ХЭҮК-ын Хүний эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол өнөөдөр боллоо.
Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллаж байна.
Сонголд эхний хүнээр нэр дэвшигч Ж.Хунан оролцож, ажлын хэсгийн сонирхсон асуултад хариулт өглөө. Асуулт хариултаас товчлон хүргэж байна.
Ажиглагч: Хууль зүйн хүртээмжийн талаас нь авч үзвэл, хууль зүйн үйлчилгээг олон хүнд хүргэх, хэрэг маргааныг хянан хэлэлцэх байгаа шүүх засаглал, төрийн эрхийг хамгаалж байгаа асуудалд ямар алдаа дутагдал байна вэ?. Мөн таны үг, үйлдэл хоёр зөрж байсан тохиолдол бий юү. Яг ямар үед ийм зүйл гарч байсан бэ. Мөн өөрийн дагадаг зарчим, үнэт зүйлээсээ татгалзаж, нүдээ аньж өнгөрч байсан тохиолдол байдаг уу?
Ж.Хунан: Хууль зүйн хүртээмжийн асуудал шүүх, хуулийн байгууллагын аль алинд нь яригддаг. Хүний эрхийг сэргээж, хамгаалдаг бүхий л байгууллагад энэ асуудал яригдах ёстой. Хамгийн чухал нь шүүх засаглал. Шүүх хүртээмжтэй байх, төлбөрийн чадвартай, чадваргүй байхаас үл хамаарч иргэний эрхийг хамгаалдаг байх ёстой. Яг энэ асуудлаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн хүрээнд хууль зүйн туслалцаа авах төвүүдэд төвлөрч ажилласан. Гэхдээ үүгээр хязгаарлагдах ёсгүй. Хууль зүйн туслалцааг анхан болон ахисан шатных гэж байх ёстой.
Монгол Улсын хувьд хууль туслалцаа үзүүлдэг тогтолцоо, хүртээмж харьцангуй сайжирсан. Учир нь технологийн дэвшлийг ашиглаж, хууль зүйн туслалцаа авах боломж нээгдэж байна. Ялангуяа цахимаар шүүхэд хандах боломжтой боллоо. Энэ утгаараа ахиц дэвшил гарсан.
Хоёрдугаар асуултын хувьд зарим төлөвлөсөн ажил бусад хамтрагчийн хүчин зүйлээс хамаарч хэлсэн, ярьсан ажил хойшлогдох асуудал гардаг. Тухайн цаг үед хийх боломжгүй болсон ч дараа нь гүйцээж хийхийг эрмэлздэг. Энэ утгаараа миний үг, үйлдэл хоёр зөрөх нь ховор. Би ийм байдлыг ч хүлээн зөвшөөрдөггүй. Хийнэ гэсэн бол хийх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.
Гуравдугаар асуултын хувьд: Миний хувьд үнэт зүйл бол шударга ёс, хүний эрх. Хүн хүнээ хүндэлдэг, эрхэм чанарыг үнэлдэг байх ёстой. Би энэ үнэт зүйлээсээ татгалзаж байсан түүх байхгүй. Харин би бусдад түгээхийг хүссэн зүйлийг минь сонсохгүй, анхаарахгүй байвал чимээгүйхэн шиг ч гэсэн сурталчилж, түгээхийг хичээж ирсэн. Цаашид ч гэсэн энэ алхмаасаа ухрахгүй.
Ажлын хэсгийн гишүүн Б.Санжмятав: Та томоохон хуулийн төслийн зохицуулагч, удирдагчаар ажилласан юм байна. Төслөө дуусгасны дараа ийм ийм зүйл хийх ёстой гэж бодож санасан зүйл бий юү. Хэрвээ ХЭҮК-ын гишүүн болбол ямар асуудлыг нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна вэ?.
Ж.Хунан: Цаг хугацаа бол маш чухал зүйл. Төслийн хугацаанд төлөвлөсөн ажил багтахгүй байх тохиолдол гардаг. Миний хувьд аливаа зүйлийг төгс хийхийг хичээдэг. Энэ ч утгаараа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн хоёр төслөөс ч, Хуульчдын холбоонд ажиллаж байхдаа ч эхлүүлээд дуусгаж амжаагүй ажил байдаг. Хэрвээ би ХҮЭК-ийн гишүүн болбол эдгээр ажлыг үргэлжлүүлэх хүсэл байдаг. Яагаад гэвэл, тэр бүгдээрээ хүний эрхтэй холбоотой асуудал. Жишээлбэл, Хүний эрхийг хангах хөтөлбөр төсөл дууссанаас хойш 2013 оноос хойш “үхмэл” байдалтай байна. Учир нь энэ хөтөлбөр бол маш сайн хөтөлбөр.
Б.Чимэд багш энэ хөтөлбөрийг боловсруулж хийсэн.
Зарим зорилт нь биелэсэн, зарим нь дутуу байна. Хууль зүйн зөвлөгөө, туслалцааг үнэ төлбөргүй өгөх тогтолцоог сайжруулах боломж, шаардлага бий. Яагаад гэвэл, бидний байгуулсан хууль зүйн төвүүд нь зөвхөн гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч нарт хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлдэг. Уг нь бидний анх зорилт бол төлбөрийн чадваргүй иргэн, хохирогч, сэжигтэн, гэрч, яллагдагч гээд бүгдэд нь, цаашлаад иргэний болон захиргааны хэрэг дээр хууль туслалцаа үзүүлэх зохицуулалттай байсан. Үүнийг сайжруулж, хамрах хүрээг өргөтгөх шаардлага бий.
Хэрвээ сонгогдох юм бол, Хүний эрхийн үндэсний хөтөлбөр буюу хүний эрхийн бодлогын баримт бичгийг цогцоор нь төгөлдөржүүлж, хэрэгжүүлэх шатлал, алсын хараатай болгоход анхаарна. Дээр нь Гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн хэрэгжилт доголтой байна. Үүнийг зөв голдиролд нь оруулах шаардлага бий. Түүнчлэн эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмолжуулж, хүлээн зөвшөөрч болохгүй гэдгийг хуулийн байгууллагад хөндөж тавьдаг чиглэлд ажиллана.
Эдгээрээс гадна хүний эрхийн тогтолцоо зогсонги байдалтай байна гэж би дүгнэдэг. Учир нь яам, Тамгын газрын ажилтнуудад хүний эрхийн чиглэлийн сургалт заадаг байсан. Гэтэл энэ систем зогссон. Үүнээс болж иргэдтэй тулж харьцахдаа ёс зүйн болон харилцааны алдаа гаргах болсон.
Ажлын хэсгийн гишүүн О.Мөнхсайхан: 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Засгийн газраас цар тахлын талаарх худал, ташаа мэдээллийг цахим сүлжээ болон хэвлэл мэдээллээр санаатай болон санаандгүй түгээсэн. Өвчний голомтоос ирэхдээ аялалын түүхээ худал өгүүлсэн, оношлогоонд орохоос татгалзсан, мэдээлэл өгөхөөс татгалзсан, төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй иргэн, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, буруутай этгээдийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах арга хэмжээ авахыг даалгасан. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний болон Олон улсын факт, бусад эх сурвалжийн ямар эх сурвалжийг хөндөж байна вэ. Хоёрдугаарт, энэ арга хэмжээнд тэр эрхийг зөрчсөн үү, үгүй юү. Зөрчсөн бол яагаад?
Ж.Хунан: Энд үзэл бодлоо илэрхийлэх, хувь хүний эрхийн асуудал яригдана. Дээр нь хувь хүний нэр төрийн асуудал хөндөгдөнө. Гэхдээ энд олон нийтийн эрүүл мэнд, амь настай холбоотой худал мэдээллийг тараах нь бүх нийтийн аюулгүй байдалд хүргэх эрсдэлтэй. Иргэнд эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцох нь зөвхөн хуулиар зохицуулагдана. Хуульд заасан заалтаар шалгагдах ёстой. хэрвээ тогтоогдох юм бол зохих хэмжээний хариуцлага хүлээх ёстой. Хулийн дагуу ял шийтгэсэн байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр, устай нь зарлах нь буруу зүйл.
Ажлын хэсгийн гишүүн Б.Ганбаатар: Монгол Улсад эрүү шүүлт бий гэж та бодож байна. Байгаа бол яаж таслан зогсоох вэ?.
Ж.Хунан: Аль ч тогтолцоонд эрүү шүүлт байдаг учраас энэ чиглэлээр тодорхой механизм ажиллуулдаг, ажиллуулахыг шаарддаг, урьдчилан сэргийлэхийг зорьдог. Монгол Улсад эрүү шүүлт байдаг гэдгийг өөрийн биеэр бодитоор хараагүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан бичлэгээс үзвэл, эрүү шүүлт яах аргагүй мөн байсан. Тиймээс ийм үйлдэл давтагдахгүй байхад анхаарч ажиллах ёстой. ХЭҮК нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй болж болж байгаа. Энэ гишүүн маш сайн ажиллах байх гэж найдаж байна. Хамтран ажиллахад бэлэн. Өөрийн мэдэх, чаддаг бүхнээрээ дэмжиж ажиллах болно.
Ийм хариу хариулт өглөө. Ингээд түүний боловсрол, мэргэжлийг танилцуулъя.
Мэргэжил, боловсрол:
- 1999-2006 Унгар улсын Еөтвөш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургууль – төр, эрх зүйн ухааны бакалавр, магистр
- 1987-1997 Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль - Бүрэн дунд
Ажлын туршлага:
- ХЗДХЯ, мэргэжилтэн
- НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төсөл, “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч
- НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах” төсөл зохицуулагч
- Нээлттэй нийгэм форум, Эрх зүйн чадавхийг дээшлүүлэх нь төслийн Зөвлөх
- “Партнерс форевер” хуульч
- Монголын Хуульчдын холбоо, Ерөнхийлөгч
Сэтгэгдэл (2)