчилгаа явуулж болохгүй гэсэн үг. Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ хязгаарлалтыг барихыг хичээдэг. Гэвч төлбөртэй сурталчилгаа гэж танигдахааргүй мөртлөө далд хэлбэрийн сурталчилгаа явдаг. Энэ нь телевизийн цаг үеийн мэдээ зэргээр явдаг. Уг нь сүлжээний ямар нэг хөтөлбөрөөр нэр дэвшигч, сонгуультай холбоотой мэдээлэл хүргэхийг хуулиар хориглодог ч аль нэг нам, нэр дэвшигчид илүү боломж олгож байгаа нь хэвээр байна.
-Сонгогчдын боловсролд зориулсан мэдээ мэдээлэл хэр байна вэ?
-Энэ жилийн хувьд телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан мэдээ мэдээлэл бэлтгэхийг их зорьж ажиллаж байгаа нь анзаарагдаж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад уг талын мэдээлэл, судалгааны ажил их хийж байна. Аливаа нэр дэвшигч, нам, эвслийн тэгш оролцоо, тэнцвэртэй байдлыг хангаж, мэтгэлцээний хэлбэрээр зохион байгуулбал төлбөртэй сурталчилгаа гэж үзэхгүй гэж заасан. Энэ заалтыг ашиглаж мэтгэлцээн их явуулж байна. Энд нэг сөрөг хандлага нь сонгуулийн халз мэтгэлцээн нь өөрөө тусдаа зарчим, дүрэмтэй. Гэтэл телевизүүдийн нэг дутагдал нь оролцогчдын тэгш байдлыг хангаж чадахгүй хэлэлцүүлэг маягаар хийж байгаа байдал ажиглагдаж байна.
-Арилжааны дөрвөн телевизийг яаж сонгосон бэ?
-Зах зээлд удаан хугацаагаар оршин тогтносон, үзэгчдийн рейтинг өндөр, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй, агаарын долгион ашигладаг зэрэг шалтгаанаар сонгосон. Үзэгчдийн рейтингээрээ өөр телевизүүд бий ч интертайнмент чиглэлийнх учраас жагсаалт доошилдог юм.
-Сонгуулийн үеэр цахим сүлжээгээр мэдээлэл тараах нь элбэг. Энд хяналт тавих боломжтой юу?
-Энэ асуудлаар манай байгууллага өмнө нь сонин дээр хийдэг байсан. Цахим сүлжээнд өөр байгууллагууд хяналт тавьж байгаа.
-Телевизүүдийн тэгш байдлыг хангах байдал нь ямар байна вэ?
-Тэнцвэртэй байдлыг тэнцвэртэй цаг хуваарилалт хоёрдугаарт, мэдээллийн өнгө аясыг хардаг. Цаг хуваарилж байна гэдэг боловч тухайн нам, эсвэл, нэр дэвшигчийн талаар сөрөг мэдээлэл цацагдсаар байвал тэнцвэртэй биш болчихдог. Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн дүгнэлтээ оруулах нь мөн тэнцвэртэй байдлын нөлөөлөл болдог. Ихэнх тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэр дэвшигч, намуудын бэлтгэсэн мэдээллийг цацдаг нь сонгогчдод хүрдэг. Энэ нь сонгуультай холбоотой мэдээллийн дийлэнх хувийг эзэлдэг нь сул тал гэж хэлж болно. Эндээс сонгогчид төөрөлдөөд хэрэгтэй мэдээлэл олж авахад төвөгтэй нөхцөл байдал үүсдэг юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)