УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ Үндэсний баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хөндлөө. Энэ тухай Шадар сайд Ө.Энхтүвшин "Үндэсний баяр наадмыг тэмдэглэх хэрэггүй гэж зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Гэтэл хөдөө орон нутгаас олон санал ирсэн. Энэ нь сонгууль хийсэн атлаа ард түмний баярыг цуцлах гэж байна уу гэж.
Монгол Улс улсын баяр наадмыг цуцалж байсан түүхгүй. Халхголд дайн өрнөж байхад баяраа тэмдэглэж байсан. Хамгийн гол нь дотооддоо халдвар алдаагүй юм чинь баяраа тэмдэглэж болно. Гэхдээ технологийн дэвшлийг ашиглаж, цомхон байдлаар тэмдэглэх нь зүйтэй" гэдгийг онцоллоо.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их баяр наадам долдугаар сарын 11, 12-нд нийслэлд болон бүх аймагт нэгэн зэрэг зохион байгуулах шийдвэрийг УОК-оос гаргасан. Ингэхдээ Үндэсний Их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос энэ жилийн баяр наадмаа улс даяар адилхан цаг хугацаанд зохион байгуулж, улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулахаар шийдвэрлэжээ.
Аймгийн баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах салбар хорооны жаяг дэгийн багт ажиллах гарын даа нартай хийх цахим сургалт энэ сарын 15-нд болох юм.
Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харвааг онлайнаар үзүүлснээр коронавирусний халдварын энэ хүнд үед медиа контентууд нь түүх болж үлдэх боломж бүрдэх юм байна. Баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гаргахгүй бөгөөд онлайн хэлбэрээр радио, телевизийн сувгаар баяр наадмаа үзнэ.
Энэ жилийн үндэсний Их баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар Үндэсний баяр наадмыг Зохион байгуулах хороо ирэх 7 хоногт хуралдаж албан ёсоор зарлах юм байна. Бөхийн барилдааныг цахимаар наадамчин олон түмэндээ хүргэх болсонтой холбогдуулж Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, орон нутгийн үндэсний бөхийн холбоодод зөвлөмж хүргүүлжээ.